Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Олон Улсын Монголч эрдэмтний XII Их хурал энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо болж өнгөрлөө. Их хурлын хүрээнд нэгэн сонирхолтой номын нээлт өнгөрсөн баасан гарагт “Чингис хаан” музейд (2023.08.11) боллоо. Энэ бол төр нийгмийн нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Сономын Лувсанванданы үйл амьдралаар бүтээгдсэн “Сономын Лувсанвандан” түүхэн баримтат ном юм. Номыг Монгол Улсын гавьяат хуульч, Доктор (PhD) Ширчингийн Сүхбаатар бүтээжээ. Олон улсын Монголч эрдэмтэд чуулж байх үед Сономын Лувсанвандан хэмээх хүний амьдрал, дурсамжийн баримтат номын нээлтийг хийж буй нь их учиртай. Монголч эрдэмтний Их хурлыг анх 1959 онд зохион байгуулсан Олон улсын монгол хэл, бичгийн эрдэмтний Их хурал болсноос эхлэн өдгөө 12 дахь удаагаа болж байна гэж тооцдог. Тэгвэл 1968 онд Олон улсын Монголч эрдэмтний хоёрдугаар Их хурлыг зохион байгуулах комисс байгуулагдахад даргаар нь Б.Ширэндэв, нарийн бичгийн даргаар нь доктор С.Лувсанвандан нар томилогдсон байдаг.
Тухайн үеийн улс төрийн амаргүй нөхцөл дунд С.Лувсанванданы хичээнгүй их зүтгэлийн үр дүнд II Их хурал 1970 онд амжилттай болсон гэдэг. Улмаар С.Лувсанвандан Олон улсын Монголч эрдэмтдийн Их хурлын байнгын хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар 1970-1987 онд нийтдээ 17 жил тасралтгүй ажиллахдаа олон улсын Монголч эрдэмтний 2-5 буюу дөрвөн их хурлыг зохион байгуулжээ. Энэ талаар “Сономын Лувсанвандан” номын зохиогч Ш.Сүхбаатар маш тодорхой үг хэлснийг хойно дэлгэрэнгүй дурдах учраас түр хойш нь тавъя.
Номын нээлтэд нэрт эрдэмтэн Сономын Лувсанванданы үр хүүхэд, төрөл садан, шавь нар, гадаад дотоодын эрдэмтэн нөхөд нь, их дээд сургуулийн судлаач эрдэмтэд цугласан юм. Тэд их эрдэмтний үлдээсэн энэ том өвийг тойрон халуун дулаан яриа өрнүүлж байлаа. Үнэхээр ч энэхүү Их хурал нь нэгэн жарны түүхтэй бөгөөд хүйтэн дайн, даяарчлал, нийгмийн шилжилт, цар тахал зэрэг түүх нийгэм, улс төрийн янз бүрийн цаг үеийг туулан амжилттай зохион байгуулагдсаар өдгөө 12 дахь Их хурлаа хийж байна гэхээр ямар хэмжээний дархлаатай болон тогтож, ач холбогдол нь хэр өндөрт байгаа нь мэдэгдэх биз ээ.
БШУЯ, Соёлын яам, Соёл урлагийн газар, соёл урлагийн байгууллагуудын удирдлагуудаас бүрддэг Монгол Улсын Соёл, урлагийн их сургуулийн Удирдах зөвлөлийн 2022 оны есдүгээр сарын 28-ны өдрийн 08 тоот тогтоолоор Соёл, урлаг судлалын хүрээлэнг төр нийгмийн нэрт зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор Сономын Лувсанванданы нэрэмжит болгосон. Нөгөөтэйгүүр өнөөдөр нээлтээ хийж буй “Сономын Лувсанвандан” хэмээх ном бол СУИС-иас гаргаж буй “СУИС-ийн профессорын өв” цувралын долоо дахь ном аж.
