Н.ЖАРГАЛМАА

 

Гадаад харилцааны яаманд Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн Пап лам Францис айлчлалын түүхэн үйл явдалд зориулан дурсгалын маркийг танилцуулж, дугтуйн нээлтийн үйл ажиллагаанд төрийн өндөр албан тушаалтнууд хийгээд, Монгол Улс дахь дипломат корпусын тэргүүнүүд оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар үйл ажиллагааг нээн үг хэлэв. Дараа нь Гэгээн ширээт улсын Эванжилийн номлолын тэргүүн кардинал Луис Антонио Таглэ пап ламын энэ түүхэн айлчлалд зориулсан шинэ шуудангийн марк үйлдвэрлэсэнд сэтгэл өндөр байгаагаа илэрхийллээ. Үйл ажиллагаагааны хоёрдугаар хэсэгт Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Учрал, Улаанбаатар дахь Ватиканын төлөөлөгчийн газрын тэргүүн кардинал Жиоржио Маренго нар анхны дугтуйг нээн гарын үсэг зурлаа.

Манай улс Ватиканы вант улстай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. Гэсэн хэдий ч манай хоёр улс эртнээс дипломат харилцаатай байсан нь түүхэн баримт бичгүүдээр нотлогддог. Монголын хаад ноёд Ромын пап ламтай харилцаж байсан захидал бичгүүд өдгөө Ватикан улсын нууц архивт хадгалагдаж байдаг байна.Тэдгээрийн дотроос Ил хаант улсын хаадын захидал бичгүүд онцгой байр суурь эзэлдэг ажээ.

•1245 онд Ромын Пап IV Инноцентээс Гүюг хаанд ирүүлсэн захидал

•1263 онд Ромын Пап IV Урбанаас Ил хан Хүлэгүд ирүүлсэн захидал

•1268 онд  Ил хан Абагаас IV Клеменцэд илгээсэн захидал

•1278 онд Ромын пап III Николасаас Ил хан Абагад ирүүлсэн захидал

•1279 онд Ил хан Абагаас Ромын католик шашны элчид олгосон аян замын баталгаа үнэмлэх бичиг

•1288, 1289 онд Ромын пап IV Николасаас Ил хан Аргунд ирүүлсэн 2 захидал

•1290 онд Ил хан Аргунаас Ромын пап IV Николаст илгээсэн захидал хадгалаж байгаа ажээ.  

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар 2023 оны есдүгээр сарын 1- 4-ны өдрүүдэд хийх Пап лам Францисын айлчлал нь хоёр улсын харилцаанд шинэ хуудас нээсэн түүхэн онцгой үйл явдал юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин  

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 173 (7158)