Б.ТУУЛ

     Бурхан Халдун гэж ар өврөөрөө битүү модтой, энгэртээ тунгалагхан нууртай нэгэн уул байдаг. Харахад эгэл жирийн уул мэт боловч Бурхан Халдун  уул нь монголчууд бидний хувьд япончуудын Фүжи, еврейчүүдийн Сион уул шиг  ариун дагшин газар, төр түмний шүтээн уул билээ. 

Монголын түүхийн эх сурвалж “Монголын нууц товчоо”-нд өгүүлснээр Их эзэн Чингис хаан хойч үедээ эрхэмлэн захиж гэрээслэхдээ: 

... Өндөр дээд Бурхан Халдун чамайг

Өглөө бүр мялааж байя,

Өдөр бүр тахиж байя,

Үрийн үрд үүрд тахиж

Үе тутам үргэлж шүтье... хэмээсэн нь бас учиртай ажээ. 

Эзэн Чингис хаан алс холын аян дайнд мордох, томоохон үйл хэргийг эхлүүлэхын өмнө энэхүү Их Хайрханы оройд гарч, зорилгоо айлтгаж, оюун билиг, аз хийморь, зориг золбоо, хүч тэнхээ хайрлахыг сүслэн гуйж, мөргөн залбирдаг байсан хэмээн өгүүлдэг.   Үүнээс үзэхэд,  Бурхан Халдун уулын  ариун дагшин оргил Эзэн Чингисийн амьдрал тэмцэл, амжилт ялалтад мөнх тэнгэрийн хишгийг хүртээж, мянган жилийн түүхнээ дурсагдах сод хүмүүнийг түүхэнд мөнхлөн үлдээсэн билээ.

Тэгвэл Монгол төр түмний шүтээн болсон Бурхан Халдун уулаар овоглосон уран бүтээлийн  үзэсгэлэн Монголын Урчуудын Эвлэлийн Арт галерейд гарч байна.

Энэхүү “Бурхан Халдун” үзэсгэлэнд  монгол хүний уран сэтгэмж, онгод хиймор, оюун санаагаа  бясалгаж урласан  30 гаруй бүтээлийг дэлгэжээ.  Үзэсгэлэнгээс хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна. 

Эх сурвалж: www.zms.mn