ХИС-ийн др. проф. Д.Уламбаяр

Гэгээн Ширээт Улсын (The Holy See) Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж буй нь түүхэн бэлэг дэмбэрэлтэй үйл мөн. Энэ бол Монгол Улсын гадаад харилцаа эрчимтэй өргөжин тэлж буй тод илрэл, ардчилал, шашны эрх чөлөөг цогцлоож буй Монгол Улсын олон улсын нэр хүндийн гайхам амжилт юм.

    Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад айлчлахтай холбогдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга, Тэргүүн хамба Пол Ричард Галлагер 2023 оны зургаадугаар сарын эхээр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, хэлэлцээний үеэр талууд түүх, соёл, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцсан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эрхэм зочин Пол Ричард Галлагерийг хүлээн авч уулзаж, Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад айлчлах болсон нь харилцаа, хамтын ажиллагаанд шинэ хуудас нээж, алтан үсгээр бичигдэх түүхэн үйл явдал гэдэгт талууд санал нэгджээ.

Уулзалтын үеэр дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдал, байгаль орчин, аялал жуулчлал, соёлын салбар, түүний дотор Гэгээн Ширээт Улсын архив, номын санд хадгалагдаж буй Монголын түүхэн баримт, соёлын өвийг хамтран судлах, эрдэм шинжилгээний бүтээл гаргах, тэдгээрийг хойч ирээдүйдээ таниулан өвлүүлэх талаар санал солилцжээ. Түүний айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Гэгээн Ширээт Улсаас Монгол Улсад өндөр түвшинд анх удаа хийсэн айлчлал болов.

Гэгээн Ширээт Улс  нь Андорра, Лихтенштейн, Монако, Сан Марино зэрэг улсуудын нэгэн адил “бичил улс” гэж нэрлэгддэг бөгөөд нийслэлээр нь Ватикан хот улс хэмээн нэрлэх нь буй.

Гэгээн Ширээт Улс нь Палестин улсын хамтаар НҮБ-ын байнгын ажиглагчийн статустай хоёр  улсын нэг юм. Сайхь улс өнөөгийн байдлаар НҮБ-ын гишүүн 193 улсаас 181-тэй нь дипломат харилцаатай бөгөөд харин БНХАУ-тай дипломат харилцаагүй, Хятадын Бүгд Найрамдах Улс буюу Тайваньтай дипломат харилцаатай, мөн БНАСАУ, Бутан, Мальдив зэрэг  оронтой дипломат харилцаагүй юм.

Пап  Гэгээн Ширээт Улсын  төрийн тэргүүнээс гадна шашны тэргүүн. Тиймээс түүнийг  шашин, төрийг хослон баригч хэмээн нэрлэх ажгуу. Түүнчлэн Пап нь католик шашин шүтдэг улс орнуудын шашны тэргүүн байдаг учир үлэмж нөлөөтэй байдаг.

Папаас Итгэмжлэх жуухаа гардан авсан Гэгээн Ширээт Улсаас хилийн чанадад суух Дипломат төлөөлөгчийн газрын  тэргүүнийг 1815 оны Венийн Протокол, 1961 оны Дипломат харилцааны тухай Венийн конвецийн 14 дүгээр зүйлд латин хэлээр Аpostolic nuncio (Апостолын нунц) гэж тусгайлан заасан байдаг. Энэ нь Гэгээн Ширээт Улсаас католик шашинт орнуудад суух Онц бөгөөд Бүрэн эрх барих элчин сайд бөгөөд нөгөө талаар Архиепи́скоп (archbishop) буюу христ шашны өндөр дээд хэргэм зэрэгт дипломат мяндагтан юм. Онц бөгөөд Бүрэн эрх барих элчинг Аpostolic Internuncio хэмээн конвенцид мөн тэмдэглэсэн. Дурдсан конвенцид Гэгээн Ширээт Улсын ЭСЯ-ыг  латин хэлээр Аpostolic Nunciature гэж заажээ.

2023 оны долдугаар сарын 1-ний байдлаар Азийн 28, Европын 32, Африкийн 32, Америк тивийн 22, Номхон далайн гурван орон буюу дэлхийн 117 оронд Апостолын Нунциатур, НҮБ-ын төв Нью-Йорк, Европ дахь салбар Женев, Европын Зөвлөл байрладаг  Страсбургт Папын Байнгын Ажиглагч Төлөөлөгчийн газар ажиллаж байна.

