Д.ЦЭРЭННАДМИД

 

Сонины редакцын маань байранд үл таних нэгэн намайг сураад ирдэг юм. Тэр хүнийг миний хувьд огтоос хараагүй, уулзан учирч ч яваагүй л. Бид ярилцлаа. Миний бичсэн нийтлэлүүдийг уншсан л гэнэ. Өөрөө ч шүлэг оролддог, мэдээ сурвалжлага бичдэг л бололтой. Сонин сэтгүүлд ойр явснаа хэлж байх юм. Нэлээд хөөрөлдсөний дараа өөрийнхөө ажил амьдралын тухай ярьж гарав аа мань хүн.  Надад тэр нь сонирхолтой санагдсан. Яриа нь амттайхан байлаа.

Хүний амьдралд элдэв сонин тохиол алийг тэр гэхэв. Гэхдээ энэ хүний туулсан амьдрал бусдаас өөр, илүүтэй нь анхаарал татав. Ховор хүн гэж хэлмээр ч шиг. Харин тээр жил дэлгэцэд гарсан “Ховор хүмүүс” гэдэг уран сайхны киноны үйл явдал шиг юм огтоос биш л дээ.

Уг кинонд улсын аварга малчинтай болохыг санаархагч нэг нэгдлийн дарга малчин эмэгтэй Дүүриймаагаа аваргын барианд сойж буй тухай өгүүлдэг. Тэр эмэгтэй өглөө болгон ямаануудынхаа нүүрийг угаадаг л гэнэ. Төвөөс яваа дарга, төлөөлөгчийг угтахдаа хадаг барьж гунхалзан алхдаг, аль байдгаараа л дайлж цайлдаг л гэнэ. Тэр бүхэн нь амьдралаас хол хийгээд огтын үнэмшилгүйгээр өрнөдөг хошигнол нь хог болсон гэхээр кино л доо. Энэ жишээг яагаад авав гэвэл шинэхэн танилын маань амьдрал замнал үүнээс тэс өөр юм шүү гэх гэж.

Ингээд “Эгэл монгол”-ынхоо зочин С.Очирсүхийн үнэн хийгээд сонин түүхээс өгүүлэхийг зорьлоо.  Түүний ярианаас эхлээд л энэ хүн туйлын шударгаар хөдөлмөрлөж, үргэлж шинэ юм бодож санаачилж явдгийн зэрэгцээ бичих туурвихдаа авъяаслаг, басхүү тамирчны хувьд спортын мастер цолтой юм гэдгийг мэдлээ.

Тэгээд хорвоогийн наран дор өлмий, толгой хоёрын хооронд заяасан алдхан биед ухааны их чадварыг цогцлоосон хүн олон л байдаг.

Тэдний нэг нь Очирсүх юм байна гэж санагдсан юм. Юуны түрүүнд нэгийг хэлэхэд бусдаас содон амьдралын ховор тохиолууд чухам түүнийх гэдгийг хэлье. Энэ юунаас эхлэх вэ гэвэл тэр эхийн хэвлийгээс мэндлэхдээ л хөр цасан дунд унаж хорвоод хүн болсноо чанга дуугаар зарласан байдаг.

С.Очирсүх. 2004 он.

За тиймээ. Угийн малч удамтай ижий нь тулгар биетэй байхдаа саалийн зэлэн дээрээ төрчихсөн нь олон биш тохиолдлын нэг юм л даа.

Энэ тухай өнөөдөр үлгэр мэтээр дурсах нь хөгжмийн аядуу зөөлөн эгшиг сонсогдож намираа борооны шижир дусал навчин дээр бөмбөрөн байх шиг энхриймсэг юм билээ.

Очирсүх үүнийгээ дурсан ярихдаа энэ бол миний анхны “хэлмэгдэл” байсан гэж хэлнэ лээ.

Хэн нэгний тухай магтах, өргөмжлөх нь дурын л хэрэг. Харин алив асуудалд ул суурьтай хандахыг сэтгүүлч бидний баримталдаг ёс зүйн чиг шугам байдаг.

