Н.Жаргалмаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис наймдугаар сарын 31-ний өдрөөс есдүгээр сарын 04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийх гэж байгаа билээ.
Уг арга хэмжээг угтан ГХЯ-нд “Пап Францисын Монгол Улс дахь айлчлал” сэдэвт шуудангийн маркийг худалдаанд гаргах ёслол боллоо. Энэхүү ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Кардинал Луис Антонио Тагле болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уг арга хэмжээг нээн хэлсэн үгэндээ Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын харилцаа, хамтын ажиллагаа соёл, боловсрол, эрүүл мэндийн салбарт өргөжин хөгжиж байгааг тэмдэглэлээ.
Мөн түнш орнуудтай дипломат харилцаа тогтоосны тэгш ой, томоохон айлчлалыг тохиолдуулан тусгай марк гаргаж ирсэн “Монгол шуудан” компани, уран бүтээлчдэд талархал илэрхийлсэн юм. Гэгээн ширээт улсын Эванжилийн номлолын тэргүүн кардинал Луис Антонио Таглэ пап ламын энэ түүхэн айлчлалд зориулсан шинэ шуудангийн марк үйлдвэрлэж байгаад сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлээд, “Уг арга хэмжээ нь хоёр улсын ард түмэн, хүн хоорондын харилцааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал” гэв.
Мөн энэ үеэр Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Улаанбаатар дахь Ватиканы төлөөлөгчийн газрын тэргүүн кардинал Жиоржио Маренго нар анхны дугтуйг нээн гарын үсэг зурлаа. “Пап Францисын Монгол Улс дахь айлчлал” сэдэвт маркийг 22,500 ширхэг хэвлэсэн байна.
Эх сурвалж: www.zms.mn