Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР
Дэлхийн болон Монголын аль ч түүхэн цаг хугацаанд утга, уран зохиол том орон зайг түүчээлсээр ирсэн билээ. Түүхийн чухал сэдвүүдийг шигтгэн, он цаг өнгөрөх тусам үнэ цэнийг бүтээдэг уран зохиол гэх том ертөнцөд судалж, суралцах зүйл их бий. Манай улс энэ чиглэлээр олон арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн. Үүний нэг нь “Монголын уран зохиолын харилцаа, холбоо: Уламжлал ба өнөө” олон улсын эрдэм шинжилгээний хурал юм.
Уг хурал өчигдөр эхэлсэн бөгөөд илүү өргөн цар хүрээг хамарсан, гарах үр дүн нь өндөр гэдгээрээ онцлог гэдгийг оролцогчид хэлж байв. Хурлыг Монголын их соён гэгээрүүлэгч В.Инжиннашийн 185 жилийн ойн хурал, Монгол-Японы уран зохиолын нийгэмлэгийн 2023 оны Улаанбаатарын хурал, “Монгол туургатны уран зохиолын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдвийн хүрээнд хоёр өдөр зохион байгуулж 60 гаруй эрдэмтэн, зохиолч чуулж байна.
Олон ургалч үзэл, онолоор зохиол бичиж, содон зохиолын төрөл их гарч байна
Танхимд Япон, БНХАУ зэрэг олон орны эрдэмтэд цугларч, олон сонирхолтой илтгэлийг хэлэлцүүлсэн юм. Энэ үеэр БНХАУ-аас оролцож буй монголч эрдэмтэн Ван Мандуга “Монгол соёл сурган хүмүүжил ба утга уран зохиолын урлагийн тухай Лувсанчойдонгийн үзэл баримтлал”-ын тухай илтгэлийг танилцууллаа. Тэрбээр “Би илтгэлдээ Лувсанчойдонгийн намтар түүхтэй холбоотой зарим асуудлыг хөндлөө. Энэ хүн Японд суралцаж, ажиллаж байсан. Үүнийхээ дараа монгол соёлыг хөгжүүлэхийн тулд их цаг хугацааг зориулсан байдаг. Тиймээс ч Лувсанчойдонг Монголын зан үйлийн алдартай судлаач гэж үнэлдэг. Түүний бүтээлийг олон улсын эрдэмтэд судалж байна. Гэхдээ энэ хүний утга зохиолын тухай дэвшүүлсэн үзэл бодлын талаар судалсан нь дутмаг. Би Лувсанчойдонг 1990 оны үеэс судалж эхэлсэн. Судалгааны материалаа Монголын уран зохиолын онол, шүүмжлэл номондоо оруулсан. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд үүн дээрээ илүү дэлгэрүүлж, зан үйлийн дотор шүлгийн тухай ярьсан жишээнүүдийг онцолсон юм. Түүний шүлгийн онцлог нь толгой холболт байдаг” гэлээ. БНХАУ-аас оролцож буй монголч эрдэмтэн Ван Мандуга нь 1991 оноос Монголын уран зохиолтой холбогдож, судалгаа хийжээ. Тэрбээр Монголын орчин үеийн уран зохиолд их өөрчлөлт гарч байна. Зохиолчид олон ургалч үзэл, онолоор зохиол бичиж, содон сонирхолтой зохиолын төрөл их гарч байна гэдгийг хэлж байлаа.
“Монголын уран зохиолыг дахин таних боломж бүрдэж байна”
“Монголын уран зохиолын харилцаа, холбоо: Уламжлал ба өнөө” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг олон улсын монголч эрдэмтний XII хурлын дараа зохион байгуулж буй нь нүдээ олсон арга хэмжээ байна гэдгийг ШУА, Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Мөнхбаяр хэлсэн юм. Тэрбээр “Олон улсын монголч эрдэмтний XII хурлын дараа соёл судлаачид, хэл шинжээчдийн хурал болж байна. Үүнтэй адил уран зохиол судлаачдыг нэгтгэсэн эрдэм шинжилгээний хурал болж байгаа нь олзуурхууштай. Энэ удаагийн хурлын онцлог нь Монголын эрт ба эдүгээ үе, Монголын уран зохиолын гадаад харилцааны асуудлын талаар ярилцлаа. Мөн монгол туургатны алдартай зохиолч, анхны роман бичсэн В.Инжиннашийн мэндэлсний ойг тохиолдуулан монголын эртний эртний уран зохиолын асуудлыг хөндөж буйгаараа онцлог. Харин Япон дахь Монголын уран зохиол нийгэмлэгийн 50 жилийн ойд зориулан XX зуун, орчин үеийн уран зохиолын асуудлын талаар ярилцаж буй. Би Монгол-Японы уран зохиолын нийгэмлэгийн 2023 оны Улаанбаатарын хурлыг хариуцан зохион байгуулж байна.