Энэ талаар Монгол Улсын Соёл, урлагийн их сургуулийн захирал, доктор, профессор Э.Сонинтогос хэлсэн үгэндээ “Олон улсын монголч эрдэмтний Их хурлын энэ салбар хуралдааны үеэр нэг сайхан ажил хийж байгаа нь С.Лувсанвандан гуайн номыг нээж байгаа явдал юм. Манай “Профессорын цуврал” гэдэг бол их учиртай цуврал. 2015 оноос Монгол Улсын манлай уртын дууч Н.Норовбанзад гуайн номоор эхлүүлсэн. Салбар салбартаа манлай болсон эрдэмтэн, судлаач, уран бүтээлчдээр энэ цувралаа бид явуулдаг. Ийм уламжлалтай. Ямар нэгэн байдлаар Соёл, урлагийн их сургуулийн намтар, түүхтэй холбоотой, сургалтын хөтөлбөрийн үндэс суурийг тавьсан эрхмүүд манай энэ номын эзэд байдаг. Бид долоон цуврал гаргаад байна. Уртын дуучдын манлай болсон Н.Норовбанзад гуай, сонгодог урлагийн манлай Г.Хайдав багш, сэтгүүл зүйн манлай Д.Амбасэлмээ, театрын урлагийн манлай Н.Сувд, хөгжмийн урлагийн манлай Н.Жанцанноров, баримтат киноны урлагийн манлай Д.Хишигтийн номыг гаргасан болсон долоо дахь цувралаар соёл урлаг судлалын манлай болсон эрдэмтэн, соён гэгээрүүлэгч Сономын Лувсанванданы номоор цувралаа үргэлжлүүлж байна. С.Лувсанвандан гуай бол Монгол Улсын соёл, урлагийн түүхэнд онцгой хувь нэмэр оруулсан хүн. Соёлын яамны сайдаар ажиллаж байсан, Соёл урлагийн хүрээлэнг 15 жилийн турш удирдсан. Хүний амьдралын 15 жил гэдэг бол их урт хугацаа. Шантрашгүй, цуцашгүйгээр алхам алхмаар давшиж байж энэ хүрээлэнг байгуулсан. Энэ хүрээлэн өдгөө 50 орчим жилийн түүхтэй, хийсэн бүтээсэн бүтээл ихтэй, Монголын соёл, урлаг судлалд өөрийн гэсэн намтар түүх, мөртэй ийм сайхан хүрээлэн болоод өргөжөөд явж байна. Энэ номын тухайд бол энэ ном үнэхээр сайхан” гэсэн юм.
“ОЛОН УЛСЫН МОНГОЛ СУДЛАЛД С.ЛУВСАНВАНДАНЫ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР”
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Соён гэгээрүүлэгч, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Сономын Лувсанванданы үйл амьдралаар бүтээгдсэн “Сономын Лувсанвандан” түүхэн баримтат номын зохиогч Монгол Улсын гавьяат хуульч, Доктор \PhD\ Ширчингийн Сүхбаатарын номын нээлтийн үеэр тавьсан илтгэлийг толилуулж байна.
