Б.НЯМСҮРЭН

Бидний ирээдүй болсон хүүхэд эрүүл аюулгүй орчинд өсөж, тоглох эрхтэй. Тэд өөрөөс шалтгаалахгүй зүйлээс хамаарч гэмтэж бэртэх учиргүй. Хүүхдийнх эрүүл аюулгүй орчинд тоглож наадах эрх зөрчигдөж байна. Гурван жилийн өмнө ГССҮТ-ийн судалгаагаар тоглоомын талбайгаас унаж бэртсэн 60-80 хүүхэд өдөрт хүлээн авч бэртэж, гэмтсэн гэх шалтгаангаанаар тусламж авч байжээ. Зуны улиралд хүүхдүүд гадаа тоглох нь ихэсдэг учраас осол бэртэл нэмэгддэг байна.

Мөн  2017 онд 0-18 хүртэлх насны 29.314, 2018 онд 41.960, 2019 онд 47.926 хүүхэд гэмтэж тусламж авсан судалгаа бий. Үүнээс ихэнх хувийг нь тоглоомын талбайн гэмтэл эзэлж байгаа юм. Нийслэлд нийт 1452 хүүхдийн тоглоомын талбай байгаагаас  төрийн байгууллагын харьяа 757, төрийн бус байгууллагын 649, харьяалалгүй 92, стандарт шаардлагын хувьд солих шинэчлэх шаардлагатай 583, огт тоглоом байдаггүй 143, нэг болон гурван тоглоомтой  683, наймаас дээш тоглоомтой 130 талбай байгаа аж.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан судалгаагаар 44 байршлын тоглоомын талбайд хяналт шалгалтын ажил явуулахад 60 хувь нь эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарчээ. Үүнд тоглоомын талбай бүрэн бус, эвдрэл ихтэй, тоглоомууд стандартын бус, хуучирсан, ашиглалтын шаардлага хангаагүй, гулсуур хэт налуу зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.

Тоглоомын талбайн эргэн тойронд нь аюул учруулах зүйл байх ёсгүй

Хүүхдийн тоглоомын талбай нь хүүхэд бие бялдраа хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, тоглох зориулалттай талбай юм. Үүнд аюулгүй байдлын шаардлага чухал нөлөөтэй. Тоглоомын талбай нь авто замаас зайтай, эргэн тойронд нь аюул учруулах зүйл байх ёсгүй аж. Мөн зай талбайн хэмжээ чухал. Зай талбайн стандартын шаардлага хангаагүйн улмаас буюу бага зайд олон төрлийн тоглоом байршуулснаас хүүхэд гэмтэх бэртэх эрсдэлтэй үүсээд байгаа. Тоглоомын талбайн арчлалт, хамгаалалт, нөхөн сэргээлт чухал нөлөөтэй. Манайд арчлалт, засварын асуудал хамгийн их тулгамддаг гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Мөн тоглоомын эрэг, боолт хамгаалагдсан, суурь нь бетон биш байх шаардлагатай. Хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлын стандартад зогсоолын дээд талд хүүхдийн тоглоомын талбайг байрлуулж болохгүй гэж заасан хэдий ч нийслэлийн орон сууцууд зогсоол дээр тоглоомын талбай барьсан байх нь бий. Гэр хороолол болон төвийн орон сууцны дундах тоглоомын талбай хүүхэд бэртэж гэмтэх эрсдэлийг дагуулж байгаа юм.  Нэг тоглоомын талбай 30-70 сая төгрөгөөр босдог байна. Ингэхдээ тоглоомыг нь ямар материалаар хийснийг тодруулдаггүй. Ийм тоглоом худалдаалдаг хэд хэдэн газар нийслэлд байдаг байна.

Тоглоомын талбайн суурь стандартын шаардлага хангасан байх хэрэгтэй

Улирал бүр хяналт тавьж, жил бүр нэгдсэн хяналт, засвар хийх шаардлагатай. Үүнийг хийгээгүйгээс тоглоом хуучирч, элэгдсэнээс эрсдэл дагуулдаг. Мөн хүүхдийн тоглоомын талбайн суурь нь элс, хайрга, эсвэл резинэн зөөлөвчтэй хийх ёстой байна. Энэ стандарт хүүхдийн тоглоомын  ихэнх талбайд алдагдсан. Шаардлага хангасан гадаргуутай тоглоомын талбай ховор. Хүүхэд үсэрч, гулгаж газардахад гадаргуу нь элс, хайрга, эсвэл зөөлөн резин байх ёстой байтал манай тоглоомын талбайн гадаргуу ихэвчлэн цемент, хивсэнцэр, шороо байдаг.

