Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Хослон зурайх ган харгуй, хүрдэн дугуйны хэмнэлд, цэмцийтэл хувцаслаж шар дарцаг өргөх үйлчлэгч дохиогоор, уран жолоодогч машинистын ур чадвар дор галт тэрэг хөлөглөн Монголчууд бид олон жил давхижээ. Тэгвэл Төмөр зам гэх их айлын эд эс нь болж гурван үеэрээ хүчин зүтгэж буй нэгэн гэр бүлийг энэ удаагийн “Удмын бахархал” буландаа онцолж байна. Г.Сарантуяа нь галт тэрэгний үйлчлэгчээс дарга хүртэл албан тушаалд 36 жил ажиллаж буй нэгэн юм. Харин түүний аав Гаажид нь төмөр замын намын хорооны дарга, ээж С.Отгон нь нам төрийн удирдагч Ю.Цэдэнбал агсны вагоны үйлчлэгч байсан. Өдгөө хүү Ц.Цогбаяр нь ээж, эмээ, өвөөгийнхөө үйлсийг залгамжлан төмөр замдаа ажиллаж буй. “Удмын бахархал” булан нь гурав дахь үеийн төлөөлөлтэй ярилцдаг бол энэ удаа С.Гаажидын охин Г.Сарантуяа, түүний хүү Ц.Цогбаяр нартай ярилцлаа.

 

Өвөөгийн дурсамж

Аав С.Гаажид, ээж С.Отгон.

Г.Сарантуяа аавыгаа  “Их өндөр нуруутай, тайван, дуу цөөтэй хүн байсан. Хүн загнадаггүй хэр нь хүмүүс ааваас минь их эмээдэг байсан санагдана. Энэ нь аавыг хүндэлж буй хэлбэр байсан юм билээ. Аав минь байсан бол ирэх жил 100 нас хүрэх байлаа” хэмээн дурсав. Түүний аав Гаажид нь 1924 онд Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төржээ. Гаажидын төрсөн аав Дандар нь бага хүү Гаажидыг өөрийн ах Самбуугаар овогложээ. С.Гаажид нь хүүхэд ахуй насаа хийдэд шавилан сууж орос хэл, монгол бичиг зэргийг гаргууд эзэмшсэн нэгэн байжээ. Энэ тухай Г.Сарантуяа “Аавын хүүхэд байхдаа бичсэн гар бичмэл манайд байдаг. Монгол бичгээр бичсэн мэт харагдах боловч түүнийг нь галиглаад уншихаар оросоор бичсэн байдаг. Хэл бичгийн боловсролыг сайн эзэмшсэн хүн байсан” гэв.

С.Гаажид 20 гаруй насандаа хуулийн сургуульд суралцаж төсөөд Төв аймгийн прокурорын газар туслах прокуророор ажиллаж байсан. 1961 оноос хойш одоогийн зорчигчийн вагон депогийн боловсон хүчний хэлтэст томилогдон ажиллах болсон байна. Ингэж л тэрбээр хүүхдүүдээ төмөр зам гэх их айл руу хөтлөх гүүр нь болж байжээ. Харин түүний эхнэр Сосорын Отгон нь Төв аймгийн Угтаал цайдам суманд айлын найм дахь охин болон мэндэлжээ. Охины төрсөн аав С.Гэлэнхүү нь түүнийг Сосор хэмээх айлд өргүүлэн С.Отгон айлын ганц охин болсон нь энэ билээ. Тэрбээр хүүхэд насаа бусдын адил эцэг эхийн гар дээр өнгөрүүлсэн юм. Боловсролын хувьд одоогийн Баянчандмань сумын 72 дугаар сургуульд дөрөвдүгээр ангийн боловсрол эзэмшжээ. Ээжийнхээ тухай Г.Сарантуяа “Тухайн үед дөрөвдүгээр анги төгсөөд багшлах эрхтэй болдог байж. Ээж минь дөрөвдүгээр ангиа дүүргээд Баянчандманийн 72 дугаар сургуульдаа багшилж байгаад 1955 онд аавтай гэр бүлж есөн хүүхдийн аав ээж болцгоосон. Түүний долоо нь өдгөө төмөр замын мэргэжил эзэмшин ажиллаж байна” гэв. Тухайн үед нэг намын тогтолцоотой байжээ. С.Гаажидыг тухайн үед намын хорооны дарга НАХЯ судлаж үзээд түүний эхнэр С.Отгоныг нэг номерын буюу нам төрийн удирдагч Ю.Цэдэнбал агсны вагоны үйлчлэгчээр ажлуулж байжээ. Энэ талаар охин Г.Сарантуяа нь “Ээж маань насаараа төмөр замд ажилласан. Ю.Цэдэнбал даргыг нам төрийн удирдагч байх үед нь яг тэр вагоны үйлчлэгчээр ажиллаж байсан. Ээжийн маань ажиллаж байсан Ю.Цэдэнбал даргын вагон одоо музей болсон. Ээж Ю.Цэдэнбал даргын тухай дурсаж ярина. Манай дарга их зөөлөн, нэг бодлын өрөвдмөөр хүн байсан шүү гэж ярьдаг. Айлд дураараа ороод, аяга цай уух ч эрх байхгүй, айлд ороод чихэр амсчих эрх байхгүй, дандаа хүний хараа хяналтын дор явдаг. Гэхдээ маш хүнлэг, зөөлөн хүн байсан" гэдэг байсан. Удалгүй гурав дахь эгч хүндээр өвдөж ээж маань чөлөөлөгдөх хүсэлтээ өгч ажлаасаа гарсан гэдэг” гэсэн юм. С.Отгон вагоны үйлчлэгчээс чөлөөлөгдөн төмөр замын орон сууцны газар орон сууцны эрхлэгчээр ажилласаар гавьяаны амралтдаа гарчээ.