Иймээс Дарханд насаараа гэхээр сэтгүүлчийн албан зүтгэж яваа журмын нөхөр Ө.Рагчаасүрэнгээс Очирсүхийн тухай лавлалаа. Тэрний хэлэх нь

-Тун сайн хүн шүү. Арай л шулуун шударга зангаасаа болж зүтгэл бүтээлээ үнэлүүлж чадаагүй яваа байх. Манай хотын Дулааны станцын толгой сайчуудын нэгэн явсан хүн. Би нэг удаа түүний тухай найруулал хүртэл бичиж байлаа. Сэтгэл зүтгэл нь өөрийгөө зүгээр суулгадаггүй нэгэн гэж болно. Одоо ч Очирсүхийн тухай бичсэн байхад Дарханыхан баярлах л байх даа гэсэн юм.

Энэ нь түүний тухай хөрөг нийтлэл бичих хүслийг маань шулуутгаж өглөө.

Очирсүх бол эгэл жирийн ажилчин хүн. Гэхдээ олноо манлайлагч нэгэн байсныг л нэмэлт хачиргүй хэлэх ёстой гэж бодном.

Дархан гэдэг их хотын зүрх болон цохилох Дулааны станцын түлш дамжуулах цехэд өдөр шөнийг умартан ажиллаж утаа тортог дунд нүд, шүд нь л гялалзсан эгэл нэгэн явснаа ээ дээ эртэй,иртэй ажиллаж байлаа гэж бахархан ярих юм тэр. Цехдээ социалист хөдөлмөрийн бригад ахалж зэрэгцүүлээд залуучуудын гавшгай бригадын дарга явсан нь нас намтрынх нь чимэг болж бичигддэг юм билээ.

Хамт олондоо хэр нэр хүндтэй байв гэвэл мөн станцдаа түрүүнд нь Очирсүхийн нэр гарна. Хүний хайрыг татаж, хүндлэлийг хүлээнэ гэдэг тухайн хүний өөрийнх нь мөн чанар, сайхан сэтгэлээс үүдэлтэй гэдэг. Энэ нэр хүнд Очирсүхэд аяндаа ирж хамт олон нь хүрээлж чадсан байж.

Түшиг тулхтай сайн ах нар, хүмүүс түүнд тусалж байж. Гэтэл бас атаа жөтөө тээж юм бүхэнд усан толгойгоо дүрэгсэд, зарим нэгнүүд байдаг даа. Тиймүүдтэй ч таарч явж. Тэр тухайг Очирсүх үл тоож өөрийнхөөрөө байж зүйрлэн хэлбэл дэлсээд ч хагарахгүй цахиур шиг байж чадсан.

Харин тэрнийг ч засаж залруулахсан, энэнийг ч асааж дэвжээхсэн гэж хичээн тэнд ч нэгийг сэдэж, энд ч өөрийг бүтээж явсан байх юм.

Эгэл даруу хүнийг, дэндүү магтаж болохгүй л дээ. Онгироо зан руу хөтөлж мэднэ.

Хүнээр юм бол уурхайчин Даваажав шиг хөдөлмөрч баатар, уулаар юм бол Архангайханы шүтээн Суварга хайрхан гэж хэлэх гэсэнгүй. Зүгээр л тархи оюун нь дотогшоо урссан ухааны бяр нь тэгшхэн хүн бол Сагарын Очирсүх гэж энгийнээр магтая даа.

 

х   х   х

Дулааны станцын волейболын багийнхан.

Түүний намтраас товчхон өгүүлье. Уугуул нутаг Архангай аймгийн Их тамир сум. Тээр жил гэхээр болж дээ. 1948 оны хавар зуны зааг буюу нэгэн жаварлаг өдөр малчин Г.Сагарынд хүү ер бусаар мэндэлсэн нь Очирсүх байв. Ер бусаар гэсний учрыг оршил хэсэгт тайлбарласан шүү дээ. Түүнийг гурван настай байхад хахир өвөл хэдэн малаа алдаж ахуйдаа хавчигдсан аав, ижий нь нутаг сэлгэхээр шийдэж нүүгээд Дарханы ойролцоо төмөр замын Давхрын өртөөнд ирж суурьшжээ. Тэдний таван хүүхдийн нэг Очирсүх бусдаасаа хөдөлгөөнтэй, сэргэлэн нь дэндсэн гэхээр дүрсгүйдүү хүүхэд байлаа.

