П.АМГАЛАН
Засгийн газрын ээлжит хуралдаанаар 32 асуудлыг хэлэлцэж, танилцах юм. Хурлаас гарсан шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа. Тэрбээр “Боловсролын багц хууль баталсан онцлогтой шинэ хичээлийн жил эхлэх гэж байна. Энэ зун БШУЯ-наас онцолж анхаарч ажилласан хэд хэдэн ажил бий. Нэгдүгээрт, гурван ээлжээр хичээллэх эрсдэлд орох гэж байгаа 68 сургуулиудад онцгойлон анхаарлаа. Үүнд 50 мянга гаруй хүүхдийн асуудал хөндөгдөж байна. Үүнээс нийслэлд 47 сургуульд 33 мянган хүүхдийн асуудал үүсэж байгаа. Үүний тулд гурван ээлжээр хичээллэх нөхцөл байдал, шалтгаан юу байв гэдгийг хөндсөн. Ингэхэд гурван үндсэн шалтгаан байсан. Тодруулбал, 70 мянган хүүхэд нэгдүгээр ангид ороход 30 мянган хүүхэд 12-р анги төгсөж байгаа юм. Ингэхээр жил бүр 35-45 мянган хүүхдийн зөрүү гарч байгаа учраас дунд, ахлах ангид ачаалал үүсэж шинэ хичээлийн байр, анги танхимын шаардлага нэмэгдэж байна. Энэ бол хамгийн гол үндсэн шалтгаан болж байна. Хоёрдугаарт, оновчгүй хөрөнгө оруулалтын төлөвлөлт, бодлого хийж, төсвийн бодлого хэрэгжүүлж байсан алдаанаас болж газаргүй, зураг төсөлгүй сургуулийн хөрөнгө оруулалтыг төлөвлөснөөс болж тус сургууль цэцэрлэгүүд олон жил ашиглалтад орохгүйгээр жил дамнаж төсөв нь өсдөг тендерийн хонгил үүссэн байна. Гуравдугаарт, хот төлөвлөлтийн алдаа. Нийслэлийн хэмжээнд сургуульгүй 50 цэцэрлэггүй 17 хороо байна. Гэтэл томоохон хорооллууд сургууль, цэцэрлэг төлөвлөж барихгүйгээр барилгаа барьж, улсын комисст хүлээлгэж өгдөг асуудал үүссэн байна. Ийм гурван шалтгааныг тодорхойлж, Засгийн газарт энэ чиглэлээр богино, дунд, урт хугацаанд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ гэсэн бодлогын шийдвэрүүд гарч байна. Засгийн газраас гарсан шийдвэрээр энэ ондоо багтаж, барилга угсралтын ажил нь удааширсан 74 сургууль, цэцэрлэгийн асуудлыг эрчимжүүлэх шийдвэр гарсан. Жишээлбэл, Сонгинохайрхан дүүргийн XII сургуулийг арван сарын нэгэн гэхэд эхний цогцолборуудыг хүлээж авах зохицуулалтыг хийж байна. Барилгын ажил нь дууссан мөртлөө ашиглалтад ороогүй 5, 71-р гэсэн хоёр сургууль байгаа. Тухайн барилга гүйцэтгэж байгаа компаниудтай төр тодорхой үл ойлголцолд орсон. Төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбооноос үүдсэн шалтгаан байсан учраас үүнийг гацаанаас гаргаж ирэх сарын нэгэн гэхэд үүдээ нээх боломжийг нээсэн. Мөн он дамжсан, гүйцэтгэл удааширсан зарим объектыг хар жагсаалт оруулна. Нийт 23 барилгын компаниудын ажлыг албан ёсоор зогсоосон. Засгийн хуралдаанаар оруулж эдгээр компаниудын нэрийг зарлана” гэв.
Эх сурвалж: www.polit.mn