Харин аав С.Гаажид нь 1968 онд Зүүнхараагийн зангилааны намын хорооны даргаар томилогдон 1980 он хүртэл ажиллажээ. 1980 онд Улаанбаатарын Зүтгүүрийн депод намын хорооны даргаар томилогдон ажиллаж байгаад 1987 онд гавьяаныхаа амралтад гарсан байна.

 

Өөрийнх нь хөрөг

Г.Сарантуяа 2011 оноос одоог хүртэл вагоны гэмтлийн инженер, депо засвар хариуцсан технологич инженерээр ажиллаж байна.

Г.Сарантуяа аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөн төмөр зам гэх өнөр айлтай амьдралаа холбоод 36 жил болжээ. Тэрбээр өдгөө 56 настай. Гавьяаны амралтдаа сууна гэж бодохоор өнчрөөд үлдэх шиг санагдах юм хэмээн ярих нь ажилдаа хэр дассаныг нь илтгэнэ. Тэгвэл эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж үйлчлэгчээс галт тэрэгний дарга хүртэлх албан тушаал хашиж явсан Г.Сарантуяа гэж хэн болох талаар энд сийрүүлье. Тэрбээр 1967 онд Улаанбаатар хотод С.Гаажидын зургаа дахь охин болон мэндэлжээ. Г.Сарантуяа нь дөрвөн эгч, нэг ах, гурван эрэгтэй дүүтэй. Тэдний долоо нь төмөр замын мэргэжлийг эзэмшжээ. Энэ тухай “Бидний амьдрал төмөр замтай салшгүй холбоотой. Тиймээс бид аав ээжийнхээ мэргэжлийг үргэлжлүүлэн замчин, барилгачин, холбоочин, вагоны мэргэжилтэн, зүтгүүрийн мэргэжилтэн зэрэг төмөр замын мэргэжилүүдийг эзэмшин бүх салбарт ажиллаж байжээ. Мөн миний залгамж халааг үргэлжлүүлэн бага хүү Ц.Цогтбаяр маань  цахилгаан цехийн засварчнаар ажиллаж байна” гэлээ.