Тиймдээ ч нэгэн удаа гологдсон нь өөрийнх нь дурсан хэлснээр бас “хэлмэгдсэн”  юм байна. Бас л сонин түүх. Сэлэнгэ аймгийн заан Шадавын Ёндонваанчигийнх гэж үр хүүхэд мөрөөссөн айл байв. Тэр зааны хадам ижий нь хэл амтай ч юмны эв дүй муутай нэгэн Сагарынд очоод мэндгүй шахам шуудхан хоёр бага хүүхдийнхээ нэгийг өргүүлчих гэж энэ нь Сагарт эвгүйцэл төрүүлж бид хэдийгээр хүний нутагт ажил амьдрал хайж яваа ч гэсэн үр хүүхдээ зарахад хүрээгүй гэж хариулж. Энэ тухай нөгөө бөх нөхөр сонсоод Сагарын өмнө сөхрөн сууж мөн л хүүхдээ өргүүлээч гэж уйлан гуйхад нь сэтгэлийг нь бодож

-Миний хоёр багаас нэгийг нь сонгоод ав даа гэж.

Заан эхнэртэйгээ зөвлөлдөөд Очирсүхийн дүүг авахаар болж. Өргөөд авч.

Энэ тухай Очирсүхийн дурсамж бас бий. Уг нь тэр бөх эр эхлээд Очирсүхэд хандаж, тэгснээ

-Энэ хүү сэргэлэн нөхөр юм.  Жаахан өсөөд буцаад явчих байх гэж болгоомжилсон гэнэ.

Үүнийг би гурван настайдаа тэр зааныд гологдсон юм гэж ярьсан юм.

Үүнээс үүдэлтэйгээр сургуульд ороод бас нэг “хэлмэгдэлд” өртсөн гэж хэлнэ лээ. Тэр нь юу вэ гэвэл найман настай Очирсүх төрөлхийн солгой юм байж. Тиймдээ бичиж зурахдаа ширээн дээрээ их зайд эзлэн суух болно. Үүнийг нь ширээний нь хүүхэд таашаахгүй хажиглана.

Очирсүх ч хувиа тавьсангүй. Түүнийг нударчихна, уйлуулна. Тэгэхээр багш нь загнаж нэг удаа гурвалжин шугамын өнцгөөр толгойг нь цоо цохижээ.

Тэгээд ч зогссонгүй зүүн гарыг нь бүсэнд нь хавчуулж баруунаараа бич гэж дарамт үзүүлсэн гэх. Харин ч зөвөөрөө бичих, зурах болсон гэж ярив.

Бас нэг сонин тохиолдол хүүхэд ахуйд нь учирсан гэх юм. Үүнийгээ 16 настайдаа нэг охинд бас гологдсон гэж хэлэв. Мань хүн нэг охин харж явдаг болж. Түүндээ захиа өгөх гэж ядан байж өгсөн нь тун бүтэлгүй хариу ирсэн гэнэ.

Баяртай нь аргагүй задлаад үзсэн чинь өөрийн нь захиаг буцаагаад өгчихсөн. Харин доод өнцөгт нь “С.Очирсүхэд Би чамд хайргүй, битгий горьд” гэжээ. Дарга хүн баримт бичигт цохолт хийдэг шиг л.  Тэгээд учрыг сонсвол тэр охин даргын хүүхэд байж л дээ. Түүнээс хойш Очирсүх сурлагандаа нэг хэсэг муудав, хэрүүл зодоон ч хийж байв. Гэхдээ удалгүй ухаарч “би эр хүн, алийн болгон гологдож жийгдэж явах вэ” гэж өөртөө хэлээд сурлагаа эрхэмлэв. Хоёр гологдлоо гурав гологдохгүй шүү гэж сайн сураад л уралдаан тэмцээнд манлайлсан сурагч гэгдэх болов.

