С.САРУУЛ

2023 оны намрын ургац хураан авахад шаардагдах бэлтгэл ажил хэрхэн хангасан талаар салбарын төлөөллүүд мэдээлэл өглөө. ХААК-ийн захирал, Улсын ургацын комиссын гишүүн Б.Цогтсаран "Улсын хэмжээнд үр тариа хадгалах 550.2 мянган тонны багтаамжтай төмөр бетон элеватор бий. Үүнээс "Хөдөө аж ахуйн корпорац" ТӨХХК-д 186, хувийн хэвшилд 364 мянган тонн нь ашиглагдаж байна. Эх элеваторуудын ариутгал, засвар үйлчилгээ хийж, буудай авахад бэлэн боллоо.

Энэ оны ургацаас үрийн болон хүнсний улаан буудайн нөөц бүрдүүлэх ажлын хүрээнд салбаруудын агуулах савны багтаамжид тулгуурлан компанийн нийт долоон салбараар дамжуулан 55 мянган тонн буудай хүлээн авах төлөвлөгөөг ТУЗ-ийн хурлаар батлуулсан. Тариаланчдын буудайн борлуулалтыг дэмжих, үнэгүйдүүлэхгүй байх зорилгоор хүнсний буудайн чанар, стандартад хүрэхгүй үзүүлэлттэй буудайг спиртийн үйлдвэрлэл, малын тэжээлийн зориулалтаар дэмжлэгийн хөтөлбөрт суутган авахаар төлөвлөж байна. Нийслэлд төмс, хүнсний ногооны борлуулалтыг дэмжих зорилгоор Нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран есөн дүүргийн 31 байршилд томоохон хэмжээний төвлөрсөн цэг байгуулан ажиллаж байна" гэв.

Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, бригадын генерал М.Мөнхбаяр "Ургац хураалтын ажилд зэвсэгт хүчний нэгтгэл ангиудаас жил бүр дэмжлэг үзүүлэн ажилладаг. Энэ жил 400 орчим офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагч нар 1100 орчим, Үндэсний батлан хамгаалахын их сургуулиас офицер, ахлагч нийлсэн 500 орчим хүн гээд нийт 2,000 алба хаагч намрын ургац хураалтад оролцоно. Зэвсэгт хүчний жанжин штабын даргад 100 гаруй аж ахуйн нэгж хандан, ургац хураалтын ажилд туслалцаа авах хүсэлтээ ирүүллээ. 37 ААН-д зөвшөөрөл олгов. Нийт 880 орчим хүн ургац хураалтын ажилд оролцоход бэлэн" гэлээ.

Ургац хураалтад нийт

1100 комбайн,

630 ширхэг жатка,

230 гаруй үтрэм,

400 ширхэг үр тариан цэвэрлэх машин,

320 ширхэг үр тариан ачигч машин,

75 төмс хураах комбайн,

440 төмс ухагч,

70 ширхэг төмс, хүнсний ногоог ангилах машин ажиллана.

Техник засварын ажил 80 гаруй хувьтай байна. Мөн техникийн иж бүрдлээр тооцоолбол нийт ургацыг 28-30 хоногт багтаан дуусгах боломжтой гэж үзжээ. Есдүгээр сарын агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас  дулаан байх төлөвтэй байгаа ч өдөр шөнийн температурын хэлбэлзэл өндөр байна. Тодруулбал шөнө сэрүүн хонож, өдөртөө дулаан байх өдрүүд олон байх төлөвтэй байгаа аж. Мөн есдүгээр сарын эхээр төв, зүүн, говийн аймгуудын нутгаар бороо орж, нутгийн зүүн хагастаа сэрүүвтэр байх боловч 2-7-ны өдрийг хүртэл ихэнх нутгаар дулаарна. Цаашдаа сарын дунд үеэс 20 хүртэл хур тунадас багатай дулаахан байх тул тариа, ногоо хураах, хадлан тэжээл бэлтгэх зэрэг өвлийн бэлтгэлээ хангахыг зөвлөв.

Харин есдүгээр сарын гуравдугаар 10 хоногийн эхээр баруун, төв, зүүн аймгуудын нутгаар сэрүүсэж, хур тунадас, нойтон цас орж, цочих хүйтэрнэ. Иймд цаг агаарын богино, дунд хугацааны мэдээг тогтмол хүлээн авч, урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авахыг санууллаа.

Түүнчлэн ургацын нөөц бүрдүүлэхэд тээвэрлэлтэд саад учруулахгүй байхаар зам гүүр засах, ачаа хэтрүүлсэн гэж торгохгүй байхыг ХААХҮ-ийн сайд үүрэгдсэн. Мөн энэ үеэр улсын шатахууны одоогийн нөөцийн талаар мэдээлэл өглөө.

АИ-92: 49,791 тонн буюу 40 хоног

ДТ: 111,116 тонн буюу 44 хоног

АИ-95: 3453 тонн буюу 26 хоног

ТС: 4910 тонн буюу 27 хоног

А-80: 4146 тонн буюу 25 хоногийн нөөцтэй байна. Шатахуунаас хамааралтайгаар ургац тээвэрлэлт саатахгүй хэмээв.

Эх сурвалж: www.polit.mn