П.АМГАЛАН
Нийслэлд өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа орсон аадар борооны улмаас үер бууж, иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирсон харамсалтай үзэгдэл болсон. Тодруулбал, наймдугаар сарын 5-нд Баянзүрх дүүргийн 11, 17, 22, 21, 27, 28, 29, 32 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 16, 20 дугаар хороонд дуудлага бүртгэгдэж, хашаа, байшин, гэр, машин үерт урссан, авто зам үерт автсан юм. Мөн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Монелийн задгайд гэр усанд автаж, гурван иргэн тогонд цохиулснаас хоёр нь нас барсан харамсалтай хэрэг гарав. Үүнээс хойш үерт автсан айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, шинэ суурьшлын бүсийг бий болгох ажлыг шат дараатай зохион байгуулж буй. Гэвч хичээлийн шинэ жил хаяанд ирсэн энэ цаг үед олон хүүхэд суралцах цэцэрлэггүй болсон талаар хүмүүс ярьж байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах 256 дугаар цэцэрлэг, Хан-Уул дүүргийн наймдугаар хороонд байрлах 209 дүгээр цэцэрлэг үерт автсан. Тиймээс тус цэцэрлэгүүдийн нөхцөл байдлын талаар сурвалжиллаа.
Баянзүрх дүүргийн XXV хорооны 256 цэцэрлэгийн гал тогоо усанд автжээ
Сэлбэ гүүр орчимд байрлах Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 256 дугаар цэцэрлэгт өнгөрсөн хичээлийн жилд 300 орчим хүүхэд суралцжээ. Үерийн улмаас 256 цэцэрлэгийн зоорийн давхар руу нь ус орсон. Тус цэцэрлэгийн гал тогоо нь зоорийн давхарт байрладаг учраас хүүхдүүдээ хүлээж авах боломжгүй болжээ. Учир нь гал тогооны тоног төхөөрөмж жижиг хэрэгсэлүүд нь үерт автаж дахин ашиглах боломжгүй болсон байна. Тус цэцэрлэг хичээлийн хоёр байртай. Гэвч үерийн улмаас хоёр байр нь усанд автсан байна. Тус цэцэрлэгийн холбогдох хүмүүсээс нөхцөл байдлын талаар тодруулахад "Хариу өгөх боломжгүй" гэлээ. Ингээд Нийслэлийн боловсролын газраас тодруулсан юм.
Энэ талаар НБГ-ын санхүү хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга О.Бадамсэрээжид “256 дугаар цэцэрлэгийн хувьд гал тогоо нь зоорийн давхартаа байрладаг байсан. Тиймээс гал тогоог нэг давхарт шилжүүлэхээр болсон. Үүний тулд агааржуулалтын систем, зарим засварын ажлуудыг хийх шаардлагатай байгаа. Мөн эвдэрсэн тоног төхөөрөмжүүдийг засах шинэчлэх, ашиглах боломжгүй болсон жижиг хэрэгсэлүүдийг худалдан авахаас аргагүй байдал үүссэн. Үүнд 42 орчим сая төгрөг шаардлагатай. Дүүргийн Засаг даргын тамгын газарт нөөц бололцоогоороо асуудлыг шийдэхээр хандсан” гэсэн юм.
Ингээд 256 дугаар цэцэрлэгт шаардлагатай засварын ажил гүйцэтгэх 78 сая төгрөгийг баталж тендер зарласан байна. Тус цэцэрлэг гал тогооны асуудлаас үүдэж есдүгээр сарын 1 гэхэд өөрийн хичээлийн байрандаа хүүхдүүдээ хүлээж авах боломжгүй болжээ. Өнгөрсөн хичээлийн жилд 300 орчим хүүхэд суралцсан аж. Тэгэхээр эдгээр хүүхдүүд хаана суралцах вэ гэсэн асуудал тулгарна. 256 дугаар цэцэрлэг нь хичээлийн хоёр байртай. Тус цэцэрлэгийн хувьд түрээслэх шаардлагагүй гээд зогсоосон байсан хуучин байрандаа хүүхдүүдээ хүлээж авах шийдвэр гаржээ.
