Д.ДАРАМБАЗАР

 

Татар” хамтлагийн 20 жилийн ойн тоглолт энэ сарын 19-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хөгжим, хэмнэл” буландаа тус хамтлагийн гишүүн Ч.Жаргалсайханыг урьж ярилцлаа.

 

-"Татар” хамтлаг байгуулагдаад 20 жил өнгөрчээ. Ойн тоглолт дээрээ үзэгчдэд ямар бэлэг барих гэж байна вэ?

-Бид 1999 онд бүжгийн хамтлагийн гишүүд байлаа. Харин 2001 оноос дуулж, 2003 онд “Татар” хамтлагаа байгуулжээ. Тэр цагаас хойш 20 жил өнгөрч, өнөөдөр бид ойн тоглолтоо хийх гээд зогсож байна. Өнгөрсөн үеүдэд хит болж байсан дуунуудаа дахин тайзнаа дуулах гэж байгаа болохоор сэтгэл үнэхээр өндөр байна. Мөн зохион байгуулалтыг урлагийн хүмүүс хийж байгаа болохоор санаа зовох зүйлгүй байгаа. 

-Хамтлаг байгуулж байхын нандин дурсамж олон байх даа?

-Анх хамтлагаа байгуулчихаад хөрш айлынхаа цэнхэр чингэлэг дээр “Татар” гэсэн бичиг хадчихаад дуулдаг байсан үеэ тодхон санаж байна. Мөн анхны дуугаа бичүүлэх гээд явж байсан үеэ дурсах хамгийн сайхан. Энэ удаагийн тоглолтод 27 дуу дуулахаар төлөвлөсөн. Мөн 20 жилийнхээ ойд зориулж “Сэргэн мандъя” гэсэн дуугаа гаргалаа. Үүнийгээ тайзан дээр үзэгчдийн өмнө дуулна гэхээс догдолж байна. Мөн өнгөрсөн жилүүдэд гаргасан дуугаа өнөөдрийн нийгэмд хүрэхүйц хэмжээний болгож, өөрчлөлт оруулан дуулна. Биднээс гадна манай тоглолтод дуучин Ука, Намуунаа, "Мөнхийн реп", "Флаш", "4 зүг" зэрэг уран бүтээлчид урилгаар оролцох юм.

-Анх хамтлагаа байгуулж байх үед эсэргүүцэлтэй хэр тулгарч байв?

-Би сурлага сайтай, ангийн дарга байсан. Тиймээс аав ээж минь их найдвар тавьдаг байсан байх. Гэвч би тэр хүслийг нь унтраачихсан. Аав ээждээ болохгүй зүйл рүү явж байна гэсэн ойлголтыг өгч, тухайн үеийн нийгэмд хүлээн зөвшөөрөгдөөгүй дуунуудыг дуулж эхэлсэн. Хэдийгээр тэр үед гудамжны соёлтой хүүхдүүд гэж харагдаж эхэлсэн ч бид түүнийг уран бүтээлээрээ үгүйсгэж чадсан. Манай хамтлаг энэ ойлголтын төгсгөлийг тавьж, нийгэмд  хүлээн зөвшөөрөгдсөн хамтлагуудын нэг. Үүнийхээ хүчинд томоохон уралдаанаас шагнал авч, олон улсад ч хүлээн зөвшөөрөгдөж байлаа.

-20 жилийнхээ ойд зориулсан кино хийх гэж байгаа гэсэн. Хамтлаг үүссэн талаар сэдэвтэй байх уу?  

-Бид “Татар” хамтлагийнхаа талаар намтарчилсан есөн ангитай уран сайхны кино хийхээр төлөвлөсөн. Эхний гурван ангид хамтлагийн гишүүдийн бага насны тухай харуулахыг зорьсон. Харин дараагийн ангиудад “Татар” хамтлагийн хэрхэн үүссэн талаарх түүхийг харуулна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 15. МЯГМАР ГАРАГ. № 160 (7145)