Н.ЖАРГАЛМАА

 

Хэдхэн жилийн өмнө эрчүүд дийлэнх салбарт ноёлж байв. Эдийн засаг, улс төр, спортын салбарын тэргүүлэгчид эрчүүд байж, эмэгтэйчүүд жендэрийн тэгш боломжоор дутмаг байсан. Гэвч үүнд бууж өгөлгүйгээр тэмцсэн салбартаа манлайллыг авчирч, тэгш эрхийн төлөө дуу хоолой болсон эмэгтэйчүүд олширсоор. Тэд юу хийж чаддагаа бахархалтайгаар батлан харуулж, эмэгтэйчүүдийн дуу хоолойг дэлхийд хүргэсээр байна. Ялангуяа спортын бүхий л салбарт эрчүүд ноёрхлоо тогтоосоор байлаа. Эрчүүдийн манлайллын хамгийн сонгодог жишээнүүдийг бид спортын салбараас харж чаддаг. Энэ салбар нь асар баялаг өргөн цар хүрээтэй, түүхэн үнэ цэнтэй, салбарын хамтын ажиллагаа хийгээд олон улсын зөвлөлийг оролцуулан олон нийтийн хамарсан өргөн хүрээг хамардаг. Гэвч уг салбарт эмэгтэй тамирчид оролцоо, шүүгчдийн бүрэлдэхүүн дэх хүйсийн харьцаа зэргээс эхлэн салбарын эмэгтэйчүүдийн зам төдийлөн дардан байгаагүй билээ. Тэр дундаа спортын сэтгүүл зүй бол сэтгүүл зүй доторх дэлхийн хэмжээнд хурдацтайгаар өргөжин орон зайгаа тэлж байгаа дэд салбарт зүй ёсоор тооцогдож байна. Жендэрийн асуудлуудыг даван гарч манлайлж чадсан нэгэн бол Бразилийн анхны спортын эмэгтэй сэтгүүлч Ванесса Риче юм. Анх 2002 оны хөлбөмбөгийн ДАШТ-нд эмэгтэй сурвалжлагч бэлтгэх төсөлд уригдсанаар спортын сэтүүл зүй дэх түүний карьер эхэлжээ.

 

Хүнд хэцүү хөдөлмөр

 

Спортын сэтгүүл зүйд эмэгтэйчүүдийн төлөөлөл илүүтэй нэмэгдэж байгаа сайн талтай ч саад бэрхшээлүүд тулгарсаар байгаа ажээ. Тэдний хүрсэн амжилт бол анхны эмэгтэй сэтгүүлчдийн шаргуу хөдөлмөрийн үр дүн хэмээн Риче бразилийн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа дурьджээ. Түүний анхлан оролцсон төсөл нь хөлбөмбөгийн ертөнцөд эмэгтэйчүүдийн дуу хоолойг нэмэх, эмэгтэй сэтгүүлчдийн спортын сэтгүүл зүйд оруулах зорилготой байжээ. Төсөл эхэн үедээ тийм ч амжилт үзүүлээгүй хэдий ч тэрбээр өнөөдрийг хүртэл шантралгүйгээр тэмцсэн гэлээ. Риче 2018 онд эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-нд эмэгтэй тайлбарлагчдад зориулан сургалтын зохион байгуулж нийт 300 гаруй өргөдөл гаргагчдын хамруулж чадсан байна. Гэсэн хэдий ч үзэгчид түүнийг хүлээн авахад бэлэн биш байсан нь түүний хувьд хамгийн хүнд туссан байна. Цахим орчинд “Чи одоо боломжийг олж авлаа тэгээд”,”Бид таны дуу хоолойнд дасаагүй байна” хэмээн ажлын үнэ цэнийг нь унагах сэтгэгдлүүд ирдэг байжээ. Салбарын эмэгтэйчүүдийн хувьд ахиц дэвшил гаргаж чадсан ч тогтсон соёлыг өөрчлөхөд хэцүү байгаа. Үүнийг спортын сэтгүүл зүй дэх эмэгтэйчүүдийн байр суурь хангалттай хэмжээнд хүрээгүй байгаатай холбоотой хэмээн сэтгүүлч Риче хэлжээ. Риче Бразилын “FOX Sport” болон “TNT” гэх телевизийн сувгуудтай хамтран төсөл хэрэгжүүлснээр бусад бүх сувгууд мөн эмэгтэй хөтлөгчтэй байх үүрэг хүлээжээ. Хөтөлбөрийн оролцогч Рената Силвейра “TB Globo”-д хөтлөгчөөр оролцсоноор бид үнэхээр хөлбөмбөгийн тэмцээнд эмэгтэй дуу хоолойг гаргах түүний ажил үр дүнд гарсан байна.