Аравдугаар анги төгсгөөд ЗХУ-д Барилгын ТМС-д явж суралцав. Дараа нь Улаанбаатар хотын нэг барилга трестэд ажиллав.  Сургуульд байхдаа гар бөмбөгт авъяаслаг байснаа орхисонгүй “Барилгачин” нийгэмлэгийн багт багтаж улсын аваргад өрсөлдөж мөнгөн медаль авч, тэгснээр 15 хоногийн цалинтай чөлөөгөөр шагнуулж Шарын голд гэртээ харив.

Гэтэл Дарханы Дулааны станцад ажилладаг нэг ах нь -За хө миний дүү тун хэрэгтэй цагт ирлээ. Манай байгууллага гар бөмбөгөөр аваргаа шалгаруулах гэж байна. Чи манай цехийн өмнөөс тоглоно доо гэв. -Би чинь өөр газар ажилладаг болохгүй гэвэл ах нь “болноо болноо” гэж зүтгээд өөрт нь С.Очирсүх нь Дарханы Дулааны станцын трубин цехийн туслах машинист гэсэн үнэмлэх, тэмцээнд орох мандат авчраад өгчихөж.

Тэмцээнд орлоо. Трубин цехийн баг түрүүлчихэв. Гэтэл асуудал үүсэв. Гадны тамирчин авчирч тоглуулсан хэрэг мандав. Гэвч ах нь улам Очирсүхийг зоригжуулан

-Миний дүү чи тэр барилгын ажлаа орхи. Энэ чигээрээ манай станцад ажилла гэж шаардав. Ахын үгнээс гажих эрх түүнд байсангүй. Дулааны станцад социалист уралдаанд сүүл барьж явсан Түлш дамжуулах цехэд ажилчин болсон байна. Тавдугаар зэргээр цалинжиж тогтмол 650 төгрөгний цалинтай, удалгүй бас социалист хөдөлмөрийн бригадын ахлагч болчихов.

Сэтгэл санаа өөдрөг, амьдрал ахуй ч өөдлөөд байж. Тэгтэл бас нэг гай гарсан нь Хөдөлмөрийн хууль зөрчигч болж хувирав. Шалгалт шүүлэг болж Очирхуягын бригадынханд 21000 төгрөгийн төлбөр тавьчихдаг юм.

Энэ тухай Очирсүх МҮЭ-ийн Төв зөвлөлд гомдол бичиж. Гомдлыг эцэслэхээр Хөдөлмөр цалин хөлсний улсын хорооноос шалгалт ирж ажлын зураг авалт хийгээд Очирсүхийн бригадынхны зөв болж тэд доод тал нь 700-800, дээд тал нь 1400 хүртэл төгрөгний цалин авдаг болж нэг хэсэг явлаа. Гэтэл байгууллага нь Очирсүхийг шүүхэд өгч дахиад л амьдралын дэнс хаашаа хэлтийхийг хүлээв.

Харин ч тухайн үеийн шүүх асуудлыг тун шударга шийдвэрлэж Очирсүх ялсан байдаг юм.

-Хэдийгээр ачигч нар хөдөлмөрийн хуулиар бол хийснээрээ цалинжина гэдэг заалттай ч Хөдөлмөр, цалин хөлсний Улсын хорооны шинэчилсэн тарифаар тэдний бригадынхан цалинжиж байсан нь зөв гэгдэж.

Хамт олон нь Очирсүхэд баяр хүргээд бөөн юм болж. Ингэж л нэр сүртэй ажилласнаар Очирсүх цехийнхээ хөдөлмөрийн аваргаар шалгарч, бас урлаг спортоор тэргүүний гэж магтагдсаар олон жилийн нүүр үзэж.