Олон улсын Монгол судлалын холбоо 1959 онд болсон Хэл бичгийн олон улсын эрдэмтдийн анхдугаар хурлаар сууриа тавьж, 1968 онд Олон улсын Монголч эрдэмтний хоёрдугаар их хурлыг зохион байгуулах комисс байгуулагдахад даргаар нь академич Б.Ширэндэв, нарийн бичгийн даргаар нь доктор С.Лувсанвандан нар томилогдсон байна. Энэ үед улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж багагүй саад бэрхшээл байсан ч нарийн бичгийн даргын хувьд С.Лувсанвандан дэлхийн олон орны эрдэмтэн судлаачидтай холбоо тогтоон, зарим олон байгууллагад хандаж тусламж, дэмжлэг авах, урилга хөтөлбөр бэлтгэх зэрэг нөр их ажлыг гардан хийж ажилласны эцэст 1970 оны есдүгээр сарын 2-7-ны өдрүүдэд Улаанбаатарт Монголч эрдэмтний хоёрдугаар их хурал болжээ. Уг хуралд Австрали, Англи, Болгар, Герман, Франц, ЗХУ, Унгар, Энэтхэг, Монгол, Япон зэрэг 24 орон, олон улсын байгууллагуудыг төлөөлсөн 120 гаруй эрдэмтэд цуглаж, утга зохиол түүх, эдийн засаг гэсэн хоёр салбар хуралдаанд 110 гаруй илтгэл хэлэлцүүлсэн байна. Ийм том хэмжээний олон улсын хурал монгол судлалын түүхэнд анх удаа зохион байгуулагдсан бөгөөд түүнийг гардан зохион байгуулагчдын нэг нь С.Лувсанвандан байв. Тус их хурлаас Олон улсын монголч эрдэмтний их хурлын байнгын Хороог байгуулж, тус Хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар Хэл бичгийн ухааны доктор С.Лувсанванданг сонгожээ. Тэр цагаас эхлэн олон орны Монгол судлаач эрдэмтдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, таван жил тутамд ээлжит хурлаа зохион байгуулдаг уламжлал тогтжээ. Шинэ тутам байгуулагдсан тус Хороо нь олон улсын дорно дахины судлалын хэмжээнд нэр хүндтэй байгууллага болсон төдийгүй, түүний зохион байгуулдаг ээлжит их хурлууд нь дэлхийн нөлөө бүхий нэр цуут эрдэмтдийн хуран чуулах дуртай арга хэмжээний нэг болжээ. Тэр бүхэн бол түүнийг удирдан зохион байгуулалцаж ирсэн доктор С.Лувсанванданы хичээл зүтгэл, мэдлэг оюун, зохион байгуулах авъяас чадварын үр дүн гэж судлаачид зүй ёсоор үнэлдэг.
“С.Лувсанвандан Олон улсын монгол судлалд нэр хүндтэй тэргүүлэх эрдэмтдийн нэг байсан төдийгүй Германы В.Хайссиг, К.Загастер, АНУ-ын О.Латтимор, Д.Синор, Францын Л.Амбис, Р.Амайон, Японы Широ Хаттори, Шиго Озова, Г.Абемацу, Италийн Ж.Туччи, Австралийн И.Д.Рахевильз нарын зэрэг тухайн үеийн дэлхийн нэрт монголч эрдэмтэдтэй бичиг соёл, судалгааны өргөн харилцаатай байжээ. Эрдэмтэн С.Лувсанвандан олон улсын монгол судлалын үйл хэрэгт бүтээсэн нэг чухал ажил бол Монгол судлалын ирээдүй, хамтын ажиллагааны ирээдүйн төлөвийг урьдчилан харж, олон улсын байгууллагуудтай холбоо тогтоож, хамтран ажиллах арга хэлбэрийг төгс боловсронгуй болгоход онцгой хүчин чармайлт гаргаж байсан явдал юм. Үүний үр дүнд түүний идэвх оролцоотойгоор ЮНЕСКО-той холбоо харилцаа тогтоосны үндсэн дээр Төв Азийн иргэншлийн түүхийг судлахад монголч эрдэмтдийг татан оролцуулсан явдал юм.
1973 оны тавдугаар сарын 7-9-нд ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотноо 20 гаруй орны эрдэмтэд “Төв Азийн иргэншилд нүүдэлчдийн гүйцэтгэсэн үүрэг” сэдвээр олон улсын хурлыг санаачлан зохион байгуулахад ОУМЭ-ний их хурлын байнгын хорооны дарга С.Лувсанвандан идэвхтэй оролцож, “Хавсрага урлаг ба түүний монгол дахь уламжлалын асуудалд” илтгэлийг орос хэлээр тавьсан байна. Энэ үеэс ЮНЕСКО-гоос эрхлэн зохион байгуулж байсан судалгааны ажилд ч Монголын эрдэмтэд идэвхтэй оролцож, ЮНЕСКО-гоос эрхлэн хэвлүүлсэн “Төв Азийн иргэншлийн түүх” зургаан боть, долоон дэвтэр том хэмжээний бүтээлд Монголын эрдэмтэд оролцсон байна.