Гэгээн Ширээт Улсын олон улсын эрхзүйн статус  нь Латераны Пактаар зохицуулагддаг. Гэгээн Ширээт Улс, Итали улсын хоорондын харилцааны эрхзүйн статусыг  зохицуулсан гэрээний системийг Латераны Пакт гэдэг. 1870 оны Итали дахь католик сүм хийдийн эрхзүйн статус, эрх ямбыг хуульчлан тогтоосон «Ромын асуудал»-ыг (Roman Question) зохицуулах зорилготой хэлэлцээрийг боловсронгуй болгох тухайд 1929 оны хоёрдугаар сард Апостолийн ордны Латераны танхимд Ромын Пап XI Пийн (Pope Pius XI) нэрийн өмнөөс Кардинал Пьетро Гаспарри, Италийн хаан III Виктор Эммануэлийн нэрийн өмнөөс Ерөнхий сайд Бенито Муссолин нар 27 зүйл бүхий Латераны Пакт, түүний салшгүй хэсэг Санхүүгийн конвенцид гарын үсэг зурж, мөн оны тавдугаар сард Италийн парламентын Доод танхим баталснаар мөн оны зургадугаар сарын 7-нд хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ.   Гэрээний 1 дүгээр зүйлд: Католик шашин бол Италийн төрийн цор ганц шашин болохыг хүлээн зөвшөөрч нотолсон, 2 дугаар зүйлд: Гэгээн Ширээт Улсын бүрэн эрх, түүний дотор олон улсын үйл ажиллагаанд оролцох эрх, 3 дугаар зүйлд: Гэгээн Ширээт Улсын Ватикан хот дахь хил хязгаар, бүрэн эрхээ хэрэгжүүлэх статусыг тус тус олон улсын эрхзүйн дагуу баталгаажуулжээ.  Гэрээний 24 дүгээр зүйлд: «Ватикан хот улс нь байнга төвийг сахисан, халдашгүй дархан нутаг гэж тооцогдоно» гэж заажээ.

Дэлхийн II дайны дараа 1948 оны Италийн шинэ Үндсэн хуулийн 7 дугаар зүйлд: Латераны Пактыг хүлээн зөвшөөрсөн байна.  1984 оны хоёрдугаар сард Бүгд Найрамдах Итали Улс ба Гэгээн Ширээт Улсын хоорондын шинэ хэлэлцээрээр 1929 оны Латераны Пактад нэмэлт өөрчлөлт оруулахдаа Гэгээн Ширээт Улсын төвийг сахисан статусыг үл хөнджээ. Энэ хэлэлцээрийг 1985 оны  гуравдугаар сард Италийн парламентын соёорхон баталснаар хүчин төгөлдөр болжээ.1970-аад оны олон улсын харилцаан дахь намжмал байдлын (dẻtеntе) гол бэлэгдэл болсон Европ дахь аюулгүй байдал, хамтын ажиллагааны Хельсинкийн Төгсгөлийн баримт бичигт 1975 оны наймдугаар сарын 1-нд Финландын Төрийн ордны Финландиа танхимд Европын 33 орон, (Албаниас бусад ) АНУ, Канадын төр, засгийн тэргүүн нар гарын үсэг зурсан байдаг. Тус түүхэн бага хурлыг хурлын дарга, Гэгээн Ширээт Улсын дипломат Апостолын нунц (элчин сайд) Агостино Сардинал Цасароли нээсэн нь ихээхэн бэлэг дэмбэрэлтэй үйл болсон гэж үздэг.

Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын харилцаа олон зуун жилийн түүхтэй бөгөөд бүр VII зуунд католик шашинтууд Монголчуудтай харилцаж байсан тухай түүхийн эх сурвалж мэдээ байдаг. Ромын Папын элч төлөөлөгч Плано Карпини, Хубилай хааны дэргэд 17 жил алба хашсан Марко Поло нарын бичиж үлдээсэн аян замын тэмдэглэл, Илхаан Абага, Аргун, Газан, Өлзийт болон Ромын Пап IV Иноосен, IV Kлемент, IV Гонори, IV Николас, VIII Бонифас нарын хооронд солилцож байсан дипломат жуух захидал зэрэг нь Монгол, Гэгээн Ширээт Улсын харилцааны түүхийн үнэт эх сурвалж мөн.

Монголын эзэнт гүрэн хүчирхэгжих цаг дор Евразийн өргөн уудам газар орон, хүн зоныг нэг засаг төрийн мэдэл дор илбэн тохинуулах их үйлийг сэдэн хэрэгжүүлж, “Монголын Их амар амгалан”-г тогтоосон билээ.

Их хаан Өгөөдэй 1241 оны хууч дээр тэнгэрт хальж, «аз» дайраагүй бол монголчуудыг юу ч зогсоож чадахааргүй байсан тухай эх бичигт тэмдэглэсэн байдаг. Гуравхан жилийн дотор Дорно зүгээс нэр нь үл мэдэгдэх морьтон нүүдэлчид хуй салхи мэт түрэн орж ирэн Дорнод Европыг эрхшээлдээ оруулж, бүтэн нэг тивийн улс орныг ялан дийлээд Герман, Италийн хаалгыг тогшиж эхэлжээ. Ахар хугацаанд монголчууд түрэн орж ирсэн нь Өрнөдөд Аттиллагийн түрэмгийллээс хойш тохиолдоогүй сорилт нүүрэлсэн нь энэ юм.