Улаанбаатар төмөр зам нь босоо удирдлагатай, хагас цэргийн зохион байгуулалттай газар. Тэднийг хаана томилогдон ажилла гэнэ тэнд ажиллах үүрэгтэй. Тэдний адилаар Г.Сарантуяаг нэг настай байхад аавыг нь Зүүнхараа руу томилж тэд гэр бүлээрээ шилжсэн байна. Ингээд тэрбээр Зүүнхараагийн нэгдүгээр арван жилийн сургуульд тавдугаар анги төгстлөө суралцжээ. Энэ тухайгаа Г.Сарантуяа “Зүүнхараа руу нэг настай байхдаа яваад зургадугаар ангид элсэх жилээ Улаанбаатарт ирж байлаа. 1983 онд Нийслэлийн зургадугаар дунд сургуулийг төгсөж, 1983-1987 онд Төмөр замын технуккомыг вагоны техникч, механикч мэргэжлээр төгссөн” гэсэн юм. Г.Сарантуяа анх вагоны үйлчлэгчээр ажлын гараагаа эхэлж, галт тэрэгний дарга, одоо технологийн инженерээр ажиллаж байна. Тодруулбал, 1987-1992 оны хооронд тэрбээр үйлчлэгч, 1992-2011 он хүртэл галт тэрэгний даргаар ажиллажээ. 2011 оноос одоог хүртэл вагоны гэмтлийн инженер, депо засвар хариуцсан технологич инженерээр ажиллаж байгаа юм. Төмөр замтай ажил амьдралын гараагаа холбосноор 2008 онд тэргүүний төмөр замчин. 2009 онд ОХУ-ын Улс түмний найрамдлын одонгоор шагнуулж байжээ. Энэ үед Г.Сарантуяа Москвагийн галт тэрэгний дарга байсан юм. Дээрх шагнал нь түүнийг ажилдаа хэр сайн болохыг илтгэх биз ээ. Монгол улсаас ОХУ-ын улс түмний найрамдлын одонг Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Р.Раш нар хүртэж байсан ажээ. Тэгвэл энэ талаар Г.Сарантуяа “ОХУ-ын Улс түмний найрамдлын одонгоор шагнуулаад хэдхэн хоногийн дараа Москвагийн галт тэрэгний аялалд гарсан. Одонгоо зүүгээд явж байхад оросууд ирж хүндэтгэл үзүүлэн улс түмний найрамдлын одон гэж сонсож байснаас барааг нь харж байсангүй. Барьж үзэж болох уу гэдэг байлаа. Энэ үед ажил мэргэжлээрээ бахархаж байсан” гэв.

Ажил мэргэжлийн зам нь дардан байсан ч түүний хувь тавилан их ээдрээтэй байжээ. Ангийн хөвгүүн Ж.Баярмагнайтай 1987 онд гэр болж болж 1989 онд том хүү Б.Очбадрахыгаа өлгийдөн авчээ. Галт тэрэгний үйлчлэгч байх заримдаа хатуу тавилан ажээ. Тухайлбал, Г.Сарантуяа 1993 оны зун Улаанбаатар-Москва чиглэлийн галт тэрэгний аялалд 10 хоног яваад ирэхэд түүний хань бурхны оронд одсон байжээ. Энэ тухай тэрбээр “10 хоног гэдэг их урт хугацаа. Ажилдаа явахад байсан хань минь эргээд ирэхэд байхгүй болж, ажил явдал нь дуусчихсан байсан. Тэр үед харилцаа холбоо муу. Нэг аялалд гарчихвал ирэх хүртлээ гэрт юу болж байгааг мэддэггүй байсан” гэв. Харин дараа нь хоёр дахь хүүгийнхээ аав н.Цогбадрахтай гэр бүл болж 1996 онд хүү Ц.Цогбаярыгаа төрүүлжээ. Бага хүүгийн аавтай ажил мэргэжлээс шалтгаалан зам нийлээгүй ажээ. Одоо Г.Сарантуяа хань Р.Батболдтойгоо хамт амьдарч байгаа юм. Энэ тухайгаа “Манай салбарын ажил хүнд. Ажил мэргэжлийг минь ойлгодог хүнтэй хамт амьдрахад амжилт хүртэл дагадаг юм билээ” гэсэн юм.

Г.Сарантуяа төмөр замын мэргэжил эзэмших болсон тухайгаа “Есдүгээр ангийн сурагч байхдаа төмөр замын сургуульд суралцах хүсэлтэй байгаагаа аавдаа хэлсэн. Ингэхэд аав маань дэмжиж хувийн хэргээ өвөртөн төмөр замын техниккумд элсэхээр очсон. Энэ үед сургуулийн захирал надаас юуны ангид орох вэ гэхэд би “Зүтгүүр”-ийн ангид орьё гэсэн. Яагаад гэхээр аав маань зүтгүүрийн депод ажилладаг байсан. Зүтгүүр гэдэг үг чихэнд хоногшчихсон байсан гэхэд болно. Гэтэл аав маань зүтгүүрийн мэргэжил эмэгтэй хүн эзэмшихэд хүнд. Тиймээс вагоны ангид орохыг санал болгосон. Ингээд ажил амьдралын минь гарааг вагоны анги руу аав, захирал хоёр минь чиглүүлж өгч байсан” гэв. Вагоны үйлчлэгч байх амаргүй ажээ. Энэ тухай тэрбээр “1990 оны ихээр Улаанбаатар-Москвагийн галт тэргэнд буутай, хутгатай оросууд орж ирж дээрэм хийх тохиолдол гардаг байсан. Нэг удаа Эрхүүгээс тасалбаргүй зорчигч оруулахгүй гэдэг үүрэг өгсөн. Гэтэл хажуугийн вагоноос хоёр согтуу монгол хүн ажлын өрөөний хаалга татаж орж ирээд хутга тулган сүрдүүлж эхэлсэн. Та нар хүний нутагт явж байж биднийг оруулсангүй. Шөнө байсан учир хүн орж ирдэггүй. Сүүлдээ би галаа түлье гээд гуйсан. Тэг гэхээр нь голын хаалгаа түгжээд цагдаа руу гүйчихсэн. Цагдаа дуудаж эсэн мэнд гарч байсан. Вагоны үйлчлэгч гэдэг олон янзын авиртай хүмүүстэй таардаг учраас хүнтэй хэрхэн харилцахаа мэддэг байх ёстой юм билээ” гэв. Галт тэрэгний үйлчлэгч, дарга байна гэдэг зорчигчдын аюулгүй байдал, тав тухтай орчинд зорчуулах, эрүүл мэнд, дулаан явах зэрэг бүх л асуудлыг нуруундаа тээж явдаг гэдгийг тэрбээр учирлаж байсан юм.

