Д.ОЮУНЧИМЭГ
Азийн пробиотик судлаачдын холбооны XIII бага хурлыг өчигдөр Чингисийн музейд зохион байгуулсан юм. ХААИС, МЭХ-ийн эрдэмтэн, судлаачид, БШУЯ, ХХААХҮЯ, Засгийн газрын бусад байгууллага, Aзийн пробиотик судлаачдын холбоо болон “АПУ Дэйри” компани хамтран “Сүүн хүчлийн бактери агуулсан пробиотикийн ирээдүйн чиг хандлага” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв. Энэ удаагийн хуралдаанд 13 орны 70 гаруй эрдэмтэн, судлаач, үйлдвэрлэлийн төлөөлөл оролцжээ. Хуралд Азийн холбооны ерөнхийлөгч профессор, доктор Сун Сик Ёоон тэргүүтэй тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд оролцож байна.Өнөөдрийн олон улсын хурлын гол сэдэв нь дэлхий нийтээрээ ач тусыг нь мэдрэн хүнсний хэрэглээндээ түлхүү хэрэглэхийг жилээс жилд эрхэмлэх болсон пробиотикийн судалгаа, үйлдвэрлэл, хэрэглээний чиглэлийг хамарч байгаа юм. Энэхүү хурал арга хэмжээ нь исгэлэн сүүн бүтээгдэхүүний эртний уламжлалтай манай орны хувьд ихээхэн чухал ач холбогдолтой.
Мөн түүнчлэн гадаадын үйлдвэрлэгч, компаниудын төлөөлөгчид оролцон цаашид хийх ажлынхаа талаар ярилцлаа. Мал эмнэлгийн зориулалтаар гаргаж авсан пробиотикийг малын эрүүл мэндийг хамгаалж, ашиг шимийг нэмэгдүүлэхэд үзүүлэх үйлчилгээний талаар ярилцаж байв. Түүнээс гадна газар тариалан, цөөрмийн загасны аж ахуйд хэрэглэвэл ямар үр дүн үзүүлэх талаар хэлэлцлээ. Хүний насжилт, гэдэсний микробиологийн хоорондын уялдаа холбооны талаар ярилцахын зэрэгцээ монголчуудын сүүний хүчлийг хэрхэн гаргаж авсан талаараа гадаадын эрдэмтэдтэй санал солилцлоо. Бидний хувьд мал эмнэлэгт пробиотикийг хэрэглэхдээ төлийн өвчлөлтэй тэмцэхэд ашиглах талаар санал солилцсон юм. Мөн энэ удаагийн хурлын төлөөлөгчдөд өөрсдийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ танилцууллаа. Пробиотикийн чиглэлээр манай залуу судлаачид гадаадын залуу судлаачдыг дэмжих зорилгоор магистр, докторын түвшний шалгаруулалтыг явууллаа.
Орчин үед биологийн ашигтай сүүн хүчлийн бактери агуулсан пробиотикийн хэрэглээг дэлхий нийтээр эрхэмлэх болсон. Үүнийг монгол эрдэмтэн судлаачид ч соргогоор харж нэвтрүүлэх ажлыг эрчимтэй хийж байгаа талаар хурлын үеэр ярилцсан юм. Монголын уламжлалт айраг, тараг, хоормог зэрэг идээний хөрөнгийн үндсэн агууламж болсон сүүн хүчлийн бактерийг дэлхийд гаргах ажлыг эрдэмтэд хийж буй.
Пробиотик бүтээгдэхүүн гарган авах биотехнологийн шийдлүүд хүн, мал эмнэлэг, хүнс, гоо сайхны үйлдвэрлэл хэрэглээнд эрчимтэй нэвтэрч байна. Эрдэмтэн, судлаачдын хэлж буйгаар “малчдын гэрийн нөхцөлд бүрсэн тараг, гүүний айраг, ингэний хоормог зэрэг эсэг идээний хөрөнгөнд пробиотик бүтээгдэхүүн гарган авах үнэт өв- эх үүсвэр байдаг тухай тэд ярьж байна лээ. Пробиотикийн грамм тутамд нь хэдэн тэрбум хүртэл тоогоор агуулагдах сүүн хүчлийн бактериуд нь бидний хоол боловсруулах замын шүүрлүүдэд тэсвэртэй. Гэдэсний хананд бэхлэгдэн үржиж, хүчиллэг орчин үүсгэхийн зэрэгцээ биологийн өндөр идэвхтэй нэгдлүүд ялгаруулж, эмгэг төрүүлэгчийн тоо хэмжээ, үйл ажиллагааг дарангуйлан хязгаарлаж, бичил экологийн тэнцвэрийг хангахын сацуу биеийн дархлааг сайжруулдаг юм байна.