Гэвч байгууллагын аварга ажилчин болгохоор найман ч удаа нэр дэвшсэн ч намын байгууллагаас дэмжигдсэнгүй гэдэг. Үүний учрыг Очирсүх нэлээд хожим нь мэдсэнээ бас сонирхуулж ярина билээ.

Нэг удаа намын үүрийн дарга нь түүнийг -За хө чи МАХН-д элсэнэ ээ хө. Тэгвэл чиний ажил бүтээл чинь ч өснө. Нэр төр чинь ч дээшилнэ гэж тал засч угтахад нь:

-Би жаахан бодъё доо. Өөрийгөө бэлдэх ч ёстой болов уу гэж цааргалж л дээ. Тэгтэл нь өөрийг нь тэнгэрт тултал магтаж эхэлсэн дарга нь уурсаж:

-Чи тэр Хайнзан, Жанцан, Нямжав нарын үл бүтэх нөхдийн үгэнд орж байна. Нохойн замаар орох чинь дутаа юу гээд бууж өгөв гэнэ. Бүр гар чи гэж хөөв. Очирсүхийг хаалгаар гарах үед нөгөө дарга нэг муухай үг хэлсэн нь

-Чи тэдний үгэнд орсноор аягатай хоолруугаа шороо цацлаа гэж. Ийм юм болсноо багш гэхээр хүндээ хэлсэн чинь тэр даргын аягатай хоол руугаа шороо цацлаа гэдэг үг чинь алдар гавъяа руугаа нулимлаа гэсэн хэрэг юм даа гэж билээ. Түүний үнэнийг Очирсүх ярихдаа

-Би 24 хөн настайдаа анх цехийн аварга  ажилчин болсон бол байгууллагын аварга болохоос 10-аад удаа хасагдсанаар даргын үгийн учрыг олсоон. Цехийн аваргаараа л 40-өөд жил болсон доо гэж хэлсэн юм.

1990 он гарч намын үүрэг роль үгүй болсон ч “үхэхдээ үхэр буугаа” гэгч юм бол С.Очирсүхийг Ардчилалын хөдөлгөөнд оролцсон бас Ардчилсан намын сонгуулийн сурталчилгаанд явсан гэсэн шалтгаанаар хоёр удаа ажлаас халсан тохиолдол бас бий.

1994 онд 46-хан настайдаа эхний удаа улс төрийн шалтгаанаар халагдах тушаал уншуулсан бол түүнээс зургаан жилийн дараа мөн зайлуулж амжжээ. Гэвч “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцдэг"-ийн үлгэрээр нэлээдгүй зарга хийсний эцэст халсан дарга буруудаж, халагдсан ажилчин хамт олондоо эргээд очсон байгаа юм.

Харин Очирсүх өөрийн гэсэн нэг уриатай хүн. Ямар ч нөхцөлд намаа солихгүй, бас ханиасаа салахгүй гэж тэр өөртөө тангараг тавьсан юм гэдэг.

Бас түүнийг хамт олондоо хайртай тэднийхээ төлөө өөрийгөө золиосолж чаддаг хүн гэхэд онох байх.

Том ойнууд болоод байх. Шагнал урамшлын жагсаалтад тэр дээгүүр бичигддэг ч бусдыгаа бодоод нэрээ татаж байсан удаа ч нэг биш.

Түүний энгэрт “Алтан гадас”, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон” хослон гялалзаж байгаа нь төрдөө үнсүүлэх гавъяатайг нь илчилж харагдана.

Очирсүхтэй улс төр ярьж үзлээ. Бас гүйцэгдэшгүй өөдрөг үзэл бодолтой нөхөр юм.

-Өнөөгийн монголд ардчиллыг буруу замаар хөтлөөд байна. Төр, засгийн тогтолцоо ч болохгүй байна. УИХ, Засгийн газар хоёр гэхэд аль нь алнийгаа захирах ёстой нь мэдэгдэхээ байлаа.

Боловсон хүчний бодлого буруудчихаж. Хэмнэнэ гэж ярьдаг ч хэмнэж чадахгүй байна. Улсын төсвийг хэт өсгөж байх юм. Хэмжээтэй байх учиртай.

