Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Манай улсад одоогоор тарваган тахлын сэжигтэй гурван тохиолдол бүртгэгдээд байна. Уг тохиолдлууд нь Хэнтий болон Сүхбаатар аймгуудад тарваган тахал өвчний халдварын эрсдэлд өртөж, зөөвөрлөгдөн ирсэн, тарваганы мах идсэн, тарвага өвчсөн гэсэн өгүүлэмжтэй байна. Одоогоор ЗӨСҮТ –д оношийг баталгаажуулах лабораторийн шинжилгээ хийж байгаа юм байна. Тэгвэл тарваган тахал өвчний тухай болон энэхүү өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар багц мэдээллийг хүргэе.
Анхны цар тахал 100 сая хүний аминд хүрчээ
Дэлхийн түүхэнд тарваган тахлын гурван томоохон дэгдэлт бүртгэгдсэн байдаг. Тодруулбал анхны цар тахал 513-580 онд “Юстинианы тархвар” нэртэйгээр Хойд Африк, Ойрхи Дорнод, Византийн хаант улсын нутаг дэвсгэрийг хамарч, 100 сая орчим хүн эрсэдсэн байна. Харин хоёр дахь тохиолдол нь ХIV зууны үед Зүүн Өмнөд Азиас эхэлж, Африк, Европт тархан 60 сая орчим хүний амь насыг хөнөөжээ. Энэхүү цар тахлыг “Хар үхэл” гэж нэрлэжээ. Учир нь Дани улсад тахлаар нас барсан хүмүүсийн бие хурдан харлаж, заримдаа нүүрс шиг хар болж байсантай холбоотой ажээ. Гурав дахь нь 1894 онд Хонг Конгод эхэлж, далайн хөлөг онгоцонд үүрлэсэн хархаар Европ, Ази, Америк, Африк ба Австрали тивийн усан зам, боомтын 87 хотод тархсан бөгөөд тухайн үед халдвар эсэргүүцэх арга хэмжээг авч хэрэгжүүлсний дүнд гамшиг нь өмнөх цар тахлаас бага байсан гэж түүхэнд тэмдэглэжээ. Харин манай улсын хувьд 1886-1921 оны хооронд 30 гаруй удаа тарваган тахлын дэгдэлт гарч, олон хүний амь нас эрсэдсэн учраас гоц аюулт халдварт өвчинтэй тэмцэх алба байгуулах зайлшгүй шаардлага үүссэн байна. Ингээд 1931 онд Улаанбаатар хотод “Тахлын хотхон” нэртэй тарваган тахал эсэргүүцэх лабораторийг байгуулсан нь одоогийн ЗӨСҮТ юм.
17 аймгийн 81 суманд голомт өндөр идэвхижилттэй
Монгол орны 17 аймгийн 137 сумдын нутагт тарваган тахлын байгалийн голомт оршдог. 1928-2018 оны хооронд нийт 16 аймгийн 112 суманд 692 хүн тарваган тахал өвчнөөр өвчилснөөс 513 нь нас барсан гэсэн тоон мэдээлэл бий. Харин 2020-2022 онд тус өвчнөөр есөн хүн өвчилснөөс дөрөв нь нас баржээ. Нас баралтын үндсэн шалтгаан нь тарвага агнаж өвчих явцдаа халдвар авсан, мах, дотор эрхтнийг хэрэглэсэн, голомтот нутгаас тулам, мах зөөвөрлөж хэрэглэсэн, эмнэлэгт оройтож хандсан зэрэгтэй холбоотой байна. Харин энэ оны байдлаар Монгол Улсын 17 аймгийн 81 суманд тарваган тахлын байгалийн голомт өндөр идэвхижилттэй байна гэж ЗӨСҮТ-өөс анхааруулжээ. Сүүлийн жилүүдэд Монгол-Алтай, Хангай, Дундад халхын тарваган тахлын байгалийн голомтод тахлын эпизот өндөр идэвхтэй явагдаж байна.Энэхүү өвчинтэй тэмцэхэд иргэн хүний оролцоо чухал бөгөөд халдвар авах аливаа эрсдэлт үйлдлүүдээс татгалзаж чадвал өөрийгөө цаашлаад нийтийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахаас сэргийлж чадах юм. Энэхүү өвчин нь дөрөвдүгээр сараас сэргэн идэвхжиж, VIII, IX сард идэвхжлийн оргил үедээ хүрч, аравдугаар сарын дунд үеэс намжмал байдалд ордог аж.
