Доржийн ОЮУНЧИМЭГ
УХААЛАГ СИСТЕМТЭЙ АВТОБУСНЫ БУУДАЛ
Гэр хороололд нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах төсөл хэрэгжиж буй. Энэ хүрээнд жишиг тохижилт, автобусны цогц шийдлийг харуулахаар зорьж байгаагаа төслийн менежер Б.Нурмухамед хэлсэн юм. Тэрбээр “Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хоёр төсөл хэрэгжиж байгаа. Нэгдүгээрт, Японы ядуурлыг бууруулах сангийн хоёр сая ам.долларын санхүүжилтээр дэд бүтцийг сайжруулах ажил хийж байна. Үүнд зам дагуух орчны тохижилтын ажлыг хийх бөгөөд автобусны буудлуудыг саравчтай болгох ажил хийгдэж байна. Хоёрдугаарт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс хурд сааруулагч, явган хүний гарц барьж байгуулж байна” гэсэн юм. Түүнчлэн энэ ажлын хүрээнд автобусны эцсийн зогсоол дээр жолооч нарын амрах байр, хамгаалалтын хяналтын камерын нэгдсэн систем зэрэг зорчигч, тээвэрлэгчдэд ая тухтай орчныг бүрдүүлэхээр ажиллаж буй.
Мөн энэ төслийн хүрээнд Солонгосын сангийн 500 мянган ам.долларын санхүүжилтээр нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор иргэдээс санал, гомдлыг нь хүлээж авдаг вэбд суурилсан систем хөгжүүлж байгаагаа төслийн менежер Б.Нурмухамед ярьж байлаа. Автобусны ирэх хугацааг тооцоолох систем нь утасны апп ашигладаггүй хүмүүст тун чиг хэрэгтэй гэдгийг Чингэлтэй дүүргийн иргэн Б.Тогмид хэлэв. “Хүүхдүүд утаснаасаа юм хараад одоо гурван буудлын дараа ирнэ гээд хэлээд байдаг юм. Харин тэрийг нь би автобусны буудал дээрээс өөрөө харчихаж байгаа юм шүү дээ” гэж байлаа. Автобусны ирэх хугацааг тооцоолох системийг “Гоогоо-Уул” компанийнхан хийж байгаа аж. “Туршилтаар гурван буудалд мэдээллийн самбар байрлуулсан. Манай мэргэшсэн инженерийн баг энэ төсөл дээр амжилттай ажиллаж байна” хэмээн компанийн төлөөлөл танилцууллаа.
60 СУРАГЧ, 20 БАГШИЙН ЗҮТГЭЛ
Нийслэлийн гэр хорооллыг хүмүүст ая тухтай орчин бүрдүүлэхээс эхлээд сургууь, цэцэрлэгийн орчин хүүхдэд ээлтэй, аюулгүй байх учиртайг хүмүүс анхааруулдаг. Тиймээс Азийн хөгжлийн банк бичил төслийн уралдаан зарлан шалгарсан төслүүдэд санхүүжилт олгосон нь бодит ажил болж буй талаар нийслэлийн 37-р сургуулийн захирал Тунгалаг хэлсэн юм. Нийгмийн бүхий л салбарт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлага бий. Тиймээс Азийн хөгжлийн банкны үндэсний зөвлөх А.Батхишиг тус банкны санхүүжилттэй төслийн хүрээнд гэр хорооллын загвар гудамжтай танилцах, төслөөс гарч буй үр дүн иргэдэд хэрхэн хүрч байгаа талаар тайлбарласан юм. Анх хүмүүст мэдээлэл хүргэн бичил төсөл шалгаруулан санхүүжилт олгохоор “Төсөл бичих” талаар сургалт зохион байгуулжээ. Энэ сургалтад 37-р сургуулийн 60 сурагч, 20 багш хамрагдан гурван төсөл нь уралдаанд шалгарснаар сургуулийн орчныг тохижуулах боломж бүрдсэн байна. Тэнд электрон самбараар цаг үеийн мэдээллийг дамжуулах ажлыг мэдээлэл зүйн багш Г.Нарангарав ахалж төслөө амжилттай хэрэгжүүлсэн аж. Мөн биологийн багш Б.Золжаргал өөрийн мэргэжлийн давуу байдлаа ашиглан цэцгийн мандлыг багийнхантайгаа хийж гүйцэтгэжээ. Түүнчлэн Ц.Амаржаргалын удирдсан баг ногоон байгууламжийн төслөө үргэлжлүүлэн гаднах орчны тохижилтоос гадна камержуулалт хийсэн нь төслийн багийнхны ажил илүү өргөжих үндэслэл болсон тухай сургуулийн захирал З.Тунгалаг хэлж байлаа. Тэрбээр багш, сурагчдынх нь төслийн агуулгыг өндрөөр үнэлэн санхүүжилт олгосон Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Шиннон Коулинд талархаж буйгаа илэрхийлсэн юм.
Гэр хороолол ая тухтай, цэвэр, тухлаг орчинтой байж болох жишгийг Чингэлтэй дүүргийн 17, 18 дугаар хорооныхон үлгэрлэхийг зорьжээ. Хүүхдүүдийн ая тухтай, аюулгүй зорчих орчныг бүрдүүлэхэд иргэдийн оролцоо чухал байдгийг жишиг болгон харуулахын зэрэгцээ жишиг автобусны буудлыг байгуулах нь ч мөн бусдад үлгэрлэл болох сайн жишиг гэдгийг төслийн багийнхан онцолж байлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 30. ЛХАГВА ГАРАГ. № 171 (7156)