Д.ЖАВХЛАН

70 жилийн түүхтэй олон улсын Бодибилдинг фитнессийн холбооны 2013 оны залуучууд болон ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өөрийн оронд зохион явуулах болсонтой холбогдуулан Монголын Бодибилдинг фитнессийн холбооны удирдлагууд Үндэсний мэдээлэлийн төвд мэдээлэл хийлээ. Хуралд Олон улсын Бодибилдинг Фитнессийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Rauf Bunyutaliyev, Монголын Бодибилдинг фитнессийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Очир нар ирэх аравдугаар  Монголд болох ДАШТ-ний урьдчилсан бэлтгэл ажил сайн хэмээн дүгнэлт өгөв. Rauf Bunyutaliyev хэлэхдээ “Одоогоос гурван жилийн өмнө 45 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг өөрийн орондоо өндөр хэмжээнд зохион явуулсан танай Бодибилдинг фитнессийн холбоонд дахин итгэл үзүүлсэн нь энэ юм” хэмээн хэллээ. Тэмцээн аравдугаар сарын 20-26-нд Соёлын төв өргөөнд болох юм. Одоогоор 60 гаруй орны 400 гаруй тамирчин оролцхоор мэдүүлгээ ирүүлжээ. Уг тэмцээн 19-21 насны буюу залуучуудын ангилалаар эхлэх юм. Сонирхуулахад тэмцээний хамгийн сонирхолтой төрөл болох ахмадын ангилалд Турк улсын алдарт тамирчин Дэлхийн найман удаагийн аварга Hamdulle Ankutlu ирэх сурагтай. Түүнээс гадна өсөх ирээдүйтэй залуу сайн тамирчид ирнэ хэмээн тус холбооныхон ярьж байна. Энэ тэмцээний нэг онцлог нь жин бүрийн аваргууд үнэмлэхүй жинд өрсөлдөх боломжтой юм.