Баатарын НЯМСҮРЭН

 

Энэ жилийн төрийн наадмаар цахим орчинд нэгэн бичлэг хүмүүсийн сэтгэлийг догдлуулсан нь аавыгаа улсын цол авч чадаагүйд  харуусаж уйлах хүүгийн агшин билээ. “Зууны мэдээ” сонин “Хүүхдийн ертөнц” булангийнхаа ээлжит зочноор Цэргийн арслан Г.Жамбалдоржийн хүү Ж.Дарханбаатарыг онцолж байна.

 

-Өнгөрсөн сард аавтайгаа хоёр сумын ойд түрүүллээ. Тухайн үеийн  сэтгэгдэлээсээ хуваалцахгүй юу?

-Бид энэ жил  улсын наадмын дараа орон нутаг руу явж наадсан. Хотоос гараад Архангай аймгийн Хотонт сумын наадмыг зорилоо. Тус барилдаанд аав шөвгийн наймт үлдсэн. Харин би барилдаагүй. Учир нь хотод зодог шуудгаа үлдээсэн байлаа. Тэгээд хот руу ахдаа захиж авсан. Эрдэнэцогт сумын 100 жилийн ой  өнгөрсөн сарын 21-23 хооронд болж улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд аав түрүүлсэн. Харин би хүүхдийн барилдааны түрүү хүртсэн юм. Үүний дараа аавын төрсөн нутаг Хүрээмарал сумын ойд хамтдаа  хоёр дахь түрүүгээ авсан. Аавтайгаа хамт туг тойрохдоо их баярлаж байлаа. Мөн Говь-Алтай аймагт барилдаад гурвын даваанд нэг ахтай таараад унасан. Энэ наадамд 11-14 насны ангилалд орсон. Харин өмнөх хоёр сумын ойд 9-11 насанд барилдаад ирлээ.

-Эрдэнэцогт сумын наадамд өрсөлдөгч бөхөө аргадаж харагдсан?

-Өрсөлдөгч маань унасныхаа дараа харамсаад уйлсан. Хэрэв би өвдөг шороодвол хэцүү байх нь тодорхой. Түүний оронд өөрийгөө тавьж үзээд аргадаж тайвшруулсан.

-Дэвжээнд гарахдаа хэрхэн барилдана гэж бодож байсан бэ?

-Анхаарлаа төвлөрүүлж, сайн барилдана гэж бодсон. Аав их урам өгсөн. Дэвжээ рүү гарахаас өмнө “Зоригтой байгаарай” гэж  хэлэхэд нь өөртөө итгэх итгэл нэмэгдэж байлаа. Тухайлбал, Эрдэнэцогт сумын наадамд түрүүлэхэд гурван барилдаан үлдсэн байхад аав “Түрүүлээрэй” гэж захисан. Мөн Хүрээмарал суманд үзүүр түрүүнд үлдээд золгоод барилдах үед аав “сугадаад мушгиарай” гэж хажуугаас  хэлж билээ. Тэгээд би аавын зөвлөснөөр мушгиад давсан.

-Хэзээнээс аавтайгаа хамт наадмын дэвжээг зорих болов?

-Би аавын барилдааныг  үзэх дуртай болохоор хамт явдаг. Одоогоос хоёр жилийн өмнө Бөхийн өргөөнд очиж барилдаан үздэг болсон. Харин энэ жилээс  наадамд хамт явж байна. Наадмын өмнө  Баянхонгор аймагт “Хонгор нутаг” дэвжээнд аавыг дагаж бэлтгэлд хамрагдсан. Дараа нь хотод ирээд Сүүж уул амралтад бэлтгэлд гарахад нь мөн л хамт явсан.

-Бэлтгэлд гарах ямар байв. Их зүйл сурсан уу?

-Барилдааныг нь үзэж, хүндэлдэг ах нартайгаа бэлтгэлд гарах сайхан юм билээ. Тэдэнтэй ойр байж суралцана. Би үеийнхээ найзуудтай барилддаг байсан. Мөн оройн хоолны дараа томчууд хүүхдүүдээ барилдуулаад зааж зөвлөнө. Би бэлтгэл дээр хоёр ахыг дийлдэггүй байсан, тэднийг нэг удаа л  давсан.

-Төрийн наадмаар уйлж буй агшин нь цахим орчинд яваад байсан. Тухайн үеийн сэтгэгдэл ямар байв?

