Баатарын НЯМСҮРЭН

“Зууны мэдээ” сонин “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буландаа  өнгө өнгийн гоёмсог торгон дээр уламжлалт хээг шаглаж, хөөргөний даалин урладаг Х.Отгонбатыг  онцолж байна. Уламжлалт оёдлуудаас зүү ороох нь нарийн мэдрэмж, ур ухаан, шаарддаг хэмээн даалин урлаачид хэлдэг. Хүмүүсийн дунд эмэгтэй хүн л аливааг оёх авьяастай байдаг гэсэн ойлголт бий.  Харин энэ удаагийн нийтлэлээрээ  эрэгтэй хүн өөрийгөө хөгжүүлж, хөдөлмөрлөвөл оёж шаглах авьяастай гэдгийг  харуулахыг зорилоо.

 

Ээжээрээ зүү ороох оёдлыг заалгажээ

 

Х.Отгонбат  одоогоос таван жилийн өмнө зүү ороох оёдлыг сурсан гэдэг. Үүнээсээ улбаалан давхар зүү ороох, загасан нуруугаар оёх дадлыг эзэмшсэн байна. Түүний урласан даалингийн чимэг нь эдгээр гурван оёдол. Мөн оёсон даалин бүрээ тод өнгийн үүлэн хээтэй торгоор эмжсэн нь түүний бүтээлийг улам тодотгоно. Авто машины осолд орж гэмтэл авсан түүнд эмч нар “Зүгээр сууж болохгүй. Ямар нэгэн зүйл хийгээрэй” хэмээн зөвлөжээ. Тухайн үед ээж нь зүү ороох оёдлыг зааж өгснөөр даалин оёх эхлэл нь болжээ. “Миний ээж  хөдөлмөрийн багш мэргэжилтэй. Зүү ороох оёдлыг ёс журмаар нь зааж өвлүүлсэн юм шүү дээ. Анх дугуй болон үүлэн хээ оёж сурсан. Эхэндээ ч амаргүй л байв. Ээжийнхээ урмыг хугалахгүй гэсэндээ уйгагүй оролдсон л доо” хэмээн тэрбээр хуучлав. Анх ах дүү, ойр дотны хүмүүстээ даалин урлаж өгдөг байсан Х.Отгонбат их, дунд, бага гарын даалин урладаг. Анхны даалингаа том ахдаа урлаж бэлэглэсэн түүнийг даалин оёж байгааг мэдээгүй байсан гэдэг. Сар шинийн баяраар өөрийн урласан даалингаа бэлэглэхэд хамаатнууд нь ихэд баярладаг тухай ярьж байлаа.

Даалин урлаж сураад чамгүй хугацаа өнгөрч байгаа түүнд анхны даалингаа харахаар болхи харагддаг гэнэ лээ. Тиймээс ах дүү нарынхаа даалинг эхнээс сольж өгч байгаагаа хэлсэн юм. Зүү ороож чамин ур шингээж урласан түүний даалин 700 мянган төгрөгөөс эхэлдэг юм билээ. Оёсон даалингаа  харах нь үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмжийг түүнд өгдөг аж. Үүнээсээ  авч урам авч ихийг бүтээх үйлсэд хөтлөгддөг байна.

 

“Морь, туулай, хулгана өдөр бүтээлээ эхэлдэг”

 

