П.АМГАЛАН
Дорнод аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Д.Батхуяг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэж шийдвэрлүүлэх, эрхийг нь бодит болгохын тулд таван хүний бүрэлдэхүүнтэй "Тэргэнцэртэй марафон" аялал хийлээ. Аялалын багынхан энэ сарын 10-нд Дорнод аймгаас гарсан бөгөөд 20 хоногийн хугацаанд 670 км замыг тэргэнцэртэй туулан Улаанбаатар хотод өчигдөр ирсэн юм. Тэднийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Нямсүрэн болон тус газрын мэргэжилтнүүд угтан авч, санал сэтгэгдлийг нь сонслоо.
100 мянга гаруй тусгай хэрэгцээт хүмүүсийн эрх ашгийн төлөө бид нэгдсэн
Энэ үеэр Дорнод аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэргүүн Д.Батхуягийн сэтгэгдлийг хуваалцлаа. Тэрбээр “Тэргэнцэртэй иргэддээ урам зориг өгч, өөрийгөө ялан дийлэхэд нь хүч болохын тулд энэ аялалд гарч 600 гаруй км замыг тууллаа. “Бид чадна” гэсэн итгэл найдвартай, хичээл зүтгэлтэй байвал болдог юм байна гэдгийг манай багийнхан харуулахыг зорьсон юм. Бид таван хүний бүрэлдэхүүнтэй аялалаа эхлүүлсэн. Багийнхан маань хоёр километрээр ээлжилж түрж, бид хугацаанаасаа өмнө зорьсон газраа ирж чадлаа. Замд бие чилээрхэх, цаг агаарын хүндрэл гээд бэрхшээл тулгарсан ч манай багийнхан “Бид чадна” гэж гарсан зорилгоосоо ухраагүй. Учир нь зөвхөн манай аймгийн бус Монгол Улсад амьдарч байгаа 100 мянга гаруй тусгай хэрэгцээт хүмүүсийн эрх ашгийн төлөө нэгдсэн шүү дээ. Тиймээс ЭМЯ, ХНХЯ, Сангийн яам зэрэг холбогдох байгууллагууд бидний тавьсан асуудлыг шийдвэрлэж өгөөсэй гэж хүсэж байна. “Бид чадна” гэсэн зорилгоо биелүүлээд буцмаар байна” гэсэн юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сурч хөгжих, эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээг авах зэрэгт тэгш хүртээмжийг бий болгох нь "Тэргэнцэртэй марафон" аялалын багийн зорилго гэлээ.
"Тэргэнцэртэй марафон" аялалын замд мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд тулгамдаж буй асуудлаа хуваалцжээ. Жишээлбэл, Байнгын асаргаатай хүүхэд болон насанд хүрэгчдийн асран хамгаалагчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөгддөггүй. Тиймээс энэ асуудлыг хөндөж өгөхийг хүссэн байна. Мөн байнгын асаргаатай хөгжлийн бэрхшээлтэй иргэнд сард 20 мянган төгрөг, улиралд 60 мянган төгрөг олгодог. Гэвч өнөөдөр 20 мянган төгрөг нэг өдрийн эмэнд ч хүрэхгүй байна гэдгийг хэлжээ.
“Тэргэнцэртэй марафон" аялалын багийн гишүүдийн нэг болох жолооч Д.Пүрэвдорж “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг бодит болгох, тэтгэвэр халамжийг нэмэгдүүлэх, ялгаварлан гадуурхахгүй байх тогтолцоог нийгэмд бий болгох нь бидний зорилго. Аймаг, сумаас бидний үйл хэргийг дэмжиж ажилласанд баярлаж байна. Аялалд гарахдаа хоёр километрээр түрж, нэг цагт зургаан километр замыг туулж бид зорьсондоо хүрлээ” гэсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 31. ПҮРЭВ ГАРАГ. № 172 (7157)