Энэхүү хурлаар XX зууны Монголын уран зохиолд үнэтэй хувь нэмэр оруулсан мөртлөө чимээгүй, дарагдсан сурвалж зохиолуудын тухай ярилаа. Хоёрдугаарт уран зохиолын туурвил зүйн хамгийн нарийн асуудлуудыг хөндсөн. Энэ хурлыг зохион байгуулснаар нэгдүгээрт, Монголын уран зохиолыг дахин таних боломж бүрдэж байгаа юм. Хоёрдугаарт, хүмүүс монгол хэлээрээ ярьж, бичиж чадахаа байлаа гээд ярьж байна. Бидний ярьж буй хэл, соёлыг тээж байдаг зүйл бол уран зохиол. Тиймээс уран зохиолыг дахин танина гэдэг нь туурвил зүйн шинэ боломж сэдэл олж авч байна гэсэн үг. Энэ нь эргээд нийгмийг соён гэгээрүүлэх, нөлөөлөх алхам болно. Мөн судлаачид ажлаа хийж, үнэлж дүгнэх ёстой. Ингэснээр урам зориг, дахин бүтээл туурвих хүсэл эрмэлзэл, өөрийгөө хаана байгааг мэдэрч бүтээлээ туурвих боломж нээгдэх юм” гэдгийг хэллээ. Мөн энэ хурлын үеэр олон улсын монгол уран зохиол судлаачдын нийгэмлэгийг байгуулахаар болсон юм.
“Уран зохиолд маш сайн шүүмж хэрэгтэй”
Хурлын үеэр япон улсын монголч эрдэмтэн, багш Тоба Байкарү XX зууны гуч, дөчөөд оны үеэс Японд суралцаж байсан оюутан Хуацай Дугаржав болон Хаттори нарын хамтран орчуулж, хэвлүүлсэн “Монголын нууц товчооны тухай илтгэлийг хэлэлцүүллээ. Тэрбээр илтгэлийнхээ тухай “Хаттори гэж хүн Монголын нууц товчоог судалсан гэж ярьдаг. Үүнийг Хуацай Дугаржав гэх хүнээс салгаж ярих боломжгүй байдаг. Хуацай Дугаржав Хөлөнбуйрын барга хүн байж” гэлээ. Харин тэрбээр Монголын уран зохиолын харилцаа, холбоо: Уламжлал ба өнөө” олон улсын эрдэм шинжилгээний хурлын тухай ийн сэтгэгдлээ хуваалцсан юм. “Олон улсын монголч эрдэмтдийн хурлыг зохион байгуулж буй нь олзуурхууштай. Одоо түүх, уран зохиол, нийгэм гээд салбар хурал олон зохион байгуулах хэрэгтэй. Ярилцах, асуултын цагийг хангалттай гаргаж өгөх нь чухал. Мөн залуучуудаа дэмжихгүй бол уран зохиол ирээдүйгүй болно. Залуучуудаа дэмжих чухал ажлын нэг бол дэлхийтэй холбох. Ингэснээр олон монголч эрдэмтэн тэр тусмаа уран зохиолыг судалж байгаа эрдэмтдийн саналыг сонсох боломж бүрдэх юм. Тэдний зохиол бүтээлийн тухай олон улсын хурал зохион байгуулна. Гэхдээ хурал зохион байгуулахдаа магтах биш хатуу хэлэх хэрэгтэй. Японд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахдаа энэ дүрмийг баримталдаг. Шүүмж судлалгүй магтах нь өрөөсгөл ойлголт. Ялангуяа уран зохиолд маш сайн шүүмж хэрэгтэй” гэсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 16. ЛХАГВА ГАРАГ. № 161 (7146)