Дамдинрагчаагийн ДАРАМБАЗАР

 

Өөрийн авьяас билэг, ур чадвараараа АНУ-д танигдаж, зургаан орны хэлээр уншиж бичиж чаддаг Д.Эрдэм хүүг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дэлхийн хүн” буландаа онцолж байна.

 

Ур чадвараараа танигдсан нь

Д.Эрдэм хүүгийн хувьд олон улсын математикийн олимпиадаас хоёр алт, нэг мөнгөн медальтайгаас гадна АНУ-д мужийнхаа англи хэлний үсэглэлийн аваргын таван медальтай гээд амжилтыг нь яривал тоолж дуусашгүй. Тэрбээр хичээлийн хөтөлбөрөөс хамаарч заримдаа ахлах сургуулийн хичээл үздэг гэнэ. Дунд сургуулийн түвшний математикийн олон улсын олимпиадад хувийн оноогоор тэргүүлж чадсанаас гадна гурван орны хэлээр чөлөөтэй ярьдаг. Уншиж, бичиж чаддаг зургаан орны хэлээ нэмбэл есөн орны хэл мэднэ. Үүний үр дүнд АНУ-д танигдаж, дэлхийн шилдгүүдийн эгнээнд бичигдсэн оюунлаг хүү юм. Түүнийг сургуулийн захирал нь бага ангийн сурагч байхдаа ахлах сургуулийн түвшний тооны олимпиадад оролцсон анхны хүүхэд хэмээн онцолж байв. Тэрбээр хоёр жилийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг хүүхдийн шагналыг авч байжээ. Тус шагналыг боловсролын хувьд өндөр амжилт гаргасан “Дэлхийн шилдгүүд” хэмээн нэрлэгдсэн хүүхдэд олгодог АНУ-ын Цагаан ордон болон Боловсролын яамнаас гардуулдаг нэр хүндтэй шагнал юм. Тэрбээр бага байхаасаа ном уншиж эхэлсэн нь энэ амжилтад нөлөөлжээ.

 

“Carnegie hall”-д хоёр удаа уригдав

13 настай түүний хувьд ном уншиж, тоо бодохоос гадна хөгжмийн нарийн мэдрэмжтэй. Залуу хөгжимчин маань алдарт “Carnegie hall”-д хоёр удаа уригдан тоглож байжээ. Чайковскигоос эхлээд Beatles хүртэл хөгжмийн жанр бүртээ хамгийн шилдгүүдийг төвөггүй тоглодог Д.Эрдэм энэ алдарт танхимд хоёр удаа уригдана гэдэг түүнийг ямар авьяастайг илтгэнэ. Эдгээр амжилтууд нь “гоц” хүү гэдэг нэрийг түүнд өгчээ. Америкийн CNN, NBS зэрэг томоохон агентлаг түүний тухай онцолж, “Монголын гоц ухаантан” хэмээн зарлаж байжээ.

 

Ээжээс нь эхлэлтэй амжилтууд

Д.Эрдэм хүүгийн бүх амжилт ээжтэй нь салшгүй холбоотой. Учир нь хүүгээ нэг нас долоон сартайгаас нь таван нас хүртэл нэг ч өдөр алгасалгүй хамтдаа ном уншиж зөв дадлыг суулгаж чаджээ. Түүгээр ч зогсохгүй хүүгийнхээ сурсан хэл бүрийг хамт сурч эсвэл өөрөө түрүүлж сураад хүүдээ зааж өгдөг байв. Хүүгээ өвөр дээрээ суулгаад хамтдаа төгөлдөр хуур тоглож, хичээлдээ явахад нь ажлаа зохицуулаад хамт явж, хайр халамж дэмжлэгээр хэзээ ч дутаалгүй өсгөжээ. Ээжийг нь Ж.Болормаа гэдэг. Тэрбээр өөрийнхөө завгүй ажил, карьерийн хажуугаар хүүхдэдээ тогтсон хугацаанд цаг гаргана гэдэг амаргүй байсан тухайгаа нэгэн ярилцлагадаа хэлж байсан юм. Тийм учраас хүүгээ гоц ухаантан, авьяастан болгож хүмүүжүүлээд зогсохгүй, өөрөө эдийн засгийн чиглэлээр доктор хамгаалж, Америкийн “Топ-100” компанийн нэгд ажиллаж байгаа гайхалтай бүсгүй юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 22. МЯГМАР ГАРАГ. № 165 (7150)