Манай улсын хувьд ХААИС, Мал эмнэлгийн хүрээлэн хамтран хангай, тал хээр, говийн бүсээс цуглуулсан исгэлэн сүүн бүтээгдэхүүний хөрөнгөний бичил биетний зүйлийн бүрэлдэхүүнийг тодорхойлоход тэдгээрийн дотор Европын холбооноос хүлээн зөвшөөрөгдсөн пробиотик омгууд байсан тухай академич Ш.Дэмбэрэл хэлж байсан юм. Тэрбээр “Монголд пробиотикийн судалгаа хэрэглээг орчин үеийн төвшинд явуулах томоохон бааз суурь байгаа. Энэ чиглэлийн судалгааг МУИС, Биологийн хүрээлэн зэрэг газарт амжилттай хийж байна” гэсэн юм.
Манай малчдын дунд тархмал мөрдөгддөг дадал зуршил бол өвөлдөө ааруул, ээзгий, бяслаг, цагаан тос зэрэг нөөцөлсөн хүнсээ идэж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжих бөгөөд хаврын сүүлчээс эхлэн зун, намрыг дамнуулан амьд тараг идэж, гүүний айраг, ингэний хоормогоо ууж, ашигтай бактериудаар гэдэсний агууламжийг баяжуулан сэлбэж, өвөл хаврын улиралд биед байршин үржсэн, хорт нэгдлүүд үүсгэдэг бичил биетийг гадагшлуулдаг аж. Энэ нь уламжлалт дадал зуршил гэж хэлэх ч монголчууд "гэдэс цайлгах" хэмээн нэрийддэг. Энэ бол монголчуудын сүүн хүчлийн бактерийн ашиг тусыг бүр эртнээс мэдэрч, ашиглаж ирсэн онцлог хэрэглээ гэдгийг хуралд оролцсон эрдэмтэн судлаачид хэлж байв.
Дэлхий нийтээр пробиотикт анхаарлаа хандуулж байгаа энэ үед монголын мал аж ахуйн салбарт антибиотикийн хэрэглээг хязгаарлаж, мах, сүүгээр дамжин хүний эрүүл мэндэд химийн бодисын үлдэц хуримтлагдахаас сэргийлэх болсон. 2019 он гэхэд дэлхийн зах зээлд нийлүүлэгдэж буй пробиотик бүтээгдэхүүний хэмжээ 46.2 орчим тэрбум ам.долларт хүрч, таван жилийн өмнөхөөс 26.4 хувиар өсчээ. Энэ нь жил ирэх бүрт эрэлт хэрэгцээ байнга өсөж байгаа гэсэн үг хэмээн хурлын төлөөлөгчид онцолж байв.
Түүнчлэн АПУ ДЭЙРИ компани бүтээгдэхүүний үзэсгэлэнг гаргаж төлөөлөгчид, оролцогчдын сонирхлыг татаж байсан юм. Монгол хүний эрүүл мэндийг сүү цагаан идээний өдөр тутмын хэрэглээгээр дэмжих зорилгоор тус компани бүтээгдэхүүн хөгжүүлэлтдээ шинжлэх ухаан төвтэйгөөр хөрөнгө оруулалт хийж байгаа талаар тэрбээр хэлж байлаа. Түүнчлэн пробиотикийн судалгаа, хэрэглээний чиглэлийн мэргэжилтэн судлаачид түүний дотор ХААИС, Мал эмнэлгийн хүрээлэнгийн дэргэдэх “Пробиотикийн судалгааны баг”-тай хамтран Монгол орны пробиотик бактериар баяжуулсан бүтээгдэхүүн гаргаж авахаар ажиллаж байгаагаа энэ үеэр дуулгасан. Хурлын үеэр манай оронд пробиотик бүтээгдэхүүний судалгаа үйлдвэрлэл хэрэглээг өргөжүүлэн хөгжүүлэх, тухайн чиглэлийн шинжлэх ухааны хангамжийг дээшлүүлэхэд тодорхой үр өгөөж, хувь нэмэр шинэлэг санал, санаачилга гарна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа манай улсын эрдэмтэн судлаачид хэлсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 18. БААСАН ГАРАГ. № 163 (7148)