Гурав дахь үеийн төлөөлөл Ц.Цогтбаяртай ярилцлаа.

-Төмөр замын мэргэжил эзэмших болсон тухай яриагаа эхэлье?

-Намайг ухаан орох үед ээж минь галт тэрэгний дарга байсан. Гэртээ ирээд хэд хоног амарч байгаад ажилдаа явдаг. Ээжийгээ харах гэж хааяа вокзал орно. Ингэхэд ээж маань галт тэргэндээ суучихсан дүрэмт хувцсаа өмсчихсөн гараа даллаад хөдөлж байдаг байсан. Энэ үед ээжээрээ бахархаж, ээж шигээ дүрэмт өмссөн хүн болно гэж боддог байлаа. Миний ОХУ-д сурах болсон шалтгаан ахтай маань холбоотой. Тодруулбал, намайг долдугаар ангид орох жил ах маань Москва хотод Улс түмний найрамдалын сургуульд суралцахаар явсан. Тиймээс би ахыгаа дуурайн наймдугаар ангид орох жилээ Улаан-Үдийн 40 дүгээр  сургуулийн ахлах сургуульд элссэн. Ахлах сургуулиа төгсөөд Улаан-Үдийн төмөр замын коллежд элссэн. Коллежоо төгсөөд хоёр жилийн өмнө Улаанбаатарт эргэн ирж төмөр замын дээд сургуулийг вагоны аж ахуйн ангийг бакалавр зэрэгтэй төгссөн. 2018 оноос өнөөг хүртэл ээжтэйгээ хамт цахилгаан цехийн засварчнаар ажиллаж байна. Эзэмшсэн мэргэжлээрээ нэг газартаа тогтвор суурьшилтай ажиллах ёстой гэдэг ээжийнхээ зарчмаар хичээнгүйлэн ажиллаж явна.

-Галт тэрэгний даргын хүүхэд байх сайхан байх. Нөгөө талаараа олон хоногоор ээж нь байхгүй байх хэцүү байдаг уу?

-Улаан-Үдэд сурч байхдаа ээжийг Москва явах бүрт нь тосно. Ээж дүрэмт хувцастайгаа зогсож байдаг. Энэ үед ээжээрээ бахархаж, хайрлах сэтгэл төрдөг байсан. Мөн энэ үед хүн бүр намайг галт тэрэгний даргын хүүхэд байна гэж таньдаг байлаа. Нөгөө талаараа ээжийгээ санах үе бас байдаг байсан.

-Ээж чинь чамайг олон улсын харилцааны мэргэжилтэй болгоно гэж боддог байсан гэсэн. Энэ тухайгаа хэлж байсан уу?

-Би энэ тухай бодож үзэж байсан. Гэхдээ өөрийн мэдэлгүй л төмөр замын мэргэжил эзэмшчихсэн. 

-Өвөө, эмээгийнхээ тухай санадаг уу?

-Өвөө намайг төрөхөөс өмнө буюу 1990 онд бурхан болсон. Харин эмээгээ санадаг. Миний эмээ намхан нуруутай, цагаан царайтай хүн байсан.

-Эзэмшсэн мэргэжилдээ сэтгэл хангалуун байдаг уу? 

-Мэргэжлээрээ ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байж, ээж, өвөө, эмээгийнхээ нэр хүндийг өргөж явна гэж боддог. 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 14. ДАВАА ГАРАГ. № 159 (7144)