Гэхдээ зарим ихэс дээдэс хөл дороо газар хөдлөхийг мэдэрчээ. 1243 оны зургадугаар сард IX Грегорийг  залгамжлагч IV Инносен Ромын Папын ширээнд заларсны дараахан 1245 оны зургадугаар сард Лионы анхдугаар Зөвлөл буюу XIII Католик сүм хийдийн дээд Зөвлөлийн  “Их чуулган” зарлан хуралдуулж, тус чуулганаар монгол-татаарын довтолгооноос Өрнө дахиныг хамгаалах зорилгоор загалмайтны аян дайныг монголчуудын эсрэг зохион явуулах тухай асуудлыг хэлэлцэж байсныг дипломын түүхэнд маш тодорхой тэмдэглэсэн байдаг.

Папын энэ төлөвлөгөө биелэгдээгүй боловч  IV Инносен монголчууд Өрнө зүг үнэхээр дахин довтлох гэж байгаа эсэхийг баттай тодруулах, тэдний  хүч чадавхийг тагнан мэдэх зорилгоор тийнхүү Франсуа гэгээнтний сургаалийн элч итали гаралтай Жан де Плано Карпиниар (1182-1251) толгойлуулсан элч төлөөлөгчдийг Монголын эзэнт гүрний Голын улсын төв мөхлөгт илгээжээ. Энэ тухай эх бичигт тэмдэглэснээр элч төлөөлөгчид 1246 оны зун эзэнт гүрний Голын улсын нийслэл Хархорумд  хүрэлцэн ирж, Их хаан Гүюгийн хаан ширээнд залрах ёслолд оролцжээ. Плано де Карпинид нутаг буцахын өмнөхөн их хааны бичгийн сайд болон олон бичээч нар Ромын Папад илгээх Их хаан Гүюгийн зарлигийн жуух захидлын эхийг латин болон перс хэлэнд олон удаа тайлбарлан хэлж орчуулан өгчээ.   Сайхь захидалд, «Мөнх тэнгэрийн хүчин дор наран ургахуй зүгээс  шингэх хүртэл бүх газар орон бидний ивээлд орсон...Эдүгээ та нар иргэн чинь болж эд агуурс юугаа өгтүгэй хэмээн чин шударгаар үг өгүүлбээс зохино...Энэ үеэс эхлэн бид та нарыг ивээл дороо орсон хэмээн үзсүгэй. Хэрэв та нар тэнгэрийн бошгийг үл даган, ману зарлигийг эсэргүүцэх аваас дайсан минь болно...юу болохыг гагцхүү тэнгэр мэдтүгэй» гэж ухуулан сэнхрүүлж төгсгөөд “Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсын Далай хааны зарлиг ил болга иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай”  хэмээсэн монгол үсгээр сийлбэрлэсэн тамга даржээ.

Ромын Папын элчийн авч очсон Гүюг Их хааны жуух захидал гагцхүү перс эхээрээ Ватиканы нууц архивт хадгалагдан үлдсэнийг 1920 онд францын эрдэмтэн, санаваартан Крилл Каралевский анх нээн олж, гэрэл зургийг нь хуулбарлан авч олны хүртээл болгосныг францын нэртэй перс, араб судлаач Анри Массе, нэрт эрдэмтэн Пол Пеллио нар судалж орчуулан нийтэлсэн билээ.

Италийн нэртэй түүхч, монголч эрдэмтэн Игорь де Рачевилтц (1929-2016) 1971 онд бичсэн “Папаас Их хаадад довтолгосон элч нар” хэмээх нэн дорвилог бүтээлдээ: “1342 оны наймдугаар сард Юань гүрний сүүлчийн Их хаан Тогоонтөмөрт бараалхахаар Ромын Папын (Пап XII Бенедиктийн элч нар байх магадлалтай) тусгай элч Жон  (John) бээрээр удирдуулсан 32 төлөөлөгч Хан балгаст (Бээжин) ирсэн тухай тэмдэглэсэн байдаг. Тогоонтөмөр хаан тэднийг Папын элч нар хэмээн ихэд хүндэтгэн үзэж баяр ёслолтойгоор Шанду хот дахь зуны өргөөндөө хүлээн авчээ.  Папын элч Их хаанд үнэ цэнэтэй бэлэг сэлт, түүний дотор “Тэнгэрийн аргамаг хүлэг” дүрсэлсэн уран зураг гардуулжээ. Итали зураач их хааныг тэнгэрийн хүлэгтэй зүйрлэсэн байна. Түүхч, Игорь де Рачевилтц бичихдээ: “Энэ зураг XIX зууны дунд хүртэл Манжийн хааны зуны ордны хаадын цуглуулагт хадгалагдаж байгаад магадгүй 1860 онд шатсан байх. Учир нь англи-францын цэргүүд Бээжинг довтолход ордныг шатаасан юм” гэжээ. Их хаан Тогоонтөмөр Пап ламтанг ихэд хүндэтгэн үздгээ илэрхийлж, түүнд алт мөнгө, шаглаж оёсон алтадмал хувцас, торгон нэхмэл, тансаг үнэртэн, хүдрийн заар тэргүүтнийг бэлэг болгон илгээсэн байна. Жон тэргүүтэй элч төлөөлөгчид Ромын Папаас Монгол гүрэнд ирсэн сүүлчийн элч нар байсан бололтой гэжээ.