БНМАУ-ын ШУА-ийн тэргүүлэгчдийн 1976 оны арванхоёрдугаар сарын 15- ны өдрийн 212 дугаар тогтоолоор Монголч эрдэмтний III их хурлыг зохион байгуулах хорооны даргаар академич Б.Ширэндэвийг, орлогч даргаар ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Х.Цэрэв, дэд ерөнхийлөгч, академич Ш.Бира, нарийн бичгийн даргаар Хэл зохиолын хүрээлэнгийн тасгийн эрхлэгч, доктор С.Лувсанвандан нарыг томилсон байна. Энэ үеэс эхлэн Олон улсын монголч эрдэмтний их хурлыг хуралдуулдаг “Гурван их багш” нь Б.Ширэндэв, Ш.Бира, С.Лувсанвандан нар болсон байна. С.Лувсанвандан профессорын ОУМЭ-ийн их хурлын байнгын хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан 17 жилийн хугацаанд Олон улсын монгол судлал нэгдсэн нэгэн зохион байгуулалтанд орж, хариуцсан байгууллагатай болж, тэр байгууллагын төв нь Монгол улсад Улаанбаатар хотноо байрлаж, шинжлэх ухааны бие даасан салбар байгуулага болон хувирч зөвхөн Монгол Улсад төдийгүй, бүс нутаг дэлхий дахины хэмжээнд өргөжин тэлж, үйлчлэх болсон юм.
Олон улсын Монголч эрдэмтний гуравдугаар их хуралд 18 орны 150 орчим эрдэмтэд оролцсон байна. Олон улсын хэмжээний хурлыг зохион байгуулна гэдэг бол асар их бэлтгэл ажил шаарддаг бөгөөд тэр бүхнийг ерөнхий нарийн бичгийн дарга С.Лувсанвандан зохицуулан зохион байгуулж иржээ. Ялангуяа социалист үзэл суртал ноёрхсон тэр үед “хөрөнгөтөн” гэгдэх орнуудын олон эрдэмтдийг нэгэн дор урьж оролцуулна гэдэг тун амаргүй даваа байсан гэдэг.
Энэ үеэс Улаанбаатарт монгол судлалын олон улсын хэмжээний төв байгуулагдаж, идэвхитэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь гадаадын монгол судлалыг үлэмжхэн идэвхижүүлж, нилээд хэдэн оронд Монгол судлалын холбоо, нийгэмлэг, төвүүд байгуулагдаж, монгол судлалын холбогдолтой сэтгүүл цувралууд хэвлэгдэн гарах болсон байна.Олон улсын монголч эрдэмтний ээлжит IV их хурал Улаанбаатар хотод 1982 оны наймдугаар сарын 24-ний өдөр эхэлж, дэлхийн монгол судлалд гарсан ололт амжилтыг нэгтгэн дүгнэж, монгол судлалын гол асуудлаар монголч эрдэмтэд санал бодлоо солилцжээ.
Тус их хуралд бүгд хуралдаанаас гадна түүх эдийн засаг, хэл зохиол, соёл, урлаг, философи гурван салбар хуралдаан болж “Монгол судлалын тулгамдсан асуудал” ерөнхий илтгэлээс гадна 27 орон, олон улсын 4 байгууллагын 200 шахам эрдэмтэд 163 илтгэл тавьж хэлэлцүүлжээ. Үүнээс гадна мөн их хуралд өөрийн биеэр хүрэлцэн ирж амжаагүй арваад орны эрдэмтдийн 40 шахам илтгэлийг хөтөлбөрт багтаасан учир хэвлэж нийтэлсэн байна. Тус их хурал БНМАУ болон дэлхийн монгол судлалын өсөлт хөгжлийг дахин үнэлж цэгнэх боломж олгож байна” гэж Алтай судлалын олон улсын байнгын хурлын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Синор хэлсэн бол “Их хурлыг утга агуулга төгс зохион байгуулан эрдэм шинжилгээний өндөр түвшинд явуулсан” гэж Гумбольдтын их сургуулийн профессор П.Притце, “Эрдэмтдийн буурьтай чуулга уулзалт нь найрсаг байдалд ажил хэрэгч боллоо” гэж Польшийн академич В.Маркевич нар онцлон тэмдэглэжээ.
