Доржийн ОЮУНЧИМЭГ
ҮЕРИЙН БҮСЭД ГАЗРЫН ЗӨВШӨӨРӨЛГҮЙ 35 АЙЛ БИЙ
Үер усны аюул гамшгийн хэмжээнд хүрч бороо “дусласан” ч үер болчих гээд нийслэлчүүд зуныг сандруухан өнгөрөөв. Үерийн эрсдэлтэй бүсэд байрлах айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажил Чингэлтэй дүүрэгт өрнөж буй. Голын ай саваас 50 метрийн зайд оршин суух зөвшөөрөл олгодоггүй байх үеэс эхлэн 10 гаруй жил амьдарсан айлаас гадна саявтархан буусан нь ч байна, тэнд. Гэтэл Усны тухай хуулийн 22.3-т Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно хэмээн заажээ.
Нийслэлийн ИТХ-аар батлуулсан гамшгийн үеэр түр суурьшуулах болон нүүлгэн шилжүүлэх 1000 орчим га газрыг баталсан байна. Үүнээс 427 га газрыг эцсийн байдлаар зураглаж нийт 2397 айлыг нүүлгэн шилжүүлэх судалгаа гарчээ. Сэлбэ голын үерийн хамгаалалтын бүсэд 100 метр дотор нийтдээ 200 гаруй айл өрх суурьшсан бөгөөд үерийн бүсэд газрын зөвшөөрөлгүй буусан 35 айл байгаа аж.
2020 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилогдсон Н.Батсүмбэрэл ажлаа аваад Газрын зөрчил маргааныг хянан, шийдвэрлэх байнгын зөвлөлийг байгуулжээ. Тус зөвлөл хэдхэн сарын дотор 942 өргөдөл гомдлыг хянан үзэж 533 өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэсэн байна.
НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ ТЭЭВРИЙН ЗАРДЛЫГ НЬ ШИЙДВЭРЛЭЖЭЭ
Нийслэлчүүд Улаанбаатар хотдоо төвлөрөөд 30-аад жилийн нүүр үзсэн. Энэ хугацаанд ахмадуудын цээрлэдэг “70 давхар”-т ч айл хаяа дэрлэн бууж “хотожсон”. Тэгсгээд байж байтал аяндаа бичиг баримт нь бүтчихнэ. Сонгуулийн үеэр авчихна гэх горьдлого одоо ч хэвээрээ байна лээ. Учир нь 2020 оны сонгуулиар “Ямартай ч наанаа буугаад төвхнөчих. Би бичиг баримтыг чинь авч өгнөө” гэж хэлээд эрх мэдэлд хүрсэн нэгэн хэлсэн амандаа хүрчээ. Харамсалтай нь, тус болсон айлынхаа эд хөрөнгө, амь насыг хамгаалахаар тангараг өргөсөн ч бодит байдалд “хөсөр” хаясан байжээ.
Чингэлтэй дүүргийн иргэн М.Пүрэвсүрэн 2015 онд тус газар нүүж ирсэн. Анх хэсгийн ахлагчтай уулзан газар заалгаж байсан тухайгаа ярьж байв. Газрын зөвшөөрөл, бичиг баримтыг авч өгнө гэж байсан ч одоо хүртэл гараагүй байсан аж. Өнгөрсөн үерийн үеэр хашааных нь хаяагаар ус урсаж, гол түрж орж ирсэн талаар тэрбээр хэлэв. “Дүүргээс газар зааж өгч манайх энд ирээд буусан. Кадастрын зургийг нь гаргуулаад бичиг баримтаа бүрдүүлээд өгчихсөн байгаа. Хэцүү цагт төр засаг иргэдээ хардаг юм байна гээд баярлаж л сууна” гэсэн юм. Чингэлтэй дүүргийн удирдлагууд эрсдэлтэй бүсэд оршин суудаг айл өрхийг өөрийн боломжийн хүрээнд газар заан өгч нүүлгэн шилжүүлэх ажлыг хийж байгаа аж. Нүүлгэн шилжүүлэхдээ Засаг даргын нөөц хөрөнгөөс тээврийн зардлыг нь шийдвэрлэн шинэ байршилд нь тохижуулж өгөх ажлыг ч хийж байгаа тухай М.Пүрэвсүрэн ярьсан юм.