-Уйлсан шалтгаан нь аав  амжилтын төлөө зогсолтгүй  хөдөлмөрлөдөг. Үүнийг нь сайн мэддэг болохоор унахад нь харамссан. Төрийн наадмын дөрвийн даваа их хүлээлттэй байлаа. Цэнгэлдэх дотор аавын дээлийг тэврээд даваасай гэж бодоод наранд залбирсан. Үзэгчид шуугиад дэлгэц рүү харахаар аав биш байдаг. Нэг харсан чинь мушгиад хөл алдуулсан байлаа. Би ингээд давчихлаа гэж бодтол өрсөлдөгч бөх нь уналгүй тогтчихсон.

-Аавтайгаа ижилхэн цэнхэр зодог шуудагтай юм билээ. Хэзээ зодог шуудагтай болсон бэ?

-Гурван жилийн өмнө зодог шуудагтай болсон. Энэ  зодог шуудгаа өмсөөд барилдаж байгаа. Аав өмнө нь өмсөж байсан ногоон зодог шуудгаа өгнө гэж амласан. Тиймээс дараа жил аавын зодог шуудгийг өмсөж барилдана.

-Бөхөөр анхны медалиа хэзээ авч байсан бэ?

-Ер нь би барилдах дуртай. Өмнө нь аав тэмцээн уралдаанд орох болоогүй гээд зөвхөн бэлтгэлд хамруулдаг байлаа. Анх Баянхонгор аймгийн Ламын Гэгээний 380 жилийн ойн хүүхдийн барилдаанд мөнгөн медаль хүртсэн.

-Хичээл орох дөхөж байна. Энэ жил долдугаар ангид орох байх аа?

-Тиймээ. Би том биетэй болохоор аав таван настай байхад сургуульд оруулсан. Харин зургаан настай сургуульд сурсан бол зургаадугаар анги байх байлаа. Хичээл орж найзуудтайгаа уулзана гэж бодохоор догдлоод  байна. Би өмнө жилээс Спортын төв ордны сургуульд сурч эхэлсэн. н.Энхбаяр багшийн анги. Манай анги 24 хүүхэдтэй. Хичээлээс өмнө чөлөөтийн бэлтгэл ордог.

-Ямар хичээлдээ дуртай вэ?

-Бүх хичээл сонирхолтой. Үүнээс математикийн хичээл гоё. Мөн биеийн тамирын хичээлдээ дуртай. Гэхдээ хичээлийн хажуугаар бэлтгэл хийдэг  болохоор манай ангид биеийн тамирын хичээл орох нь цөөн.

-Чөлөөт цагаараа ихэвчлэн юу хийдэг вэ?

-Цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хичээдэг. Зарим үед дүү нараа харж ээждээ тусална. Байрныхаа гадна талбайд сагс тоглоно. Мөн дуу сонсох дуртай. 

-Бөх хүний юу нь таалагддаг вэ?

-Би бөх  хүнийг ааваараа төсөөлдөг. Аав шиг төлөвшилтэй болно. Бөх хүн амжилт гаргаад түмэн олондоо хүндлэгдэх нь бахархалтай. Мөн наадамд түрүүлээд аав ээждээ үнсүүлэх сайхан байх.

-Аав шигээ төлөвшилтэй болохыг хичээдэг гэлээ. Аавынхаа ямар зан чанараар бахархдаг бол? 

-Аав их тэвчээртэй, тайван зантай. Аливаад их хүлээцтэй ханддаг. Бусдыг хүндэлж, их найрсаг сайхан харьцана. Аав гэртээ байхад халуун дулаан уур амьсгалаар дүүрч, жаргалтай байдаг. Өрсөлдөгч бөхөө хүндэлж байгааг нь харах сайхан шүү. Аав “Барилдаад унавал хурдан босоод, түрүүлээрэй гэж тахимаа өгөөрэй” гэж захидаг.  Аавыгаа би дараа жилийн наадмаар улсын цол аваасай гэж хүсэж байна.

-Гэр бүлээ танилцуулна уу. Айлын том хүүхэд үү?

-Манайх зургаан ам бүлтэй. Би айлын том хүүхэд. Гурван эмэгтэй дүүтэй. Бага дүү минь долоон сартай. Аав Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат. Харин ээж Ховд аймгийнх. Ээжийг Т.Эрдэнэтуяа гэдэг. Ээж намайг төлөв даруу байх занд сургасан гэж боддог .

-Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй. Ирээдүйн хамгийн том мөрөөдөл нь юу вэ? 

-Би ирээдүйд Монголын хамгийн олон түрүүтэй аварга болно. Үндэсний бөхөд хамгийн олон түрүүлсэн нь Б.Бат-Эрдэнэ аварга. Энэ эрхэм хүний амжилтыг эвдэнэ гэж боддог. Хүн  том зорилготой байж түүнийхээ төлөө хичээх ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 24. ПҮРЭВ ГАРАГ. № 167 (7152)