Японы эрдэмтэн Ш.Озава “Монгол судлалын 20 жилийн давшингуй хөгжлийг нүдээр үзэж яваа эрдэмтэн хүний хувьд Улаанбаатар хот дэлхийн монгол судлалын төв болж, Монголч эрдэмтдийн их хурал олон улсын монголч эрдэмтдийн уулзаж танилцах, саналаа солилцох гол индэр болжээ. Үүнээс хойш ч олон улсын монгол судлалын гол төв нь Улаанбаатар хэвээр байх бөгөөд цаашдаа ч улам олон улсын эрдэмтдийг Монгол судлалд татан оролцуулах төв болно гэдэгт би итгэж байна” гэж хэлсэн байна.
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, ШУА-ийн хүндэт гишүүн Ю.Цэдэнбалаас тус их хуралд ирүүлсэн илгээлтдээ “Улс төрийн үзэл бодлын ялгаа нь улс түмний харилцан ойлголцох явдлыг гүнзгийрүүлэх, эрдэмтдийн нөхөрсөг хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинжлэх ухааныг энх тайвны зорилгоор хөгжүүлэх замд саад болох ёсгүй” гэж цохон тэмдэглэснийг их хурлын үйл ажиллагаа нотлон харууллаа” гэж Олон улсын монголч эрдэмтдийн их хурлын Байнгын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, доктор С.Лувсанвандан “Үнэн” сонинд бичсэн өгүүлэлдээ онцолжээ. Түүнчлэн тэрбээр Олон улсын монголч эрдэмтний II их хурал” The second international congress of mongolists: Хоёр ботийн ерөнхий редактораар Б.Ширэндэвийн хамт, 1979 онд Олон Улсын Монголч эрдэмтний III их хурал: I, III ботийн ерөнхий редактораар Б.Ширэндэвийн хамт, 1984 онд Олон Улсын Монголч эрдэмтний IV их хурал: II ботийн ерөнхий редактораар Ш.Нацагдоржийн хамт тус тус ажиллажээ.
Дэлхийн 36 орны 300 гаруй эрдэмтэд оролцсон Олон улсын Монголч эрдэмтний тавдугаар их хурал 1987 оны есдүгээр сарын 14-нөөс Улаанбаатар хотноо эхэлжээ. Уг хурлын нээлтийн хуралдаан дээр олон улсын монголч эрдэмтдийн Байнгын хорооны үйл ажиллагааг дүгнэн доктор С.Лувсанвандан "1970 онд II их хурлаар сонгож байгуулсан Байнгын хороо 17 жилийн туршид монголыг судлаачдын олон улсын байгууллагын төвийн үүргийг гүйцэтгэж ирлээ. Тэр цагаас хойш БНМАУ дэлхийн монгол судлалын нийтээр хүлээн зөвшөөрсөн төв болжээ. Тус хороо Олон улсын монголч эрдэмтдийн гурван их хурал хуралдуулж, материалыг найман ботиор хэвлэв. Мөн Байнгын хорооны хуралдаанууд, түүнчлэн монголч эрдэмтдийн ажил төрлийн уулзалтуудыг тогтмол зохиож ирлээ. Тэгэхдээ Байнгын хороо өнөөг хүртэл олон нийтийн үүсгэл санаачлагад түшиглэж ирлээ” хэмээн дүгнэжээ. Тус хурал дээр профессор С.Лувсанвандан хэлсэн үгэндээ “Олон Улсын Монгол Судлалын Холбоог байгуулж, түүний Гүйцэтгэх хороог сонгон, өдөр тутмын ажлыг эрхлэн гүйцэтгэх, Нарийн бичгийн дарга нарын газрыг бий болгох бодит бололцоо, зайлшгүй шаардлага гарч ирлээ” хэмээн бодитой санал дэвшүүлсэн нь хурлаар дэмжигдэж түүний 17 жил удирдсан Байнгын Хороо нь Олон улсын Монгол судлалын холбоо болон өргөжсөн байна. Олон улсын монголч эрдэмтдийн их хурлын байнгын хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар 1970-1987 онд нийтдээ 17 жил тасралтгүй ажиллахдаа олон улсын монголч эрдэмтдийн 4 их хурлыг амжилттай зохион байгуулсан хүн бол С.Лувсанвандан юм.