Даалин оёх нь түүний амьдралын салшгүй хэсэг болсон. Тэр ч бүү хэл хүмүүсээс захиалга авч урлах нь цөөнгүй. Мөн өөрийн сонирхлоороо  оёж худалдаалдаг аж.  Аав, ээжийнх нь шавь нараас эхлээд сайд, дарга нар ч түүнээс даалин худалдаж авч “гангардаг”. Тэрбээр даалиндаа сайн чанартай материал, утас, эмжээр, дотор сонгодог чамбай нэгэн. Мөн  торгон дээрээ зохиомжоо гаргаж, хээ угалзаа буулгаж, зохицсон утсаар сайн өдөр эхэлдэг байна. Ихэвчлэн морь, туулай, хулгана өдөр бүтээлээ эхлүүлдэг нь богино хугацаанд оёж дуусгахыг чухалчилдагтай нь холбоотой. Даалин бүр нь хээнээсээ хамаарч харилцан адилгүй хугацаанд дуусдаг аж. Хамгийн удаан оёсон нь гурван сар шаардсан гэнэ лээ. Мөн тухайн даалингийн эзэнд ээлтэй өнгийг сонгодог нь түүний баримталдаг зарчим. Энэ талаар Х.Отгонбат “Хээг оёхдоо жигд хатгахаас гадна, булан өнцгийг нь зөв гаргах хэрэгтэй. Ингэж чадвал даалин сайхан харагдах боломжтой. Төрөл бүрийн амьтантай даалин оёсон. Харин сүүлийн үед монгол бичгээр дууны үг, ерөөл зэргийг зүү ороох оёдлоор шаглаж даалингаа  урласан байна.  Тухайн хүн өөрт ээлтэй өнгөө сонгох нь чухал. Тухайлбал, хулгана жилтэй хүнд хөх ногоон, үхэр жилтэй бол улаан, нил ягаан тохиромжтой. Харин бар жилтэнд саарал, цагаан, улбар шар гэх мэт өнгөний зохилдлого гэж бий” хэмээн өөрийн туршлагаасаа хуваалцав. Даалин бүртээ сэтгэлээ шингээж урладаг нь түүний бүтээлээс харагдаж байлаа. Чанартай бүтээл урлах нь худалдаж авч буй хүнд  тааламжтай санагддаг нь тодорхой биз ээ. Эрчүүдэд очир, нацагдорж хээ их ээлтэй байдаг аж. Мөн сүүлийн үед хүмүүс энэ хоёр хээ оролцсон даалин сонгох нь түгээмэл байгааг тэрбээр хэлсэн юм.

 

“Тэвчээр хатуужил, нягт нямбай байдалд суралцсан”

 

Амьтан болон уул,  үүлийг нарийн утас зүүгээр  оёдог бол үүнээс арай бүдүүн утсаар хээг оёдог байна. Учир нь бүдүүн утсаар оёсон хээний булан нь тодорч  товгор харагддаг гэнэ. Түүнийг даалин оёход нь хүмүүс их гайхдаг.  “Эмэгтэй хүн л оёх авьяастай байдаг, чи оёдог нь үнэн юм уу”  гэж хэлэхийг олонтаа сонсчээ.  Мөн үзэсгэлэн худалдаанд оролцож байх үед түүний урласан даалинг хүмүүс машинаар оёсон гэж хэлж байсан гэдэг. Тиймээс өөрөө оёсон гэдгээ зарим хүмүүст бодитоор нь оёж харуулж байсан гэж байлаа. Тэрбээр даалингаа эзэнд нь хүлээлгэж өгөхдөө хорин төгрөг хийж “Эд нь хэврэг, эзэн нь мөнх” байхыг ерөөдөг байна. Өглөөнөөс орой болтол зүү утас, таслагчтай нөхөрлөнө. Эдгээр нь түүний ажлын “багаж“. Мөн худалдааны төвөөр явахдаа торго материал хардаг бөгөөд хүмүүсийн хэлдэгээр мэргэжлийн зуршил болсон ажээ. Ингэж л өөрийн сонирхолдоо татагдаж “дурласан” түүхтэй.

 Х.Отгонбат нь өөрийн дурлаж сурсан хоббигоо орхилгүй үргэлжлүүлсээр.  Оёсон даалингаа тоолж байгаагүй гэдэг. Цаг хугацаа өнгөрөх тусам түүний оёдол сайжирч, туршлага нь зузаарчээ. “Өглөөнөөс орой болтол оёх нь элбэг. Гар хүзүү нь хөшиж чилэх тохиолдол байдаг ч өөрийн дуртай  зүйлээ хийж байгаа учир ажирдаггүй байна. Тэрбээр даалин оёж эхэлснээр тэвчээр хатуужил, нягт нямбай байдалд суралцсан” гэлээ. Хөөргөний даалин нь  эдэлгээнээсээ хамаарч бага зэргийн хэр тоос тогтох нь бий. Гэхдээ даалинг угаах нь тохиромжгүй хэмээн зөвлөсөн юм. Харин угаалгын бодистой чийгтэй алчуураар хөнгөн дарж арчих хэрэгтэй гэсэн шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 24. ПҮРЭВ ГАРАГ. № 167 (7152)