Дамдинрагчаагийн ДАРАМБАЗАР

 

“Монгол Улсын иргэн Би Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж, өвөг дээдсийнхээ ариун гал голомт болсон Монгол Улсынхаа халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаалахаа эх орон, төр, ард түмэндээ андгайлан тангараглая. Эх орноо батлан хамгаалагч дайчин би өргөсөн тангарагаасаа няцваас төрийн хууль ёсны цээрлэл хүлээнэ” хэмээн 1500 оюутан цэрэг тангараг өргөв.

 

Г.Сайханбаяр: Оюутнууд суралцаж байхдаа цэргийн албаа хаахаас гадна өндөр чадварыг эзэмшдэг

Монгол Улсын Засгийн газраас найм дахь жилдээ зохион байгуулж буй “Оюутан цэрэг” сургалт өндөрлөлөө. Дээрх арга хэмжээ Батлан хамгаалах яамны харьяа ҮБХИС-ийн Шархад дахь хээрийн сургалтын төвд болсон юм. Мөн хөдөө орон нутгийн сургалтын төвд нэгэн зэрэг болсноороо онцлог байв. "Оюутан цэрэг” сургалт нь их, дээд сургуулийн оюутан залуусыг цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтад хамруулах, өвөг дээдсийнхээ дайчин өв уламжлал, өнөөгийн цэрэг, армийн ололт амжилтаас суралцсан, эх оронч хүмүүжилтэй, оюунлаг, өндөр боловсролтой өв тэгш монгол хүнийг төлөвшүүлэх зорилготой билээ. Тангараг өргөх ёслолын үеэр Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Г.Сайханбаяр “Оюутан цэрэг гэдэг олон төрлийн онцлогтой, шинэлэг төрөл. 2014 оноос хойш цэргийн албаны хуульд өөрчлөлт орж, энэ сургалтыг нэмэлтээр оруулж ирсэн. Их дээд сургуулийн оюутнууд суралцаж байх хугацаандаа цэргийн албаа хаахаас гадна өндөр чадварыг эзэмшдэг. Мөн хэн дуртай нь энэ албыг хаадаггүй. Шалгуур үзүүлэлтээр шалгарсан оюутнуудыг хамруулдаг дүрэмтэй. Хэрэв тухайн жилд заасан оюутны тооноос өндөр байх юм бол сайн сурдаг, голч оноо өндөртэй хүүхдүүдийг хамруулдаг. Цаашид оюутан цэргийн тоог нэмэгдүүлэх тал дээр Засгийн газраас тодорхой  бодлого барин ажиллах болно. Сургалтад хамрагдсан оюутнууд цэргийн амьдралын тухай ойлголтыг авч чадсан. Мөн оюутнууд өөрсдийн сонирхлоор саналаа өгч хамрагдаж байгаа нь эх орныхоо дархан хилийг хэзээд хамгаалах хүсэлтэй гэдгийг нь тодорхойлж байна” гэсэн юм. Тангараг өргөх ёслолын дараа эцэг эх болон, оюутан цэргүүдийн сэтгэгдлийг нь сонслоо.

 

“Хамтдаа өлсөж үзсэн болохоор бидний  нөхөрлөл үнэ цэнтэй”

 

Оюутан цэргийн тангараг өргөсөн М.Ренчин олны анхаарлыг ихэд татаж байв. Учир нь түүний аав 34 жилийн өмнө эх орныхоо халдашгүй дархан хилийг манаж байсан цэргийн хүн ажээ. Ирээдүйд улсынхаа хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулахаар бэлтгэгдэж байгаа М.Ренчин өөрийгөө үргэлж шинэ зүйлсээр сорих дуртай гэнэ. Залуус эх оронч байна гээд дэмий цээжээ дэлдэн тэртээх XIII зууны үеийн их байлдан дагуулалтыг дурсан ярилцаж суух биш эх орныхоо хөгжил цэцэглэлтэд бодитой хувь нэмэр оруулж байгаасай гэж боддог гэж байв. Тиймээс улсынхаа хөгжилд гар бие оролцохын тулд эхлээд цэргийн алба хааж, хэрэгтэй цагт амиа ч өргөх сэтгэлийн зориг тэвчээр, хатыг өөртөө суулгах хэрэгтэй гэж бодсон учраас энд ирсэн гэдгээ онцолж байлаа. Түүнээс “Цэргийн бэлтгэлээс өөртөө юу олж авсан бэ” гэж асуухад “Хамтдаа өлсөж, цугтаа гүйж байгаа болохоор бидний нөхөрлөл үнэ цэнтэй. Өөртөө байгаа бүхнээ бусдад зориулж, хуваалцаж сурах нь цэрэг хүний эрхэм чанарын нэг юм байна” гэсэн юм.  М.Ренчингийн аав нь цэргийн хүн болохоор хүүдээ хөлөө хэрхэн ороохоос эхлээд хооллож байхдаа чимээ гаргахгүй, захирагч дарга нарын үүргийг цаг тухайд нь биелүүлж яваарай гээд цэргийн албанд мөрдөгддөг зарим зүйлсийг зааж өгчээ. Мөн хүүхдээ оюутан цэрэгт явуулахадаа огт санаа зовоогүй талаараа дурсаж байсан юм.