Шилбэ, гуяны булчин чангалах зориулалттай төхөөрөмжид хүүхэд хөлөө хавчуулж, бэртэл авсан тохиолдол цөөнгүй гэнэ. Гадны улсууд хүүхдийн тоглоомын талбайд хийлдэг тоглоом байрлуулдаг. Харин манайд эсрэгээрээ мод, төмөр материалтай тоглоом элбэг. Хүүхэд өргөөд дийлэхгүй төмөр савлуур ч байх жишээтэй. Өөрсдийн биеийн жингээс хүнд тоглоомыг хөлөөрөө түлхэн, хөөргөж тоглох боломжгүй. 

Тоглоомын талбайн насны ангилал

Бага насны хүүхэд. Үүнд зургаан сараас 23 сар хүртлэх насны хүүхэд хамаарна. Авирдаг тоглоом нь 80см-аас бага өндөртэй  байх. гулсуур нь 360 градус өнгөөр эргэх спираль хэлбэрийн гулгууртай байх хэрэгтэй. Савлуур нь пүрштэй байвал зохистой юм.

Сургуулийн өмнөх насанд хоёроос таван насны хүүхэд багтана. Хөндлөн дамнуурга 150 см-аас бага байх ёстой. Тиймээс талбайд гүйдэг бөмбөрцөг, налуу хавтан, эвхэгддэг шат, энгийн жижиг шат, гулсуур байх шаардлагатай юм. 3600-с хүртэл өнцгөөр эргэх спираль хэлбэрийн гулсуур. Мөн пүрштэй савлуур, шаталсан зам, хамгаалалттай савлуур байх хэрэгтэй байна.

Сургуулийн насны хүүхэд. Энэ ангилалд таваас 12 настан багтана. Тэдний тоглоомын талбайд нуман хэлбэрийн авирдаг шат, гинжин болон олсон дүүжин шат, гүүр байх хэрэгтэй. Мөн босоо авирдаг болон дүүжин, хөндлөн дамждаг, авирдаг шат байх.  Эргэдэг тавцан, налуу хавтан. Гулсуур, 3600-с хүртэл өнцгөөр эргэх спираль хэлбэрийн гулсуур. Шаталсан зам, эргэдэг дугуй, савлуур хэрэгтэй. Мөн дүүжин гулсуур, босоо гулгах багана багтдаг байна.

 

Кейс 1

 

Гурван жилийн өмнө Баянгол дүүрэгт тоглоомын талбайн гулсуур унасны улмаас 12 настай охины гавлын яс цуурч, тархинд нь цус хурсан харамсалтай хэрэг гарчээ.  Тухайн үед ГССҮТ-ийн эмч нар охинд  яаралтай эмчилгээ хийж, гавлын яс тайруулах мэс засал амжилттай хийсэн ч охин хоёр жил сургуульдаа явах боломжгүй болсон байна. Тоглоомын талбайг стандартын дагуу бат бөх бэхлээгүйн улмаас гэрийнхээ урд тоглох гэж гарсан нэгэн охин эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирч, хоёр жил үе тэнгийн хүүхдүүдтэй хамт сурч, тоглож чадаагүй аж.

 

Кейс 2

 

Нэгэн гэр бүлийн хүүхэд нь гэрийнхээ ойролцоох тоглоомын талбайн гулсуураас унаж гараа хугалж байжээ. Энэ нь тоглоомын талбайн стандарт шаардлагаас болж гэмтсэн байна.  Тухайн хүүхэд хэсэг хугацаанд гам барьж, эмчлүүлжээ.

 

Кейс 3

 

Баянзүрх дүүргийн 14-р хороонд  бага насны гурван хүүхэд бэхэлгээ муутай гулсуурт даруулсан осол гарсан байна.  Осол гарахын өмнөхөн Сууц өмчлөгчдийн холбооноос гулсуурыг байршлаас нь хөдөлгөж үүнийгээ оршин суугчдад мэдэгдээгүй гэнэ.  Ослын улмаас хүүхдүүдийн амь нас эрсдээгүй ч  зургаан настай охины  баруун гар хугарч, толгой, цээж, хөлөндөө зөөлөн эдийн бэртэл авсан байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 25. БААСАН ГАРАГ. № 168 (7153)