Б.БОЛОР
“Монголын Органик ногоон хүнсний холбоо”-ноос “Веган фестиваль-2023”-ыг энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах юм байна. Дэлхий дахинд тэмдэглэдэг “Төрөл зүйлээр ялгаварлахыг зогсоох Дэлхийн өдөр”-тэй хамтатган “Веган бол шийдэл” уриан дор тэмдэглэж байгаагаараа онцлог хэмээн зохион байгуулагчид хэллээ.
Монгол хүний нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судасны тогтолцооны өвчин, хавдар, хоол боловсруулах тогтолцооны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл зөв хооллох дадал зуршилд суралцах шаардлага бий. Цаашлаад байгальд ээлтэй ухаалаг хэрэглээг хэвшүүлэх, хог хаягдлыг бууруулах зэрэг тулгамдсан асуудлуудын шийдэл нь веган хоол гэдгийг нийгэмд таниулахын зэрэгцээ үүнд бүрэн хариулт өгч, шинжлэх ухааны судалгаан дээр үндэслэсэн тоо баримттай мэдээллийг олон талт байдлаар өгөх юм байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын комиссын (IPCC) зургаа дахь удаагийн үнэлгээний тайланд улс орнуудын уур амьсгалын үйл ажиллагааны цар хүрээ хангалтгүй. Дэлхийн дулаарал аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс Цельсийн 1.5 хэмээс давж магадгүй гэдгийг анхааруулжээ.
“Бүх нийтээр амьдрах боломжтой, тогтвортой ирээдүйг” хангахын тулд бүх салбар, системд “Хурдан бөгөөд өргөн хүрээтэй” шилжиж хүлэмжийн хийн ялгаруулалтыг 10 жилд 50 хувиар бууруулах ёстой гэжээ. Тиймээс веган хүнсний тогтвортой эрүүл хооллолт шийдэл болох бөгөөд нийгмийн эрүүл мэнд, биологийн олон янз байдлыг хамгаалах зэрэгт чухал ач холбогдолтой, өндөр үр өгөөжтэй хэмээн онцлон тэмдэглэсэн байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орон бүрт уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшгийн давтамж нэмэгдэж буй энэ үед дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох, амьтны эрхийг хамгаалах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилготой веган хөдөлгөөн эрчимжиж буй юм.
Энэ удаагийн фестивалийг 30 орчим байгууллага, аж ахуйн нэгжүүд хамтран зохион байгуулж байна. Энэ үеэр веган хоол, бүтээгдэхүүн, амттан, гоо сайхны үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгчид болон байгаль орчин, органик тариалан, амьтны эрх, йог, биеийн тамир спорт, эрүүл мэндийн чиглэлийн байгууллагууд мөн энэ төрлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд оролцох ажээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 25. БААСАН ГАРАГ. № 168 (7153)