АПУ ХК нь сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 26 тэрбумын хөрөнгө оруулалт хийж, орон нутагт европын холбооны стандартыг бүрэн хангасан, байгаль орчинд ээлтэй, импортыг орлох “Монгол Бяслаг, Сархад”-ын үйлдвэрийг ашиглалтад оруулж байна.

АПУ ХК-ийн СББ компани тэртээ 1973 онд анх байгуулагдаж, Монгол Улсын Хүнсний үйлдвэрлэлийн салбарт хагас зууны турш шинэ инновац, шинэлэг технологийг нэвтрүүлэн, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг өргөжүүлэн, Сэлэнгэ аймаг, Зүүн Хараа сумын хөгжил дэвшил, дэд бүтэц, эдийн засагт онцгой хувь нэмрийг оруулсаар ирсэн.

Өнгөрсөн 50 жилийн хугацаанд АПУ ХК-ийн СББ компани нь бал бурам, нарийн боов, ундаа, гоймон зэргээс эхлүүлэн инновац шингэсэн олон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээс гадна хүн амын хүнсний аюулгүй байдлын баталгаа болсон стратегийн түүхий эдээ дотооддоо боловсруулан үйлдвэрлэж, чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргаж, зөвхөн эдийн засаг төдийгүй улс эх орны хөгжлийн түвшинд онцгой хувь нэмэр оруулсаар байна.

Энэхүү түүхт 50 жилийн босгон дээрээ АПУ ХК нь Спирт бал бурам компани үйлдвэрлэлийн цар хүрээг өргөжүүлэн сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 26 тэрбумын хөрөнгө оруулалт хийж, Сэлэнгэ аймгийн Мандал суманд Монгол улсдаа хүчин чадлаараа хамгийн томд тооцогдох европын холбооны стандартыг бүрэн хангасан байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон нэг ээлжиндээ 8 тонн сүү хүлээн авч, боловсруулах хүчин чадалтай “Монгол Бяслаг, Сархад”-ын үйлдвэрлэлээ ашиглалтад оруулж байна.

Орон нутагт бүтээн байгуулагдаж буй энэхүү үйлдвэрийн төслийн хүрээнд 2016 оноос хийсэн судалгаанд Монгол улсад жилд 3000 тонн нийт 102 тэрбум төгрөгийн бяслагийг гадны улс орнуудаас импортоор оруулж ирдэг бөгөөд тэдгээр импортын бяслагийн дийлэнх нь дуураймал буюу аналог бяслаг байдаг төдийгүй сүүний орц байхгүй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ихээр ашигласан байдаг.

Тиймээс АПУ ХК нь дуураймал бяслагийн импортын хамаарлыг бууруулж, органик бяслагаар дотоодын зах зээлийн 30 хувийг хангахаар зорьж байгаа төдийгүй орон нутагт 30 гаруй шинэ ажлын байр, эдийн засгийн томоохон эргэлтийг бий болгож, Голланд, Швейцарь, Англи зэрэг улсуудын бяслаг үйлдвэрлэх технологиос Монгол үнээний сүүнд тохируулан Монголд бяслаг үйлдвэрлэх технологийг нутагшуулан ийнхүү шинэ бяслагийн үйлдвэрээ байгуулж байна. Энэхүү бяслагийн үйлдвэр нь чеддар, эдам, гауда зэрэг 3 төрлийн бяслагийг үйлдвэрлэхээс гадна цэвэр сүүнээс гаргаж авсан цөцгийн тос, Монгол үндэстний шимийн сархад “Шигүдэри” брэндийг үйлдвэрлэн дэлхийн зах зээлд танилцуулж, экспортын бүтээгдэхүүний нэр төрлөө тэлэхийг АПУ компани ийнхүү мөн зорьж байна. Өдгөө АПУ компанийн “Спирт Бал Бурам” компанид нийт 300 гаруй хүн ажиллаж, сүүлийн 5 жилийн хугацаанд 367 тэрбум гаруй төгрөгийн татварыг төлж, сум орон нутгийн нийт 40 гаруй газар тариалан эрхлэгч, 580 гаруй малчид фермерүүдтэй тогтмол хамтран ажиллаж байна.