Үзэл суртлын хүлээс тайлагдаж, хүйтэн дайн дууссанаар Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын хооронд 1992 оны дөрөвдүгээр сард дипломат харилцаа тогтоогдсон бөгөөд хоёр орны хооронд улс төрийн харилцаа түлхүү хөгжиж иржээ.

Апостолын нунци Жон Булайтис 1995 онд Монгол Улсад зочлохдоо Ватиканы  нууц архивт хадгалагдаж буй Монголын Их хаан Гүюг, Ромын Папын харилцан солилцсон жуух захидлын уг эхийн хуулбарыг гардуулсныг Монголын Үндэсний түүхийн музейд залсан байдаг.

Нацагийн Багабанди бээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар  2000 онд Гэгээн Ширээт Улсад анх удаа айлчилж Ромын Пап, Гэгээн хутагт II Иоанн Павелтай анх удаа нүүр учран уулзжээ. Монгол, Гэгээн Ширээт Улсын харилцаа соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарт хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа хоёр тал тэмдэглэж, Гэгээн Ширээт Улсын элч төлөөлөгчид Монгол Улсыг хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн орны жишээ болгон дэлхийн олон нийтийн сонорт хүргэж байдгийг энэ үеэр мэдэгдсэн байна.

2000 оны есдүгээр сард  Гэгээн Ширээт Улсын  хамба нарын  Синодын Ерөнхий нарийн бичгийн дарга, эрхэмсэг гэгээнтэн хамба Ян Скоттег Гадаад хэргийн дэд сайд С.Батболд хүлээн авч уулзаж, хоёр талын харилцааны асуудлаар санал солилцож байжээ.

Монголын төрийн албан хаагчдыг Гэгээн Ширээт Улсын зардлаар  сургалтад хамруулах, Ватиканы номын сан, архив дахь хоёр улсын харилцаанд холбогдол бүхий түүхийн баримт бичгээр үзэсгэлэн гаргаж, Европын улс орнуудад танилцуулах зэргээр хамтран ажиллах нь чухал гэж үзэж байгаагаа хоёр тал санал нэгтэй тэмдэглэж байжээ. Дээрх тохиролцооны дагуу Монголын нэрт эрдэмтэн Ш.Бира, Д.Цэдэнсодном нар 2001 онд Ватиканы номын сан, нууц архивт ажиллаж, судалгаа хийж иржээ.

2011 оны арваннэгдүгээр сард Итали улсад албан ёсны айлчлал хийх үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Гэгээн Ширээт улсад зочилж, Ромын Пап Гэгээн хутагт XVI Бенедикттэй уулзаж байжээ. 

Гэгээн Ширээт Улс 1992 оноос хойш Монголд хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр ирсэн бөгөөд нийт 20 гаруй төсөл Улаанбаатар хот, Төв, Өвөрхангай аймагт хэрэгжүүлжээ. 1999-2000 оны өвлийн зудны хохирлыг даван туулахад зориулан Пап II Иоанн Павел хувиасаа 50 мянган ам. доллар хандивласныг Монгол дахь Гэгээн Ширээт Улсын шашны төлөөлөгчийн газрын тэргүүн  В.Падилла Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга С.Баяртай уулзахдаа уламжилж байв. Мөн дээрх зорилгоор тус улсын хүмүүнлэгийн тусламжийн байгууллага “Кор Унум” Папын Зөвлөлөөс 30 мянган ам. долларыг Монголын Улаан загалмайн нийгэмлэгт ирүүлж байжээ. Католик шашны “Каритас Интернационалис” байгууллагын төлөөлөгчид мөн үеэр Улаанбаатарт ирж ажилласан бөгөөд зудад нэрвэгдсэн малчдад туслах, тэднийг малжуулах, богино, урт хугацааны төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлсэн байна.

Гэгээн Ширээт Улсын  Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийх гэж буй нь хоёр орны найрсаг харилцааг чанарын шинэ шатанд гаргах нь дамжиггүй билээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 30. ЛХАГВА ГАРАГ. № 171 (7156)