Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 20.860 хүүхэд гэмтэж бэртжээ. Үүний 2747 буюу 13.5 хувь нь амьгүй механик хүчин зүйлд өртөж бэртэл авсан байна. Мөн ГССҮТ-өөс гаргасан судалгаагаар сүүлийн гурван жилд гэртээ осол гэмтэлд өртсөн 0-18 насны хүүхдийн 83.284 тохиолдол байгаа аж. Үүний 333 нь нас баржээ. Тиймээс энэ удаа амьгүй механик зүйлд өртсөн бага насны хүүхдийн гэмтлийн талаар хүргэж байна.

 

Амьгүй механик эд зүйлд өртөж бэртэх нь түгээмэл байна

Гэмтэл бэртэл нь  осол, доргилт, унах, цохигдох, зэвсэгт өртөх зэрэг ямар нэг гадны хүчин зүйлсийн нөлөөгөөр биеийн дотор эрхтэн болон ясны бүтэц өөрчлөгдөхийг хэлдэг. Үүнээс болж хүн хөдөлмөрийн чадвараа алдах, цаашлаад амь насанд эрсддэг. Сүүлийн таван жилийн хугацаанд улсын хэмжээнд 0-18 насны 244.987 хүүхэд осол гэмтэлд өртжээ. Үүний 47.6 хувийг уналтын шалтгаан эзэлж байгаа юм. Тэргүүлэх шалтгааны дараа амьгүй механик хүчинд өртөх гэмтэл оржээ. Тухайлбал, Хүүхдийн гэмтлийг авч үзвэл зөөлөн эдийн гэмтэл, хугарал, шарх, гавал доторх гэмтэл болон мултрал суналт түгээмэл байна.

 

Замын хөдөлгөөний гэмтэл намар нэмэгддэг

Бага насны хүүхэд асран хамгаалагчгүй ганцаараа явж байх үедээ гарцгүй газраар зам хөндлөн гарах нь гэмтэхэд хүргэдэг. Түүнчлэн гарцгүйгээр  зам хөндлөн гарахдаа гүйх нь бий. Судалгаагаар эмэгтэй  хүүхдээс илүү эрэгтэй хүүхэд зам тээврийн осолд өртөх магадлал өндөр байдаг гэдгийг тогтоожээ. Намрын улиралд хичээл сургууль эхэлж хүүхдүүд гадуур явдаг. Мөн хоорондоо тоглож, гүйж харайхдаа унаж бэртэж амьгүй механик хүчин зүйлд өртөх нь цөөнгүй.

 

Хүүхдийг хувцас хатаагчтай ойртуулахгүй байх

Сүүлийн үед бага насны хүүхэд хувцас хатаагчинд гараа хавчиж гэмтээх, таслах тохиолдол элбэг байна. Тодруулбал, хатаагч түшиж босохдоо нугасанд нь гараа хавчиж хурууны өндгөө тасалжээ. Тиймээс эмнэлгийн байгууллагад хандаж хуруу нөхөх хагалгаанд орсон байна. Харин хумсний араар тасарсан тохиолдолд бүх  насаараа мухар хуруутай болох эрсдэлтэй.

Үүнтэй холбоотойгоор ГССҮТ-өөс дараах зөвөлгөөг гаргажээ.

Тог цахилгаанаас гэмтсэн бол эмнэлгийн байгууллагад очих.

Эцэг эхчүүд ахуйн орчин дахь тог цахилгааны аюулгүй байдлаа хангах. Хүүхэд гэр орондоо үнаж бэртэхээс сэргийлж, эрсдэлгүй орчинг бүрдүүлэх хэрэгтэй. Мөн ахуйн болон газ, цэвэрлэгээний химийн бодисонд угаартахаас сэргийлэх. Хэрэв хүүхэд осол гэмтэлд өртсөн тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандахыг анхааруулжээ.

 

Зам хөндлөн гарахдаа анхаарал болгоомжТОЙ БАЙХ

Зам гарахдаа тохиромжтой газрыг сонгох. Явган хүний гарцаар гарах нь машины жолооч, явган зорчигчдод тод харагддаг байна. Замын захад зогсож хүлээх. Ингэснээр ирж байгаа автомашиныг харах боломжтой. Эхлээд баруун, зүүн  гар тийш харж машин ирж буй эсэхийг нягтлах. Гарцаар чигээрээ гарах нь тойрч гарснаас хурдан хэдий ч гүйж гарч болохгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 18. БААСАН ГАРАГ. № 163 (7148)