Д.ДАРАМБАЗАР

 

Дэлхий дээр орших долоон тэрбум гаруй хүн арьс өнгө, үзэл бодол, хүсэл сонирхол, соёл уламжлалаас эхлээд сонсдог хөгжим, уншдаг ном, үздэг киногоороо харилцан адилгүй. Тэр дундаа нас чацуу хүмүүс ч өссөн орчин, хувь хүний хандлага, төрсөн улсаасаа шалтгаалан тэс өөр байх нь бий. Тиймээс бид Монголын болон дэлхийн нас чацуу алдартнуудын амьдралын хэв маягийн тухай “Чацуутууд” буланг хүргэдэг билээ. Энэ удаа “Монгол” киноны гол дүрийн эмэгтэй болох Т.Солонго-Уянга болон Америкийн дуучин, жүжигчин Сарбина Карпентир нарын талаар мэдээлэл бэлтгэлээ. Тэд одоо 24 настай.

 

Т.Солонго-Уянга

 

Тэрбээр 2015 онд моделийн сургалтад анх суралцсанаас хойш загвар өмсөж байгаа. Одоогоор Лондон хотод ажиллаж амьдардаг тэрбээр “Монгол” киноны зураг авалтын үеэр Монголдоо иржээ. Өмнө нь Орос, Хятад улсад загвар өмсөгчөөр ажиллаж байсан туршлагатай. Түүний мэргэжил нь санхүүгийн менежмент бөгөөд 2021 онд Москвагийн их сургуулийг төгсжээ. Анх "Монгол" киноны продюсер С.Уран түүнд санал тавиад, дүрийн шалгаруулалтад бичлэгээ явуулснаар сонгогдсон гэдэг. Анхны тоглосон кино учир багагүй айдастай байсан ч Б.Амарсайхан жүжигчний чиглэл, хамтран тоглолт түүнд их урам өгч, зураг авалтаа амжилттай давахад тусалжээ. Т.Солонго-Уянгын хувьд жижигхэн зүйлд баярлаж, гунигладаг зан чанартай гэнэ. Мөн аливаа хийх гэж байгаа зүйлийнхээ мөн чанарыг ойлгож, түүнийг нь илэрхийлж, ажил гэж хүлээж авч, ихэд ач холбогдол өгдөг нэгэн юм.

Багаасаа л гадны улсын тайзнаа загвар өмсөж Монголынхоо нэрийг гаргах хүсэл мөрөөдөлтэй байжээ. Анхлан загвар өмсөж эхэлсэн үеэс суралцаж, 2018 оноос албан ёсоор ажил гэж бодон илүү нухацтай хандсан байна. Өөрөө ч тэр ажлаасаа аз жаргал, эрч хүч авч, илүү хайрлаж тухайн ажлыг дурлаж хийх юм бол илүү үр өгөөжтэй, амжилттай байхыг мэдэж, тэр зарчмаар ажиллахыг хүсдэг аж. Тийм учраас моделиар ажиллах нь түүнд илүү сайхан байдаг тухайгаа нэгэн ярилцлагад хэлж байсан юм. Харин киноны хувьд мэргэжлийн уран бүтээлч биш гэхэд тун мэдрэмжтэй тогложээ.

Кинонд Сэрчмаа ярихаас илүүтэй харцаараа өгүүлж, харцаараа асууж, чимээгүйхэн ажиглаж, ямар ч зүйл болсон ихэд тайван байсан. Мөн хэлж байгаа үг нь цаанаа нэг өөрийн хүсэл санаагаа илэрхийлсэн, дамжуулсан нь дотоод тоглолт, хувь хүний мэдрэмж үнэхээр төгс зохицсон гэж наруулагчид ярьж байв. Үнэнч хайр сэтгэл гэдэг хаана байдаг, хүн хайраа илэрхийлэхээрээ ямар байдаг гэдгийг тэдний тоглолт бүрэн харуулж, сцен бүрийг нь дахин үзсэн ч тэр бүрд өгөөжөө өгөх вий. Хайртай хүн нь хэдхэн алхмын цаана байхад очоод тэвэрч ч чадахгүй зөвхөн харах л хувь байна гэдэг хэн бүхэнд хэцүү. Үүгээрээ л Сэрчмаа шаналсан, зовсон дүрийг үзүүлж чадсан. Гэхдээ шаналал, зовнилтой юм шиг яриа огт гаргаагүй. Болох ёстой зүйл болж байгаа мэт л байсан нь дүрээ улам чимж өгч байсан гэдгийг кино шүүмжлэгчид бичиж байв. Магад загвар өмсөгч хүн болохоор зураг авалтын талбайд олон гарсан байх.