Олон улсын монголч эрдэмтний 2-5 дугаар их хурлын нарийн бичгийн даргаар С.Лувсанвандан ажиллахдаа Монголын уран зохиолын судлалыг гадаадын монгол судлалын эрдэмтэд, төвүүдтэй холбоход оруулсан хувь нэмэр их юм. Түүний санаачилгаар Зөвлөлт, Унгар, Монголын уран зохиол судлаачдын хамтын ажиллагаа өргөжиж Москва хотноо “Монголын уран зохиолын төрөл зүйл”, “Монголын уран зохиол, хөрш орны уран зохиолын харилцаа холбоо” зэрэг бүтээлүүд хэвлэгджээ.
Олон улсын хэмжээнд монгол судлал улам бүр өргөжин тэлж байгаатай холбогдуулан монгол судлалын судалгааны цар хүрээг улам өргөжүүлэх талаар Монголч эрдэмтний тавдугаар их хуралд хэлсэн үгэндээ С.Лувсанвандан "Дэлхийн олон орны монголч эрдэмтдийн хамтын оюун ухаан, бүтээл туурвил, хамтарсан эрдэм шинжилгээний үйл ажиллагаа бол үндэсний болоод олон улсын хэмжээнд монгол судлалыг амжилттай хөгжүүлэх үндсэн нөхцөл мөн. Орчин үеийн монгол судлалын онцлог шинж, гол хандлага бол Монгол орны нийгмийн түүх, түүний эдийн засгийн дэвшил, монгол хэл, нутгийн аялгуу, философи, гоо зүйн сэтгэлгээ, соёл, урлаг, ардын уран бүтээл, археологи, угсаатны зүй тэргүүтнийг хамарсан судалгааны өргөн цар хүрээ мөн. Орчин үеийн монгол судлал нь монголын ард түмний нийгэм, соёлын амьдралын бүх хүрээг хамарч, цогцолбороор судлах, түүхэн эрэл хайгуулыг эрчимжүүлж, нийгмийн асуудлыг ноцтой анхаарах, монголчуудын түүх, иргэншлийг бүс нутгийн, улмаар дэлхий нийтийн үйл явцтай, шүтэлцээ холбоонд нь авч үзэх зарчимд гүнзгийрч байна. Өнөөдөр монгол судлалын олон салбараар жил бүр 200 орчим бүтээл нийтлэгдэж байна. Тийнхүү монголын судлал нь эрт үеэс өнөөг хүртэлх үеийн монгол туургатны хэл, түүх, соёлыг хамарсан нийгмийн олон төрөл шинжлэх ухааны тогтолцоот систем болжээ. Орчин үеийн монгол судлал дэлхийн 40 гаруй орны эрдэм шинжилгээний 50-иад байгууллага, 60 дээд сургуульд төвлөрч, үнэхээр олон улсын шинжтэй шинжлэх ухааны салбар боллоо. Монгол судлал зохион байгуулалт, бүтцийн хувьд бэхжин, залуу боловсон хүчнээр байнга өргөжиж байна” хэмээн онцлон тэмдэглэжээ.
“Профессор С.Лувсанвандан олон улсын монгол судлалын үйл ажиллагааг удирдан зохион байгуулахын зэрэгцээ олон улсын монгол судлалын тойм байдал хийгээд тулгамдсан асуудал, цаашдын зорилтын талаар олон өгүүлэл бичиж нийтлүүлэн XX зууны 1970-1990-ээд оны олон улсын монгол судлалын хөгжлийн үндсэн чиг хандлагыг тодорхойлсон байна” гэж академич Д.Төмөртогоо судлан бичсэн байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 14. ДАВАА ГАРАГ. № 159 (7144)