Б.ТУУЛ
“Гэр хорооллын иргэдийн үерийг даван туулах чадавхийг бэхжүүлэх" төслийн семинар боллоо. Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих уг төсөл нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний бодлого, үйл ажиллагаатай уялдуулан Улаанбаатар хотын үерт эмзэг хэсэг болох гэр хорооллын бүсийн үерийн хамгаалалтыг сайжруулах, оршин суугч иргэдийн гамшгийн бэлэн байдал, даван туулах чадавхыг бэхжүүлэх зорилготой төсөл юм байна.
Төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 26, 27, 4, 5, Сүхбаатар дүүргийн 15, 16, 18, 20 дугаар хороодын нутаг дэвсгэрт Толгойт болон Бэлхийн голын байнгын халиа, тошин, үер усанд өртдөг хэсэгт голын эргийн хамгаалалт барих, моджуулах, үер уснаас сэргийлэх дэд бүтэц барих болон оршин суугч иргэдийг чадавхжуулах, ариун цэврийн байгууламжийг сайжруулах ажлууд хийгдэх ажээ.
Тухайлбал:
- Хот, орон нутгийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох хөтөлбөр, стратегийг боловсруулахад хамтран ажиллаж, чадавхыг бэхжүүлнэ,
- 1,5 км голын эргийн бэхэлгээ шинээр барина,
- 5,6 км ус зайлуулах шугам шинээр барина,
- 1,8 км ус зайлуулах шугамыг засварлана,
- 2,2 км үерийн хамгаалалтын суваг шинээр барина,
- 400 айлын ариун цэврийн байгууламжийг үерт тэсвэртэй байгууламжаар сайжруулах зэрэг ажлууд хийгдэх аж.
Эх сурвалж: www.zms.mn