Н.ЖАРГАЛМАА
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэд аймгийн ИТХ-н дарга Б.Ганзоригийг албан тушаалаа урвуулан ашиглаж, хараат бус бие даасан байдлаар шийдвэр гаргахад нөлөөлж, нутгийн иргэдийн эрх ашигийг зөрчиж байна хэмээн үзэж орон нутгийн иргэдийн зүгээс АТГ-д шалгуулна гэдгээ мэдэгдлээ.
Улаанбадрах сумын Баянбүгд багийн ойролцоох орон нутгийн тусгай хамгаалалт бүхий газар байдаг ба тэрхүү газрыг “Орон нутгийн тусгай хамгаалалтаас нь гаргаж өгнө үү” гэх Эрдэнэс-Баянбүрд ХХК-н хүсэлтийн дагуу сумын ИТХ долдугаар сарын долооны өдөр хуралдаж шийдвэрийг хэвээр үлдээсэн. Үүний дараагаар энэ сарын 24-ны өдрийн давтан хуралдаанаар орон нутгийн тусгай зөвшөөрлийн цуцлах шийдвэр гаргасан. Үүнд аймгийн ИТХ-н дарга Б.Ганзоригийг нөлөөлөл оролцсон гэж үзэж байгаа ажээ. Энэхүү орон нутгийн тусгай хамгаалалт бүхий газар нь байгалийн ховор элемент болох ураны нөөц ихтэй газар юм. Ийнхүү тусгай зөвшөөрлийг цуцласнаар тус суманд үйл ажиллагаа явуулж буй уран баяжуулах компаниудад ашигтай байдал бий болж байна хэмээн хоёрдугаар багийн засаг дарга Д.Гантөмөр мэдэгдэлдээ дурьдлаа. Сумын иргэдийн зүгээс тус нутагт уран баяжуулах үйлдвэрлэл эрхлэх нь маш буруу бөгөөд өргөн уудам нутагтай цөөхөн хүн амтай манай орны хувьд аюулын харанга хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ. Үүнээс гадна сумын ИТХ-н дарга Б.Ганзоригийг өөрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж хувьдаа хөрөнгө завшсан гэх тодорхой баримтуудыг АТГ-т хүргүүлнэ хэмээн хэллээ.
Эх сурвалж: www.zms.mn