С.САРУУЛ
Монгол Улсын гадаад худалдааны ахмад удирдах ажилтан агсан, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат Далхсүрэнгийн Цэрэндоржийн “Үр хойчдоо үлдээх захиас” ном нээлтээ хийлээ.
Д.Цэрэндорж нь 1933 онд төрж, бага, дунд сургууль, Худалдааны техникум, Киев хотын Хөнгөн үйлдвэрийн технологийн дээд сургууль төгсчээ. Тэрбээр бүхий л амьдралаа эх орныхоо гадаад худалдааг хөгжүүлэхэд зориулсан нэгэн. Тухайн үед Гадаад худалдааны яамны харьяа Төв түүхий эдийн бааз нь арьс шир, ноос, ноолуур, ангийн үс, бугын эвэр, зэс гууль гэх мэт олон төрлийн түүхий эдийг экспортод гаргадаг цорын ганц байгууллага байжээ. Д.Цэрэндорж 1968 оноос эхлэн тус байгууллагын инженер болон даргын албан тушаалыг олон жил хашихдаа ноос баглах пресс, адууны сүүл самнах төхөөрөмжийг анхлан зохион бүтээж нэвтрүүлсэн нь өнөө хүртэл ашиглагдсаар байна.
Мөн Вьетнам улсад суугаа Элчин сайдын яамны Худалдаа, эдийн засгийн зөвлөхөөр 1986-1990 онд томилогдон ажиллахдаа, Монгол-Вьетнамын худалдааны балансыг тэнцвэржүүлэн, барааны эргэлтийн хэмжээг хамгийн өндөр түвшинд хүргэж, хоёр орны худалдаа- эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Тэрбээр өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралын талаар ном бичихээр төлөвлөж, бэлдэж байсан боловч амжаагүй ажээ. Харин аавынхаа хүслийг үр хүүхэд нь гүйцээж 350 хуудас бүхий “Үр хойчдоо үлдээх захиас” номыг хэвлүүлээд байна. Мөн гэгээн дурсгалд нь зориулж “Уул шиг нөмөртэй аав минь” дууг бүтээсэн байна.
Үр хүүхдүүдийнх нь зохион байгуулсан “Үр хойчдоо үлдээх захиас” номын баяр нь инженер, худалдааны ахмад ажилтан, дипломатч Далхсүрэнгийн Цэрэндоржийн амьдралын замналыг тод томруун харуулсан чухал үйл явдал боллоо.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 28. ДАВАА ГАРАГ. № 169 (7154)