Д.ДАРАМБАЗАР
Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй. Тэр дундаа хүүхэд болгон багадаа “Нисгэгч” болно гэж мөрөөддөг шиг, зорилго мөрөөдөл хоёроо агаарын нислэгийн спорттой холбосон залуу бүсгүй бол Нандинцэцэгийн Номин юм. Хэдийгээр нисэх загварын спорт нь өөрөө сууж жолоодож, тэнгэрт бүжиглэгдэггүй ч гэсэн өөрийнхөө ур ухаан, тооцоолол, мэдлэг туршлага бүхнээ “зангидаж” онгоц урлаад, түүнийгээ тэнгэрт хөөргөж, өрсөлдөнө гэдэг хэн хүний чадах зүйл биш билээ. Үүнийг өөрийн авьяас чадвараа гарган хийж, дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг өргөж буй тэрбээр дэлхийн аваргын жолоодлогот загварын уран нислэгийн F2B ангиллаас мөнгөн медалийг хүртсэн анхны эмэгтэй юм. Хэн бүхний сонирхоод, хийгээд байдаггүй агаарын нисэх загварын спортоор хичээллэж буй түүнийг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа урив.
Хотын аваргын тэмцээнээс алдаагаа ойлгосон
Хүн сууж нисдэггүй ч, нисдэг төхөөрөмжүүдийг зохион бүтээж, нисгэн уралддаг гэдгээрээ онцлогтой спорт бол нисэх загварын спорт юм. Мөн энэ спортоор хичээллэдэг тамирчин тийм ч олон биш. Учир нь өөрийн ур ухаанаар онгоц бүтээж, түүгээрээ уралдана гэдэг амаргүй гэж тамирчид нь ярьдаг. Үүнээс гадна эвийг тааруулах, агаарыг утсаар дамжуулан олох торгон мэдрэмжийг зөвхөн энэ спорт л харуулдаг гэдгээрээ өөр билээ.
Н.Номин 2018 онд дунд ангийн багшийнхаа саналын дагуу нисэх загварын спортоор хичээллэх болжээ. Онгоцны тухай мэдлэггүй, дүрслэл байхгүй байсан учраас их сонин санагдсан гэнэ. Тийм болохоор илүү сонирхож, удаан хугацаагаар хичээллэх хүсэл мөрөөдөл тээн том уралдаанд оролцох зорилготойгоор техникүүдийг нь зөв сурахыг хичээж бэлтгэлээ эхлүүлжээ. Гэтэл COVID-19 орон нутгуудад илэрч, бэлтгэлээ хэсэг хугацаанд завсарлахаас өөр аргагүйд хүрсэн гэнэ. Харин цар тахлын дараа үеэс бэлтгэлээ илүү олон цагаар хийж, хотын аваргад оролцох шийдвэрт багш шавь хоёр хүрчээ. Учир нь хотын аварга шалгаруулах тэмцээн тамирчдын ур чадварыг сорьсон олон улсын сонгон шалгаруулалт байсан гэдгийг мэдэж, оролцохоор болсон байна. Шалгаруулалтад оролцож байгаа тамирчдаас өөрийнхөө дутуу зүйлийг ойлгож, дэлхийн аваргад оролцохоор Польш улс руу хүлгийн жолоо залжээ.
Онгоцонд суух үедээ л миний мөрөөдөл биелэх гэж байна. Тэмцээнд оролцохдоо яах бол гэсэн айдастай байжээ. Мөн анхны тэмцээн байсан болохоор ямар алдаа их гаргаж байгаа гэдгээ багшаасаа асууж, хэрхэн сайжруулах тухай ярилцсан байна. Тэмцээн эхлэх үед өөрийнх нь нэрийг бус Монгол Улс гэж дуудах үед “Би улсынхаа нэрийг өргөх гэж энд ирсэн. Тиймээс хариуцлагатайгаар оролцох ёстой” гэдгээ ойлгосон гэж ярилцлагын үеэр хэлж байсан юм.
1200 оноонд хүрч ОУХМ болох зорилготой
Энэ спорт нь уран нислэгийн, уралдааны, агаарын тулалдааны, чөлөөт нислэгийн гэсэн олон төрөлтэй. Түүний хувьд жолоодлогот уран нислэгийн F2B гэсэн ангиллаар уралддаг. Тэмцээнд оролцохдоо 16 төрлийн дасгалыг гурван удаагийн оролдлогоор хийдэг байна. Үүнээс хамгийн сайн гэсэн хоёр үзүүлэлтээ оноонд тооцуулдаг. Нэг дасгал нь 16 хүртэлх оноотой учраас тамирчид тэмцээнийхээ оноогоор 1200 хүрч чаддаг гэдгийг бидэнд тайлбарласан юм. Тиймээс энэ оноонд хүрч ОУХМ цолыг заавал авах болно хэмээн ярилцлагын эзэн маань өгүүлж байлаа.
Багштайгаа хамт “урласан” онгоц түүнийг амжилтад хөтөлсөн
Багшийнх нь хийсэн онгоц энэ жилийн дэлхийн аваргаар хамгийн сайн гэдэг үнэлгээг инженерүүдээс авч, олон улсад үнэлэгдсэн. Нисэх загварын спортын тамирчид онгоцоо өөрсдөө хийж уралддаг учраас ур ухаанаа зориулж, онгоц бүтээдэг гэдгээрээ онцлогтой. Харин ярилцлагын эзэн маань дэлхийн аваргад оролцох үедээ багштайгаа хамтран хийсэн онгоцоороо дэлхийн аваргаас Монголын хоёр дахь медалийг хүртээд ирсэн юм. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь хоёр жилд нэг удаа болдог учраас илүү сайн онгоц хийх гэж байгаа талаараа хэлж байлаа.
“Ирэх жилийн тэмцээнд медалийнхаа өнгийг өөрчлөх болно”
Нисэх загварын спорт нь шугам зураг, тооцоолол, хими, физикийн шинж чанараараа бусад спортын төрлөөс өвөрмөц бөгөөд шинжлэх ухааны суурь мэдлэгт тулгуурладаг. Тиймээс цаг агаарын таатай нөхцөл, чөлөөтэй том талбай шаардаж, ур ухааныг гаргасан нь амжилт үзүүлдэг спорт юм. Энэ спортоор хичээллэж эхэлснээр сууж сурахаас гадна аливаа зүйлийг тооцоолж, шантрахгүйгээр жижиг эвдрэл гэмтлийг өөрөө засах чадвартай болдог гэдгийг ярилцлагын төгсгөлд хэлж байлаа. Мөн энэ спортоор хичээллэнэ гэдэг хүн болгоны сонирхдог хобби биш. Цаашид уйггүй хичээллэх эсэх нь тухайн тамирчнаас шалтгаалдаг гэдгийг мэдэрсэн. Тиймээс би энэ спортоо орхилгүй дэлхийн аваргын медалийнхаа өнгийг ирэх жил Америк улсад өөрчилж, Монголынхоо нэрийг олонтоо цуурайтуулахыг хичээнэ хэмээн ярьсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 17. ПҮРЭВ ГАРАГ. № 162 (7147)