“ҮЕРИЙН ЭРСДЭЛЭЭС ГАЛЫН ЭРСДЭЛ РҮҮ ОРОХГҮЙ”
Тус дүүрэг эхний удаад Усны тухай хуульд заасан хамгаалалтын бүсэд байгаа айлуудыг нүүх албан шаардлага хүргүүлэн дараагийн алхмыг хийж эхэлжээ. Өнгөрсөн баасан гарагт Сэлбэ голын эрэг дагуух 24 айлын цахилгаан эрчим хүчийг тасалсан. Мэдээж иргэдийнхээ дараагийн амьдрах газрыг зааж өгсөн. Гэвч ихэнх айл нүүх боломжгүй, намар цаг ирсэн, ирэх хавраас нүүж болдоггүй юмуу гэх тайлбарыг тавьж байв.
Иргэн Г.Эрдэнэбат “Би энэ газартаа 14, 15 жил амьдарч байна. Гэрлийн шон татаад, гудамжны гэрэлтүүлэх тавиад эхлэхээр нь энд зөвшөөрөл нь гарчих юм байна гэж бодоод өнгөрсөн цар тахлын үеэр байшингаа барьчихсан юм” гэж байлаа. Түүний хувьд хамгаалалттай бүсээс 50 метр хүрэхгүй зайд байрлаж буй. Мэдэгдэх хуудас ч ирж байсан тухай гэрийн эзэн хэлсэн. Өнгөрсөн хугацаанд нэг ч удаа үер усны асуудал тулгарч байгаагүй болохоор огтхон ч санаа зовж байгаагүй гэнэ. "Мэдээж төр засгаас зааж өгсөн газарт очиж болно. Би нүүхгүй ч гэж байгаа юм биш. Гэтэл зааж өгсөн газарт нь хүн амьдрах ч арга алга. Өгсүүр, нийтийн тээврийн болоод тог цахилгааны асуудал шийдэгдээгүй байна лээ. Тэр ч бүү хэл бид гол усны аюулаас гараад галын аюулд өртөх эрсдэлтэй газар руу нүүх шаардлага байхгүй" гэв.
“НӨХӨН ТӨЛБӨР”-ИЙН СОНИРХОЛ
Газар олгохгүй гэдэг хууль дүрэмд нийцүүлэн гаргасан шийдвэр байх учиртай. Харин зөрж, гөжин хүний эрх хэмээсээр үерийн аманд буусан хариуцлагагүй байдал хувь хүнд хамаатай юу, хариуцсан хороо, дүүргийн дарга нарт хамаатай юу. Хараад байхад гээндээ ч бас гоондоо ч байна. Хамгаалалтын бүсэд газрын өмчлөх эрхийн гэрчилгээтэй “Хууль ёсны эрхээ эдэлж байна” хэмээн “даналзах” хүмүүс ч бишгүй бий. Магадгүй тэднийг эрсдэлтэй бүсээс зайлшгүй нүүлгэн шижлүүлэх шаардлагатай гэвэл “тоо томшгүй” мөнгө нэхчихдэг хэмээн нүүлгэн шилжүүлэх ажлын комиссынхон хэлж байв. Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны хэсгийн ахлагч Т.Нэргүй “Нөхөн төлбөр нэхээд суучихдаг хүмүүс ч бий. Бас үнэхээр аргагүй байдалд орсон хүмүүс ч байна. Хамгийн гол нь ямар ч зөвшөөрөлгүй газар буучихаад хажуу хавийнхаа газрыг зарчихдаг. Нэг хэсэг нь хууртана, нөгөө хэсэг нь залилна. Энэ албан ёсны зөвшөөрөл байхгүй шүү гэж анхааруулсаар байтал авчихдаг. Дараа нь асуудал гарахаар хэсгийн ахлагч руу бас төрийн албаныхан руу дайрч эхэлдэг юм. Үүнийг л нэг цэгцлэх цаг болсон” хэмээн учирлав. Үнэндээ үерийн аманд буусан айлуудад сонгуулийн оноо авахаар газрын зөвшөөрлийг өгсөн өмнөх үеийн шат шатны дарга нарын хууль бус шийдвэрийн горыг иргэн Дулмаа, шинэ удирдлагууд нь үүрдэг жишиг нэгэнт тогтжээ.
Ямартай ч эрхээ эдэлдэг шигээ хариуцлагаа үүрдэггүй иргэдтэй. Хувийн эрх ашгаа нийтийнхээс түрүүлж тавьдаг удирдлагатай байхын горыг нийгмээрээ хүртэж байна. Хариуцлагагүйн зуд гэх атлаа хариуцлагатай нь тун чиг цөөн болсон цаг дор өмнөх, хойшхи цагийн ялгааг мэдэж, дор бүрнээ ухамсартай байх хариуцлагатай үе иржээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 29. МЯГМАР ГАРАГ. № 170 (7155)