Төсвийн 50 хувийг удирдлагын зардалд зарцуулдаг болов. Энэ юу гэсэн үг вэ?

Олон жижиг сумыг нэгтгэж тоог цөөлбөл төсөв нэлээд хэмнэгдэнэ. За тэгээд төр, засгийн эрх мэдэлтнүүд нь хулгай, луйвар хийгээд байхаар улс орон яаж хөгжихөв гээд л урсгаж өгөх юм билээ тэр. Энэ бол Очирсүхийн онцлог биш жирийн иргэдийн олонх ийм л бодолтой явдаг байх л даа.

-Өөрөө гэр бүлээ танилцуулна уу? гэхэд зочин нөхөр маань

-Би даргын охинд гологдож явлаа. Түүнээсээ болж ядарч зүдэрсэн, зовлон үзсэн эмэгтэйтэй сууна гэж бодож явсаар аав нь нас бараад ижий, зургаан өнчин дүүгээ тэжээх гэж 16-хан настай оёдолчин болж байсан нэг бүсгүйг ханиа болгосон. Сандуйжавын Болорцэцэг гэдэг.  Манайх таван сайхан хүүхэдтэй. Бид 55 жил жаргалтай амьдарч байна даа гэж ярив.

Очирсүхийн намтар тун баялаг. Тэр дотор нэртэй тамирчин явсан тухай бий.

Дархан хотын волейболын шигшээ багт олон жил тоглодог байв. Цахилгаан станцын баг бүсдээ нэрд гарахад Очирсүхийн роль их байж. 25 жил тэр багт гол тоглогч байсан. Сүүлд ахмадын багт багтаж гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл авч. Түүнд нийт 30 гаруй медаль бий нь хэр хэмжээний тамирчин байсныг нь хэлж байгаа юм. Бас волейболын төрлөөр спортын мастер цолыг бүр эрт авсан юм билээ.

Түүнийг бичих зурах чамгүй авъяастайг дээр хэлсэн дээ. Бүтээл энэ тэр гээд яривал зөндөөнийг тоочих болно.

Хэд хэдэн дууны үг бичсэн гэх. Тэр дотор нь цэрэг эрсийн тухай “Ариун үүрэг”, аавын тухай “Цагаан уулс” гээд дуунууд бий.

Ардчилсан намын туганд хүртэл дууны үг хийгээд амжиж. Тэр ч байтугай Монгол Улсын төрийн дууллын үгийг шинэчилж хийгээд оюуны өмчийн гэрчилгээ авчихсан нөхөр юм билээ. Төрийн сүлдний өөр нэг хувилбар ч түүнд байна лээ.

За тэгээр уран бүтээл талыг яриад байх юм бол шүлэг найраг уншаад, зураг хөрөг үзүүлээд салахгүй янзтай байдаг шүү.

С.Очирсүх хэмээх эрийн тухай нэг зүйлийг тодотгон хэлэхэд Дарханы Дулааны станц гэдэг их айлд 40-өөд жил ажиллахдаа бүтэн 21 жил нүүрс буулгасан нь тийм нөхцөлд олон хүн тэгж тогтвортой ажиллаагүй юм билээ. Давтагдашгүй амжилт ч гэж хэлж болно.

Хүн чанарын хувьд алив алдаа  гажуудалтай тэмцэн түүнийг засч залруулах хийгээд хүнд тустай явах, хамт олныхоо төлөө юугаа ч золиослоход бэлэн ийм л нэгэн юм гэдгийг хэлээд хөрөг нийтлэлээ төгсгөе юү. Тийм чин шударга  зан  нь цусан дотор нь бургилж явдаг хүний нэг Очирсүх гэж хэлэхээ мартах нь. Тэр А-г А гэж  л хэлэхээс Б гэж хэлж сураагүй л хүн дээ. Тэр өөрийнхөөрөө л амьдарч явна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 28. ДАВАА ГАРАГ. № 169 (7154)