Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

“Зууны мэдээ” сонин “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буланг эхлүүлж, цуврал нийтлэлээ хүргэсээр байгаа билээ. Энэ удаагийн дугаартаа Монгол Улсын цор ганц эмэгтэй мото спортын олон улсын хэмжээний мастер Б.Бат-Ундралыг онцолж байна. Тэрбээр Мото болон авто спортоор зөвхөн эрчүүд хичээллэдэггүй гэдгийг өөрөөрөө үлгэрлэн яваа нэгэн юм. Түүний спортын түүхэн замналаар аялцгаая.

Авто бол дэлхийн хамгийн эрсдэлтэй спортуудын нэг. Хэр баргийн эмэгтэйд энэ спортоор хичээллэх зориг төрөхгүй. Тэгвэл жолооны хүрдний ард амь насаа дэнчин тавьж цас, мөс, элсэн цөл, уул хад, шороон шуургыг ч үл ажран  уралдах энэ эмэгтэйг Б.Бат-Ундрал гэдэг. Тэрбээр Дархан-Уул аймагт төржээ. Хөдөлмөрийн эдийн засагч мэргэжилтэй. 2014 оноос мото спортоор, 2018 оноос авто спортоор хичээллэж нийт 20 гаруй тэмцээнд эрчүүдтэй өрсөлдөж, Монгол Улсдаа хэд хэдэн амжилтын анхдагч болоод буй. Тухайлбал, Монгол Улсад болдог хамгийн том олон улсын уралдаан “Fa Coat SSER ралли Монголия” уралдааны 4000 км замыг мотоциклийн төрөлд туулж, замаа амжилттай дуусгасан анхны эмэгтэй тамирчин болжээ.

 Мөн“RFC grand final” олон улсын тэмцээнд анх удаа эх орноо төлөөлөн оролцож ангилалдаа хүрэл медаль, төрөлдөө алтан медаль хүртсэн нь авто машины төрлийн шинэ тамирчны хувьд гайхалтай амжилт байв. Түүний амжилтын цуваа 2019 оны “Торгоны зам-2019” дэлхийн цомын раллид II байр, Малайзын "RFC grand final mixed"-д ангилалдаа алтан медаль, "FIM world cup"-аас мөнгөн медаль, Гүржид болсон олон улсын эмэгтэйчүүдийн раллигаас алтан медаль эх орондоо авчирсан юм.

 

ХУРДНЫ МОРЬ УНАДАГ БАЙСАН МИНЬ ЭНЭ СПОРТООР ХИЧЭЭЛЛЭХ ШАЛТГААН БОЛСОН

Б.Бат-Ундрал хурдны морь унадаг уралдаанч хүүхэд байв. Энэ нь хожим  түүнийг мото спортоор хичээллэх шалтгаан болжээ. Энэ тухайгаа “Гурван настайгаасаа уралдааны морь унасан. Наадамд уралдах нь маш их адерналин ялгаруулдаг. Ялангуяа морь эргэх, барианд орох мөч хамгийн сайхан. Насанд хүрсэн хойно ч  энэ мэдрэмжийг дахин мэдэрмээр санагдах болсон. Удаан бодсоны эцэст 2014 оноос өөрт байсан хоёр сая төгрөгөөрөө уралдааны мотоцикль авч хичээллэж эхэлсэн” гэсэн юм. Б.Бат-Ундрал хоёр хүүтэй. Ээжийгээ мото спортоор хичээллэж эхлэх үед түүний бага хүү хоёр настай байжээ.

 

ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД МОНГОЛОО ТӨЛӨӨЛЖ УРАЛДСАН АНХНЫ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН

Манай улсад энэ төрөлд гарын 10 хуруунд багтах эмэгтэй тамирчин бий. Тэдгээрээс олон улсын тэмцээнд улсаа төлөөлж оролцсон анхны эмэгтэй тамирчин бол Б.Бат-Ундрал юм. Тэрбээр “2014 онд олон улсын анхны тэмцээндээ оролцож байсан. Yamaha ttr-250 мотоцикл худалдань авч 1500 км мастер раллид оролцон замаа амжилттай дуусгасан. Үүндээ урамшиж дараа нь 4000 км-ын найман өдрийн  олон улсын “Нисэки” холын зайн уралдаанд оролцсон. Монгол Улсын эмэгтэй дөрвөн тамирчин  оролцсон боловч нөгөө гурав минь "SSER rally"-гийн хатуу дүрмээр хасагдсан. Харин би зургаа дахь хоног дээрээ “жалга байна шүү” гэсэн анхааруулгыг анзааралгүй осолд орсон. Мөр, гар бэртэлтэй байсан ч барианд орж тэмцээнээ дуусгасан. Монгол Улсаас анх удаа мотоциклиор "SSER Rally"-гийн 20 жилийн ойд замаа дуусгасан эмэгтэй тамирчин болж байлаа” гэв.

 

ӨӨРИЙГӨӨ ДИЙЛЭХ НЬ ЯЛАЛТ

Мотоциклийн уралдааны үед гэмтэж бэртэх нь элбэг байдаг аж. Гэхдээ энэ бэртэл нь илүү хүнд тусдаг гэнэ. Энэ талаар Б.Бат-Ундрал “Мотоциклиор уралдаад алдаа гаргавал шууд биеэрээ тулж унадаг. Харин машинаар уралдахаар хамгаалалт илүү өндөр байдаг. Тиймээс 2018 оноос машины спортоор хичээллэх болсон. 2019 онд Гүржийн рали, 2021 онд ОХУ-ын ралид оролцсон. Одоо хувийн бизнес буюу “Offroad travel LLC” явуулын аяллын сууц оруулж ирж худалдаалж байна” гэсэн юм. Харин авто спортод дуртай болсон шалтгаанаа “Амьдралд хамгийн том өрсөлдөгч бол хүн өөрөө байдаг. Өөрийгөө дийлэх нь  ялалт. Том уралдааны дараа эсвэл уулын оргилд гараад буугаад ирэхэд надад өөрийгөө ялсан мэдрэмж төрдөг. Тэр л хамгийн гоё. Хэцүүг нь мэдэж байгаа хэрнээ л тэмцээд ялах, бусадтай биш өөртэйгээ өрсөлддөг” гэв.

Авто спорт  бол хэн бүхний зориглож ордог салбар биш. Тэр дундаа рали буюу холын зайн уралдаан нь тэсвэр, тэвчээр, эр зориг шаарддаг. Тэгвэл энэ нь зөвхөн эрчүүдийн спорт биш гэдгийг батлан  тэмцээнүүдэд эрчүүдтэй мөр зэрэгцэн уралдаж, ардаа орхин барианд ордог түүгээр бахархахгүй байхын аргагүй юм. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 16. ЛХАГВА ГАРАГ. № 161 (7146)