 

“Он жавууд бол оюутан цагийн жинхэнэ найзууд”

ШУТИС-ийн мэдээлэл технологийн ангийн оюутан Д.Алтан-Очир “Биднийг сурлагаар шигшиж авсан учир заасан хичээлийг богино хугацаанд сурах хэрэгтэй болсон. Эхлээд биеийн тамиртаа сул байгаагаа анзаарсан. Гүйх, турникэнд суниахдаа тийм ч хангалттай биш байлаа. Салааны бүрэлдэхүүнээ турникэнд гурав суниаж, зургаа дараад шинэ цэргийн нормыг биелүүлж чаддаг болсон үеэс л бие минь хөнгөрч дасгалаа төгс хийж чаддаг болсон юм шиг санагдсан. Бусад оюутнууд өөртөө зорилго тавиад хүсэлтээрээ ирсэн учир аливаад мэриймтгий, суръя,  гэсэн тэмүүлэлтэй байгаа нь сайхан санагдсан. Бид сар гаруй хугацааны дараа жинхэнэ он жавууд болж, бие биеэ ойлгож эхэлсэн дээ. Харин одоо цэргийн албаа нэр төртэй хаасан юм шиг  мэдрэмж төрж байна. Хичээл эхлэхээр он жавуудтайгаа тааралдах байх. Тэд бол миний оюутан цагийн жинхэнэ найзууд болж сэтгэлд үлдэнэ” гэсэн юм.

 

“Хамтдаа бүхнийг туулж байгаа минь сэтгэлээс хэзээ ч гарахгүй”

 

Отгонтэнгэр сургуулийн оюутан, байлдагч Д.Доржнамжир “Манай ах цэргийн алба хаасан учраас намайг оюутан цэргийн сургалтад хамрагдах болсныг дуулаад хамгийн их баярласан. Сургалт хэдий шахуу явагддаг ч богино хугацаанд эрчимжүүлсэн хичээлийн программаар цэргийн алба хаана гэдэг цаг хугацаа хэмнэсэн давуу талтай. Би оюутан цэргүүдийн нэг нь болохоор тэднийхээ амжилтаас хойш татаж, шантарч, сэтгэл санаагаар унах эрх байхгүй. Үеийн залуустай мөр зэрэгцэн хамтдаа бүхнийг туулсан минь сэтгэлээс хэзээ ч гарахгүй байх. Өмнө нь буу барих байтугай дэргэдээс нь ч харж байгаагүй болохоор буудлага хийх үед их сандарч байсан. Гэвч бусад нөхдөө хэрхэн хичээж байгааг хараад зоригжиж, би заавал байг ононо гэж өөртөө амласан. Үүнийхээ хүчинд ч байгаа алдалгүй онож чаддаг болсон” хэмээн хэлж байв.

Хэдий хоёрхон сар хамт байсан ч зовлон жаргалаа хуваалцсан болохоор оюутан цэргүүд бие биетэйгээ тэврэлдэн дахин уулзахын ерөөл тавьж байлаа. Мөн аав ээжтэйгээ уулзан, цэрэгт ямар байсан тухайгаа хуучилж байсан цэргүүд ч байсан юм. Ингээд тэд он жавуудтайгаа салах ёс хийн гэрийн зүг хөдөлцгөөсөн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 14. ДАВАА ГАРАГ. № 159 (7144)