Төмөрбаатарын БАТСАЙХАН

Манай улсад дэлхийн 27 орны 500 гаруй монголч эрдэмтэн судлаач хүрэлцэн ирж,  чуулав.    Судалгаа шинжилгээний  салбарынхан маань монголч эрдэмтдээрээ амьсгалж өнгөрүүллээ. Улаанбаатар хотноо 1959 онд зохион байгуулагдсан “Олон улсын монгол хэл, бичгийн эрдэмтдийн анхдугаар их хурал”-аас үүдэлтэй Олон улсын монголч эрдэмтний их хурал нь нэгэн жарны түүхтэй бөгөөд хүйтэн дайн, даяарчлал, нийгмийн шилжилт, цар тахал гээд нийгэм, улс төрийн янз бүрийн цаг үеийг туулан амжилттай зохион байгуулагдсаар энэ жил XII их хурлаа хийлээ.

 

Онцлох илтгэлүүд: Чингис хаан судлал

 

Монголч эрдэмтдийн Их хурлын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” салбар хуралдаан болж, Чингис хаан судлалын олон сонирхолтой илтгэлүүд тавигдсан.  Энэ салбар хуралдаанд 14 орны 54 монгол судлаач өөрийн биеэр, 12 судлаач цахимаар оролцон илтгэл тавилаа.  Илтгэлээс онцолбол, ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, түүхийн болон биологийн ухааны доктор Юлий Иванович Дробышев “Чингис хааны сүүлчийн гэрээслэл” илтгэлээ хүргэсэн юм.  Тэрбээр “Түүх судлаачид, сонирхогчдын дунд Чингис хаан энэ хорвоог орхихоосоо өмнө үр хүүхдүүд, ач нар, ойрын хүмүүстээ дэлхийг бүхэлд нь эзлэхийг захисан гэсэн ташаа ойлголт бий. Монголын эзэн хаан өөрөө дэлхийг бүрэн эзэлж  чадаагүй тул нас барахынхаа өмнө ийнхүү захисан гэдэг. Гэвч ингэж хэлсэн тухай ямар түүхэн баримт бичигт тэмдэглэгдсэн бэ гэдэг асуулт гарч ирж байна. Тэр үеийн түүхэн баримт бичгүүдийг үзэхэд "дэлхийг эзлээрэй" хэмээн захисан талаар юу ч  байдаггүй. Харин тэрбээр үр хүүхэд, ач нартаа өөрийнх нь халааг авах Өгөдэй хаанд захирагдаж, эв нэгдэлтэй байхыг захисан талаар түүхэн баримт бичгүүдэд тодорхой бичсэн байдаг”  гэдгийг онцоллоо.

Мөн Польшийн монголч эрдэмтэн Барея Стажиньска "Надад монголчуудын бурхны шашны түүх маш сонирхолтой санагддаг. Түүнчлэн Чингис хааны түүхийг заавал мэдэх хэрэгтэй. Их Монгол Улсын цаашдын хөгжил болон дэлхийн олон газартай хэрхэн холбогдсон зэрэг нь үнэхээр сонирхолтой.  Монгол Улсыг тусгаар тогтнолтой болгохын төлөө маш идэвхтэй ажиллаж байсан Польшийн монголч судлаачийн тухайн үеийн (1912 он) материал одоо ч Краков дахь архивт хадгалагдаж байгаа. Цаашид зөвхөн Польшид байгаа монголч эрдэмтэд биш дэлхийн нийт монголч эрдэмтэд ирээд судлахыг урьж байна" хэмээн мэдэгдсэн юм.

 

Кристофер П.Этвүүдийн мэдэгдэл

Мөн их хурлын үеэр Олон улсын Монгол судлалын холбооны дэд ерөнхийлөгч, Пенсильванийн Их Сургуулийн Монголын түүхийн профессор Кристофер П.Этвүд яагаад оролцож чадаагүй талаараа мэдэгдэл гаргасан нь багагүй маргаан дагуулав.  Тэрбээр мэргэжлийн, хувийн ажил үүрэг гэхээс илүү Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуунаас болж оролцох боломжгүй болсон хэмээн мэдэгдэлдээ дурдсан байна. Кристофер Этвуд нь өрнөдийн нийгмийн хувьсалын онолд шүүмжлэлтэй хандаж, нүүдэлчдийн нийгмийн байгууллын судалгаанд онол, арга зүйн шинэ чиг хандлагыг дэвшүүлсэн эрдэмтэн юм. Мөн Монголын эзэнт гүрэн, монголын шинэ түүх болон монголчуудын түүх бичлэг, нүүдэл зүйн онолын асуудлаар голлон судалгаа хийж, өрнөдийн монгол судлалыг түүчээлэн ажиллаж байгаа тэргүүлэх монгол судлаач эрдэмтэн билээ. Түүнчлэн Этвүүд С.Чулууныг Олон улсын Монгол судлалын холбооны үүрэгт ажлаас нь чөлөөлөх ёстой хэмээн үзсэн юм. 

 

Судлаач Л.Мөнх-Эрдэнийн байр, суурь

Кристофер Этвүүдийн хүсэлтийн дагуу С.Чулууныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал яригдвал ямар дүрэм үйлчлэх талаар судлаач Л.Мөнх-Эрдэнэ дараах бичвэрийг өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ.  Тэрбээр "Нээлттэй захидлаас үүдэн Монгол судлаач олон эрдэмтэд асуудлыг хэрхэн шийдэх ёстой вэ гэсэн асуултыг их тавьж байгаа тул миний бие ОУМСХ-ны 2014 онд батлагдсан эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дүрмийн дагуу хариу өгөх нь зүйтэй гэж үзлээ" хэмээсэн байна.  Түүнчлэн дүрмийг дараах байдлаар тайлбарлаж, тэрбээр “Миний бие 2016 оны Монголч эрдэмтдийн их хуралд оролцсон. Гэвч холбооны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчид, Зөвлөлдөх товчооны бүрэлдэхүүн, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын сонгуульд оролцоогүй. Монголч эрдэмтдийн Их хурлын бүгд хуралдаан болж, сонгууль явуулсныг ч мэдэхгүй юм. Ингэхэд дүрмийн дагуух сонгууль болсон юм уу. Дүрмийн дагуу сонгууль явагдаагүй бол одоогийн удирдлага дүрмийн бус гэсэн үг биш үү. Энэ удаа ямар ч байсан Монголч эрдэмтдийн их хуралд оролцож байгаа эрдэмтэн та бүхэн бүгд хурлаа хуралдуулж удирдлагаа дүрмийнхээ дагуу өөрсдөө сонгоорой” гэсэн байв.

 

Кристофер П.Этвүүд, С.Чулуун нарыг чөлөөлөв

Тэгвэл Олон улсын Монгол судлалын холбооны хурал энэ сарын 14-нд болж, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуун ажлаа өгчээ. Түүний оронд МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Д.Заяабаатарыг томилсон байна. Олон улсын монголч эрдэмтдийн их хурлыг таван жил тутамд зохион байгуулдаг бөгөөд сүүлд 11 дүгээр их хурлыг 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулжээ. Хэдийгээр С.Чулууныг бусдын оюуны бүтээлийг хуулбарлаж, бүтээлийн жагсаалтаа хуурамчаар үйлдэн, оюуны өмчийг зөвшөөрөлгүй хуулбарласан гэх мэдээлэл цацагдсан ч тус холбооны дүрэм журмын дагуу ээлжит хүнийг томилсон гэдэг мэдээллийг эрдэмтэн судлаачид өгөв.  Харин Д.Заяабаатарын хувьд 2001-2004 онд МУИС-ийн Монгол хэл судлалын сургуулийн багш, 2004-2006 онд БНСУ-ын Дангүг их сургуульд урилгын профессор, 2006-2008 онд Монгол хэл, соёлын сургуулийн Сургалтын албаны эрхлэгч, 2008-2011 онд Монгол хэл, соёлын сургуулийн захирал, 2011-2014 онд Япон улсын Осака их сургуульд урилгын профессор, 2014 оноос өнөөг хүртэл МУИС-ийн Шинжлэх ухааны сургуульд профессор хийхийн зэрэгцээ Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

Мөн холбооны зөвлөлдөх зөвлөлийн хуралдаанаар есөн дэд ерөнхийлөгчтэй байхаар баталж, Кристофер Этвүүдийг огцруулж, Зөвлөлдөх Зөвлөлийн бүрэлдэхүүнд багтаажээ.

 

Холбооны түүх

 

Монгол хэл бичгийн эрдэмтдийн анхдугаар их хурлыг 1959 онд Улаанбаатар хотод зохион байгуулсан байдаг. Тухайн үед Монголын шинжлэх ухааны академийн дэргэд 1970 онд академич Б.Ширэндэвээр ахлуулсан хэл бичгийн эрдэмтдийн их хурал зохион байгуулах байнгын хороо байгуулсан байна. Байнгын хороо хэд хэдэн удаа хурал зохион байгуулж, 1987 онд болсон монголч эрдэмтдийн тавдугаар их хурлаас Олон улсын монгол судлалын холбоо (ОУМСХ)-г байгуулж, тухайн үеийн Сайд нарын зөвлөл албажуулж тогтоол гаргаж байжээ. Энэ холбоонд дэлхийн 40 орчим орны 600 гаруй судлаач гишүүнчлэлтэй байдаг аж. Холбооны ерөнхийлөгчөөр нь Унгар улсын эрдэмтэн Бирталан Агнеш ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 15. МЯГМАР ГАРАГ. № 160 (7145)