Тэр энэ тухай "Кинонд чиний нүдний харц, хэлэх нэг үг, гарын хөдөлгөөн, биеийн хэлэмж чинь үзэгчдэд шууд хүрнэ. Нэг л зүйлийг өөрчлөхөд үзэгч өөр мессежийг хүлээж авах боломжтой. Зар сурталчилгаа, рекламны зураг авалт дээр тухайн бичлэгийг яаж л бол яаж таслаад, эвлүүлж болдог. Харин кинон дээр бол чи нэг л явсан бол тэр чигээрээ зогсоохгүйгээр, авч байгаа мэдрэмжээ гаргаад, маш үнэнээр түүнийгээ илэрхийлэх ёстой гэж санагдсан. Энэ утгаараа надад маш үнэ цэнтэй, асар том зүйл л юм шиг мэдрэгдсэн. Харин натурт гарах өглөө нь гэнэт ухаан орсон юм шиг “Би кинонд явах гэж байгаа юм байна” гэж бодоод, олон мэдрэмж зэрэгцэж төрсөн. Тэр дундаас айдас нь илүү ч гэх юм уу. Тийм мэдрэмж илүү зонхилж байсан” гэсэн юм. Тун сайхан монгол төрхтэй, гэгээн инээмсэглэлтэй эмэгтэй "Монгол" киноны дүрд тоглосон нь олон хүний анхаарлыг татсан шинэ дүр төрх байлаа.

 

Сабрина Карпентер

 

Харин түүнтэй нас чацуу дэлхийн од АНУ-ын дуучин, жүжигчин Сарбина Карпентер 1999 оны тавдугаар сарын 11-нд АНУ-ын Зүүн Гринвилл хотод төрсөн. Тэрбээр гурван эгчтэй бөгөөд 10 настайгаасаа дуулж буй бичлэгээ YouTube дээр нийтэлж эхэлсэн. Аав нь түүнд зориулж дуу бичлэгийн студи байгуулж өгчээ. Дуучин, ая зохиогч, жүжигчин, стиль имижээрээ олон сая үзэгчдийг байлдан дагуулсан тэрбээр өөрийн хөгжмөөр тайзан дээр болон студидээ ар араасаа сүлд дуугаа хүргэж, дэлхийн өнцөг булан бүрт түүний дуунууд хүрсэн юм. Дэлгэц дээр тэрбээр телевиз, кинонд тоглосон дүрүүдээрээ мега-фэнүүдийг бий болгосон. Мөн Island Records-той гэрээ байгуулж, "Skin", "Fast Times", "Vicious", "Because I Like A Boy", "Nonsense" зэрэг олон хит дуунуудаа гаргаж байсан юм.

Харин жүжигчний карьераа 2010 онд NBC драмын "Хууль ба журам: SVU"  зочлон эхлүүлж байжээ. Үүнээс хоёр жилийн дараа Дисней сувгийн 1990-ээд оны нэн алдартай хүүхэлдэйн киноны үргэлжлэл болох "Бүсгүйн ертөнцтэй уулзав" хэмээх насанд хүрэгчдийн ситкомд Роуэн Бланчардын хамгийн сайн найзын дүрд тоглосон юм. Энэ дүр нь түүнийг илүү тодотгож чадсан байдаг. 2014 онд Карпентер Холливудын рекордстой гэрээ байгуулж, тэр жилийнхээ гуравдугаар сард "Оролдоод байгаа охиныг буруутгаж болохгүй" гэсэн дуугаа сонсогчдод хүргэж байв. Хэсэг хугацаанд дуугаа орхиж байсан түүний хувьд "Smoke and Fire" гэсэн дуугаараа эргэн ирж байлаа. Харин 2017 онд YouTube-ийн од Жасмин Томпсонтой хамтран Харри Стайлсын "Цаг үеийн тэмдэг"-ийн сэтгэл хөдөлгөм ковер дууг хийсэн.

Тэрбээр Netflix-ийн "Work It" бүжгийн кинонд продюсерээр ур чадвараа сорьсныхоо дараа аравдугаар сард "At Last Productions"-ыг эхлүүлсэн юм. "Алиса гайхамшгийн оронд" мюзиклийн гол дүрд тоглосныхоо дараа холливудад хөл тавьсан. Энэ талаараа "Миний амьдрал хаашаа явахаас хамаарч би шийдвэрээ гаргах болно. Тиймээс өөрийнхөө зөв гэсэн зүйлийг хийж, таалагдсан бүхнээ хийнэ" хэмээн хэлж байжээ. Сабрина Карпентер олон нийтийн мэдээллийн хэрэгсэл буюу Instagram дээр 28 сая, TikTok дээр 13 сая дагагчтай. Түүний алдар нэр нь "Би илгээж чадахгүй имэйл" гэсэн цомгоос үүдэлтэй. Энэ цомог Их Британи даяар цацагдаж, шүтэн бишрэгчид нь огцом өсөж байсан юм. Цомог дээрээ гэр бүл, хайр дурлал, сэтгэлийн шаналал, түүний хоорондох бүх үе шатууд болон хүнд хэцүү үеийнхээ тухай илэн далангүй, эмзэг байдлаар бичдэг. Мөн өвөрмөц түүхүүд болон бусад хүмүүсийн сэтгэлгээг бичдэг гэдгээрээ онцлогтой. Тэрбээр сонсогчдод зориулсан тод дүр төрхийг бүтээж, дууг хүлээн авч буй хүнтэй илэн далангүй ярилцдаг. Түүний цомог 10 минутын дотор бүрэн борлогдсон нь үүнтэй холбоотой. Сабрина өөрийн гайхалтай амьд хоолой, дур булаам зан чанар, бүжгийн хэв маягаа харуулж чадсан бөгөөд АНУ-ын өнцөг булан бүрт үзэгчдийн хүртээл болсон шилдэг дуучин бүсгүй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 25. БААСАН ГАРАГ. № 168 (7153)