209 дүгээр цэцэрлэгийн барилгын сууринд нь суулт өгч хананд хагарал үүсчээ
Үерийн асуудлаас үүдэн хүүхдүүдээ хүлээж авах боломжгүй болсон хоёр цэцэрлэгийн нэг нь Хан–Уул дүүргийн наймдугаар хороонд байрлах 209 дүгээр цэцэрлэг. Энэ цэцэрлэгийн барилгыг 2014 онд “Дархан Өсөх урам” компани барьжээ. Тус цэцэрлэгийн хувьд өнгөрсөн долдугаар сард олон өдөр орсон усархаг борооны улмаас хөрсний суулт өгсөн бөгөөд үерийн усанд өртөж барилгын нэг давхарын хийц эвдэрчээ. Үүнээс үүдэн барилгын сууринд суулт өгч хананд хагарал үүссэн байна. Холбогдох байцаагчийн дүгнэлтээр суурийг дахин шинээр цутгах, барилгын иж бүрэн засвар хийх шаардлага үүссэн байна. Уг засварын ажлыг хийхэд 360 орчим сая төгрөг шаардлагатай. Тус цэцэрлэгт засвар хийх төсвийг нийслэлээс шийдэж тендер зарласан аж. Уг 360 сая төгрөгийн засварын ажлын нээлттэй тендер наймдугаар сарын 16-нд зарласан бөгөөд нэг сарын хугацаанд үргэлжлэх юм байна. Гэвч одоог хүртэл гүйцэтгэгч компани олдоогүй тухай албаны эх сурвалж хэллээ. Тиймээс ирэх сарын 1 гэхэд хүүхдүүдээ хүлээж авах боломжгүй болжээ. Энэ асуудлыг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө шийдэхийн тулд хуучин цэцэрлэгийнхээ ойролцоо сургалтын зориулалттай ашиглах боломжтой түрээсийн байр хайж байгаа аж. Гэвч одоог хүртэл түрээсийн байр олдохгүй байгаа гэдгийг холбогдох хүмүүс хэлэв. Түрээслэх боломжтой нэг байр олсон боловч худалдана гэсэн хариу өгчээ. Тиймээс сургалтын зориулалтаар ашиглах боломжтой түрээсийн байрыг үерийн нөхцөл байдлаас хойш судалж байгаа тухай мөн ярив.
2023-2024 оны хичээлийн жилд 209 дүгээр цэцэрлэгт 711 хүүхэд суралцахаар бүртгүүлжээ. Тиймээс дүүргээс гаргасан шийдвэрийн дагуу тус хүүхдүүдийг түр хугацаанд цэцэрлэгүүдэд хуваарилсан байна. Тодруулбал, Виктория таун дахь салбар бүлэгт 110 хүүхэд, Нисэхэд байрлах 134 дүгээр цэцэрлэгт 150 хүүхэд, 243 дугаар цэцэрлэгт 72 хүүхэд, үлдсэн хүүхдүүдийг 73 дугаар цэцэрлэгт түр хамруулахаар болсон байна. Тус дүүргийн наймдугаар хорооны иргэн Ч.Ану “Манай хүүхэд энэ жил бага бүлэгт элсэж байгаа. Цэцэрлэгийн асуудлаас үүдэж Нисэхийн дэнжид байрлах 243 дугаар цэцэрлэгт хуваарилагдсан. Нэг ангид 60-70 хүүхэдтэй суралцах юм байна. Есдүгээр сарын 1-нд ирэхдээ хүүхдийнхээ хэрэглэх юмнуудыг авчирч өгөөрэй гэсэн. Манай хүүхдийн орж байгаа цэцэрлэг гэрээс хол зайтай болохоор хүргэж өгч авахад хүндрэлтэй болж байна. Одоо орж байгаа цэцэрлэгийнхээ багш, найзууддаа дассан хүүхэд минь 209 дугаар цэцэрлэг рүү орохоор шинэ орчинд дасна гээд олон хүндрэл гарч байна. Хүмүүс улсын цэцэрлэгт хүүхдээ оруулах хүсэлт өгсөн байхад зарим хүүхдүүдийг хувийн үнэтэй цэцэрлэгт хуваарилж байгаа нь хүндрэл үүсгэж байна” гэсэн юм.
Хүний хамгийн чухал эрх бол сурч боловсрох, хөгжих. Гэвч газар олголтын алдаа, ажлын хариуцлагагүй байдлын үр дүн бяцхан багачуудын сурч боловсрох эрхийг зөрчиж буй нь харамсалтай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 30. ЛХАГВА ГАРАГ. № 171 (7156)