Б.БАЯРЖАВХЛАН

Туул гол дагуу дахин барилга бариулахгүй байх талаар Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Жагар өчигдөр мэдээлэл хийлээ. 

Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Жагар “ХУД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах бетон арматур, Хан тамир, Баяр констракшн ХХК болон 18 дугаар хорооны “Aqua garden”-ы үйл ажиллагааны тухай удаа дараа бичиг хүргүүлсэн. Тодруулбал, дээрх барилгуудын байршил нь Улаанбаатар хотын усан хангамжийн эх үүсвэртэй давхцалтай байна гэх дүгнэлтийг усны газраас гаргасан. Мөн Шинжлэх Ухааны Академиас ч дүгнэлт гаргасан. Дарга нарыг эрдэмтдийнхээ үгийг сонсооч гэж шаардаж байна. Хан-Уул дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн  дээрх барилгуудаас болж иргэдийн амь нас эрүүл мэнд хохирч байгаа учраас барилга бариулахгүй байх нь зүйтэй гэсэн тогтоол гарсан.

Голын эрэг дээр барилга барьж тоглодог хулгайч нар барилгын тодорхой хэсэг нь зарагдахгүй болохоор зохиомлоор цуцлуулаад, шүүх дээр очиж ялаад, төрөөс татвар төлөгчдийн мөнгөөр хохирол барагдуулж, ашиг хүртдэг бүлэг үүсчихсэн юм байна. Хууль бус барилга барих зөвшөөрөл өгсөн үе үеийн дарга нарыг Цагдан хорих 461дүгээр ангид хорьж, хөрөнгийг нь хурааж, хөрөнгөөр нь хохирол барагдуулна уу гэхээс биш ядарсан ард түмнээс авч болохгүй" гэв. 

Харин иргэн н.Нямсамбуу  “ХУД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Туул голын эрэг дагуу барилга барих зөвшөөрөл олгож байна. Энэ газар барилга барих нь хууль зөрчиж байна гээд мэргэжлийн байгууллагуудын  шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоолууд гарсан. Гэтэл дарга нь газар олгочхоод байна. Тухайлбал “Aqua garden”-ыг буулгах сүржин шийдвэр ярьж байна. Буулгалаа гээд татвар төлөгч, захиалга өгсөн иргэд л хохирно. Түүнчлэн газрын зөвшөөрөл олгочхоод, дараа нь "зөвшөөрлийг нь цуцлана, барилгыг нураана" гэж гаргасан шийдвэр нь Захиргааны хэргийн шүүх дээр очоод унаад байдаг. Яагаад унасан бэ гэхээр үндэслэл нь алдаатай гэдэг. Тэгэхээр олон нийтэд "зөвшөөрөл цуцалсан, барилгыг нураана" гэж мэдээллээд цаанаа тохирсон байхыг үгүйсгэхгүй. Ийм улс төрийн болон ашиг сонирхлын зөрчил ард нь байгааг үгүйсгэхгүй. Шийдвэр гаргахдаа үндэслэлээ зөв тавиад гаргах боломж байгаа шүү дээ. Цаашид хууль бус зөвшөөрлийг битгий олгооч гэж сануулах гэлээ" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn