Сүрнээгийн УЯНГА

 

Байгаль дэлхийн “ааш” араншин хэрхэн хувирч өөрчлөгдөж байгааг хүн төрөлхтөн биеэрээ мэдэрч, байгаа бүхнээрээ төлөх эмзэг цаг үе хаяанд иржээ. Уг нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авах цаг нь яг одоо гэдгийг дэлхий нийт, НҮБ одоогоос 2-3 жилийн өмнө онцгойлон анхааруулж байв. Тэр дунд Монгол Улс анхаарлын “улаан тэмдэг”-тэй байсныг хэлэх үү. Харамсалтай нь цаг явах тусам байгаль дэлхийн “ааш” нь улам л муудаж байгааг ухаж ойлгохгүйгээр, учирлаж сэхээрэхгүйгээр урагшаа нэг ч алхах боломжгүй боллоо. Иймдээ тултал даанч хайхрамжгүй явжээ.

 Зуны тэргүүн сар гарч, дундаа орчихоод байхад хасах хэмтэй өдрүүд ээлжилж байна. Үндсэндээ нэг өдөр зун нөгөө өдөр хаврын хавсарга тавина. Эсвэл намар, өвлийн улирлыг үлгэрийн хийсвэр ерөнцөд байгаа мэт алган дээр харуулдаг тааварлашгүй сорилттой нүүр тулсаар байна. Зун ороогүй бол наадмын дараа өдөр алгасахгүй асгарч мал амьтан, хүн зоны ахуй амьдралаа төлөвлөх хэв маягийг эвдэж байна. Хамгийн наад зах нь ган ганчиг, газар тариалантай холбоотой эдийн засгийн хямрал бий болдог. Тэр хэрээр улсын эдийн засаг, иргэдийн амьдралд сөрөг нөлөө үзүүлж буй нь борооны давтамж нэмэгдсэн, буурсан төдий өнгөцхөн ойлголт, дам яриа  биш уур амьсгалын өөрчлөлтийн бодит жишээ юм. Урьд нь Монголд цаг агаар тогтвортой, шиврээ бороо орохдоо аажмаар газрын хөрсөнд шингэдэг байсан бол одоо хур тунадас улам цөөрч гэнэт аадар асгаад, үер болдог. Үүнээс болж агаар мандлын тогтворгүй байдал нэмэгдэж, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж, эрч нь ихсээд байна. Энэ бол санамсаргүй тохиолдол бус. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас агаар мандал тогтворгүй байдалд ороод, гэнэт дулаарах, хүйтрэх үзэгдэл олширч байна гэдгийг шинжээчид хэлж тайлбарлаж ирсэн. Үүн дээр манай улсын газар зүйн онцлог, байршил ч “буруутай”. Монгол Улс нь далай тэнгисээс алслагдмал, хуурай ширүүн уур амьсгалтай, газар зүйн өндөрлөг байршилтай, байгаль экологийн энэ байдлыг дагасан бэлчээрийн мал аж ахуй зонхилон эрхэлдэг зэрэг онцлогоос хамааран дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэгт орж байна. Эмзэг байдлаараа гарын арван хуруунд багтдаг. Хэдийгээр манай улс уур амьсгалын өөрчлөлтөд хувь нэмэр бага оруулж байгаа ч эсрэгээрээ хохирогч болж буй юм. Өөрөөр хэлбэл, өндөр хөгжилтэй орнууд өнгөрсөн 100 илүү жилийн турш хүлэмжийн хийг ялгаруулсаар ирсэн. Хөгжиж буй орнууд ч дутахааргүй ихийг ялгаруулж байна. Гэвч хохирлыг нийтээрээ хүртэж буй ийм л онцлогтой зүйл билээ.

Бидний өнгөцхөн ойлголтоор бол ган гачиг, усны хомстол, гал түймэр, далайн түвшин өсөх, үер, туйлын мөс хайлах, хүчтэй шороон шуурга болон биологийн төрөл зүйл хомстож буйг анхааруулсан түгшүүрийн дохио бол өнөөх л уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар юм. Гэтэл яг одоо дэлхийн дулаарал явагдаж, уур амьсгал  хурдацтай өөрчлөгдөж байна. Дэлхий хэмээх нэг цөмөөс “цацарч” буй энэ түгшүүрийн дохио манай улсад хэрхэн нөлөөлж буйг сонирхож үзье.

Монгол орны хувьд сүүлийн 80 жилийн хугацаанд жилийн дундаж температур 2.2 градусаар нэмэгдсэн байна. Сүүлийн 45 жилд хүйтэн өдрийн тоо дунджаар 15 хоногоор буурч, халуун өдрийн тоо 24 хоногоор нэмэгдэж, хуурайших хандлагатай байна. Энэ нь дэлхийн дунджаас 2.5 дахин эрчимтэй буюу Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эрсдэлтэй орон болох шалтгаан болж буйг харуулна. Харин хур тунадасны хэмжээ сүүлийн 80 жилд 7-10 хувиар буурчээ. Улирлын өөрчлөлтөөр нь авч үзвэл өвлийн дулаарал илүү эрчимтэй буюу 2.6 градусаар нэмэгдэж байгаа бол зун температурын өсөлт 1.9 градус байгаа аж.

Гэтэл уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын гамшигт үзэгдлийн тоо сүүлийн 20 жилд өмнөх 10 жилтэй нь харьцуулахад бараг төрөл зүйл бүрээрээ хоёр дахин нэмэгдсэн судалгаа бий. Тухайлбал, судлаачдын тогтоосноор 1971 оны байдлаар нийт газар нутгийн 63 хувьд олон жилийн цэвдэг тархсан байсан бол 2016 онд 29.3 хувь, 2000-2015 оны хооронд нийт нуур цөөрмийн 21 хувь, гол мөрний 12 хувь, горхи булгийн 15 хувь нь хатаж ширгэсэн судалгаа байдаг. Мөн хүчтэй салхи, цасан шуурга, аадар бороо, аянга цахилгаан, үер, ой хээрийн түймэр, ган, зуд зэрэг цаг агаарын гаралтай аюулт, гамшигт үзэгдэл жилд дунджаар 54 удаа тохиодог бөгөөд харин тэдгээрийн давтамж сүүлийн 20 жилд хоёр дахин нэмэгджээ.

Хоёр ч удаагийн судалгааны дүгнэлтээр Монголын экосистем ихээхэн эмзэг, эдийн засаг нь мал аж ахуйгаас хамааралтай, хур борооны хэмжээнээс шууд хамаардаг газар тариалантай, хүн ам нь хурдацтай нэмэгдэж байгаа, уламжлалт нүүдлийн ахуйтай боловч хотжилтын хандлага давамгайлж байгаа зэрэг олон хүчин зүйл нь Монгол улсыг уур амьсгалын өөрчлөлтөд маш эмзэг, өртөмтгий болгож байна гэжээ. Энэ бол хангалттай үндэслэл шалтгаан юм.

Үргэлжлэл бий...

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 15. МЯГМАР ГАРАГ. № 160 (7145)