П.АМГАЛАН

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Засгийн газрын урилгаар ӨМӨЗО-нд хийх албан ёсны айлчлалаа энэ сарын 21-нээс эхлүүлсэн. Уг айлчлал хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсон худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх, хилийн боомтын нэвтрүүлэлтийг сайжруулах асуудлаар тодорхой ахиц гаргахаар  зорилготой.

Тус айлчлалын хүрээнд Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга БНХАУ-ын Гаалийн Ерөнхий газрын Намын хорооны гишүүн, Үндэсний боомтын захиргааны дарга Жао Зөнляантай уулзах үеэр Засгийн газраас дэвшүүлсэн "Шинэ сэргэлтийн бодлого"-д тусгасан боомтын сэргэлтийн талаар танилцуулж, хоёр улсын боомтын хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар харилцан ярилцаж, зарим тохиролцоонд хүрсэн байна. Тэрбээр мөн ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын дэд тэргүүлэгч Ян Жинийг хүлээн авч уулзан, хоёр улсын боомтын хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн түвшинд хилийн боомтуудын үйл ажиллагааг шуурхай зохицуулах талаар санал солилцов.

Мөн Монгол Улсын Хилийн боомтын захиргааны дарга бөгөөд Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Б.Батхишиг ӨМӨЗО-ны Боомтын захиргааны дарга Шан Жычян тэргүүтэй албаны төлөөлөгчидтэй хоёр улсын хилийн боомтын хамтын ажиллагааг уялдуулах асуудлаар ярилцсан  байна. Тус айлчлал энэ сарын 29-нийг хүртэл үргэлжлэх юм байна. Түүнчлэн БНХАУ-ын Мандал, Ганцмод, Өлзий, Сэхээ, Эрээний боомтын автозам болон төмөр замын бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцах аж.

Эх сурвалж:www.polit.mn