Халдвар авсан хүн толгой нь хүчтэй өвдөж, тайван бус болдог
Тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин юм. Энэхүү өвчнөөр тарвага, зурам, үхэр оготно, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг аюултай. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг ажээ. Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтөний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар оршдог юм байна. Халдвар авсан бүүрэгт хазуулах, өвчилсөн амьтныг өвчих, арьс, маханд хүрэлцэхэд арьс салстаар, тарваганы махыг түүхий, шүүрхий идсэн тохиолдолд хоол боловсруулах замаар, нүх, ичээ ухах үед болон уушгины хэлбэрийн тахлаар, өвчилсөн хүнээс амьсгалын замаар халдвар дамждаг онцлогтой. Хэрэв халдвар авсан бол гэнэт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих, тайван бус болж, нойргүйдэх, арьс салстаар халдвар авсан үед булчирхай томорч хүчтэй эмзэглэх, амьсгалын замаар халдвар авсан тохиолдолд гэнэт өндөр халуурч цээжээр өвдөх, ханиалгах, цустай цэр гарах, амьсгаадах, хоол боловсруулах замаар халдвар авсан үед суулгах, заримдаа цусаар суулгах шинж илэрнэ.
ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА
Тарваган тахал өвчний тухай мэргэжлийн эмч нарын зөвлөгөөг хүргэе
Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Цогбадрах: Халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих нь чухал
-Тарваган тахлын халдвар хүний биед орсон тохиолдолд бүх эрхтэн системд тархаж улмаар уушгинд очсоноор амьсгалын замаар халдварлах эрсдэл өндөр болдог. Хот суурин газар таргаван тахлын уушгины хэлбэрээр иргэд өвчилөсөн тохиолдолд богино хугацанд илрүүлж, хорио цээрийн дэглэмийг эрт тогтоохгүй бол коронавирусийн адил их олон хүнд халдварлах эрсдэлтэй. Мөн сүүлийн үед хийсэн эдийн засгийн судалгааны дүнгээр нэг тохиолдол бүртгэгдэхэд орон нутагт 60 орчим сая төгрөг, нийслэлд 100 гаруй сая төгрөг зарцуулагдаж байснаас харахад өндөр зардалтай өвчлөлд тооцогдож байна. Иймээс өвчлөлийг эрт илрүүлж хорио цээрийг тогтоож халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах нь хамгийн чухал.
УНТЭ-ийн Халдвар хяналтын мэргэжилтэн Б.Намуун: Иргэд гэртээ тарвага өвчих, нойтон арьс хадгалахгүй байх хэрэгтэй
-Халдвар авсан бүүрэгт хазуулах, өвчилсөн амьтныг өвчих, арьс, маханд хүрэлцэхэд арьс салстаар, тарваганы махыг түүхий, шүүрхий идсэн тохиолдолд хоол боловсруулах замаар энэхүү өвчин халддаг. Мөн нүх, ичээ ухах үед болон уушгины хэлбэрийн тахлаар, өвчилсөн хүнээс амьсгалын замаар халдвар дамжина. Халдвар аваагүйн тулд нохой зууж ирсэн тарваганд хүрэхгүй байх, хөдөлгөөн нь удааширсан тарвагыг агнахгүй, арьс, махыг ашиглахгүй байх хэрэгтэй. Мөн иргэд гэртээ тарвага өвчих, нойтон арьс хадгалах, мах эд эрхтнийг нь түүхийгээр нь идэхгүй байхыг анхааруулж байна. Ер нь өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад мэдэгдэх, ингэхдээ халдвар тархахаас сэргийлж өвчтөнтэй ойр байсан хүнээр хэл хүргүүлэхээс татгалзах хэрэгтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 16. ЛХАГВА ГАРАГ. № 161 (7146)