Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Хүмүүс бидний буруутай үйл ажиллагаанаас болж цэнхэр гараг маань өөрчлөгдөж эхэлсэн. Тодруулбал, цөлжилт, үер усны аюул, хэт халалт сүүлийн жилүүдэд ихээр явагдах боллоо. Тиймээс дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өөрсдийн хийж чадах бүхнээ хийх болсон. Тухайлбал, Япон улс нийт хог хаягдлынхаа 90 хувийг дахин боловсруулж байна. Хятад улс ганц аяга хоол буюу өөрийнхөө идэх хэмжээгээр хоол захиалж, үлдэгдэлгүй хооллолтын арга хэмжээ авах болсон. Швед улс дахин боловсруулах боломжтой бүх хогоо боловсруулж дуусаад өөр бусад улсаас хог импортлон боловсруулахаар ярих болсон. Тэгвэл манай улс хогийг ангилах ачих тал дээр ямар бодлого баримталж байна вэ гэдэг асуултыг уншигч танд үлдээе.
“Зууны мэдээ” сонин баасан гараг бүр “Zero waste” буландаа хог ангилдаг, боловсруулдаг сайн жишгүүдийг түүвэрлэн хүргэдэг билээ. Тэгвэл энэ удаа хогоо ангилдаг хотхоноос бэлдсэн сурвалжлагаа хүргэж байна.
Өдөр 14:00 цагийн орчимд Таваншард байрлалтай Залуус хороололд очлоо. Ус, ундаа, шил зэргийг хаях өөр өөр хэлбэртэй хогийн савнуудыг орц бүрийн үүдэнд байршуулжээ. Хүрээлэн буй орчныг бохирдуулагч олон хүчин зүйл байдгийн нэг нь хог хаягдал. Эргэн тойрондоо хоггүй, бохирдолгүй эрүүл орчин бүрдүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал байдгийг Залуус хорооллоос харж болохоор байлаа. Залуус хороолол хогоо ангилж хэвшээд хоёр жил гаруй болжээ. Энэ тухай Сууц өмчлөгчдийн холбооны дарга Ц.Мөнхнэмэх “Манай залуус хороолол 2021 оны нэгдүгээр сараас хогоо ангилан ялгаж эхэлсэн. Хуванцар сав ангилах боловсронгуй савны загварыг анх санаачлан хэрэгжүүлж байсан. Ингэснээр лааз, шил, гялгар уут зэргийг ангилан хаяж эхэлснээр хогны ачилт багассан. Тодруулбал, хуванцар ангилахаас өмнө хогийг өдөрт хоёр удаа ачдаг байсан бол одоо өдөрт нэг удаа ачдаг болсон. Мөн дахивар хогоо тушааснаар ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдсэн. Үйлчлэгчиддээ эм тариа, зурагт, хичээлийн хэрэгсэл бэлдэх, бэлэн мөнгөний урамшуулал олгодог болсон” гэв. Харин иргэдийн хувьд хогоо ангилж хаядаг болсноор гэртээ уг хэвшлийг бий болгожээ. Тиймээс сайн жишгийг орон сууцандаа хэрэгжүүлж буй байрны оршин суугчдын сэтгэгдлийг сонирхлоо.
-н.Нарандэлгэр “Өмнө нь ил задгай хаясан хогийн үйлчлэгч нар л цэвэрлэдэг байсан. Харин манай байр ангилж, ялгаж хаядаг хогийн савтай болсноор хэд хэдэн дэвшил гарсан. Иргэд хогны соёлтой болж, хог бөөгнөрөх, муухай үнэр гарах гэх мэт бухимдал төрүүлэх зүйлс байхгүй болсон. Манай гэр бүлийн хувьд гэртээ хогоо ангилж байгаад хогийн савандаа хийдэг болсон учир хүүхдүүд маань ч сурсан мэдсэнээ хэрэгжүүлээд зогсохгүй, дадал болгож байгаад баяртай байгаа” гэв. Харин 12 настай оршин суугч “Ер нь ялгаж хаядаг болсноос хойш орц цэвэрхэн байх болсон. Гэхдээ заримдаа хог нь дүүрчихсэн үед яаж хаяхаа мэддэггүй. Байрандаа ялган хаядаг хогийн савтай болчихсон болохоор гэртээ бас ангилдаг болсон” гэлээ.
Хогийг булах, шатаах гэсэн хоёр л аргаар устгадаг. Шатааснаар агаарт хорт хий ялгарч, булснаар газарт хөрсний бохирдол үүсгэнэ. Энэ нь агаар, хөрсний бохирдол үүсгэх бөгөөд уг шалтгаанаас болж гэдэсний халдварт өвчин, сүрьеэ, боом, татран зэрэг өвчний эх үүсвэрийг бий болгодог. Харин ангилан тушааж, дахин боловсруулснаар бидний хаядаг хог бүтээгдэхүүн болон дахин гарах боломжтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 173 (7158)