 

Бразилийн хөлбөмбөгийн дэвшил

 

Бразил улс үндэсний эмэгтэй шигшээ багтай болж чадсан нь хөлбөмбөгийн ертөнцөд гарч буй бодитой ахиц дэвшил мөн ажээ. Тус улсын хөлбөмбөгийн холбооны хэвлэлийн төлөөлөгч хатагтай Лаура Заго эмэгтэйчүүдийн ДАШТ-тэй холбоотой бүх асуудлыг хариуцаж ажиллаж байна. Ингэснээр салбар дахь эмэгтэйчүүд байр сууриа бататгах боломж хэмээн тэрбээр үзэж байгаа илэрхийллээ. “Бидний хувьд хангалттай хэмжээний эмэгтэй сэтгүүлчидтэй хараахан болж чадаагүй байгаа ч зах зээлд маш тогтвортой байр суурь эзэлдэг эмэгтэйчүүд гарч ирсэн” хэмээн Заго хэлжээ.”Салбар дахь эерэг өөрчлөлтүүд нь залуу сэтгүүлчдэд болон сэтгүүл зүйгээр суралцаж байгаа оюутнуудад урам зориг өгч чадна. Спортын салбарын олон төрлүүдэд төлөөлөгчдийг бий болгож зах зээл дээрх өөрсдийн карьераа эхлүүлэх урам зоригийг өгч чадна гэж итгэж байна. Бидэнд ухрах зам байхгүй. Дараагийн үеийн эмэгтэйчүүддээ замыг нээж өгөх хэрэгтэй” хэмээн тэрбээр нэмж хэллээ.

 

Бразил дараагийн эмэгтэйчүүдийн  ДАШТ-ийг зохион байгуулахаар төлөвлөж байна

 

Рио-де-Жанейро хотын Мадурейра хөлбөмбөгийн клубт тоглож байсан мэргэжлийн хөлбөмбөгчин асан Рэйчел Мотта спортоо орхиж, хэвлэл мэдээллийн салбарт карьераа эхлүүлжээ. Одоогоор спортын сэтгүүлч, спортын тайлбарлагчаар ажиллаж байна.

"Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийг хөгжүүлэхэд Спортын яам томоохон тус хүргэх ажлуудыг хийж байгаа юм. Тэд бэлтгэлийг хангаж, талбай, мэргэжлийн ур чадвараас эхлээд тоглогчид, ажилтнуудад хүртэлх үндсэн хэрэгцээг тодорхойлж бодлогын түвшинд дэмжсэн” хэмээн Мотта хэлэв. Мөн ДАШТ-ний шаардагдах хөрөнгө оруулалтыг судалж, эмэгтэйчүүдийн хөлбөмбөгт бүх талын дэмжлэгийг үзүүлэхээр ажиллаж байна. 2027 оны эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагч орон болохын төлөө Бразилд их бүтээн байгуулалт өрнөж байгаа ажээ. Мотта “Энэ нь зөвхөн эмэгтэйчүүд хөлбөмбөг хаана тоглодог, яагаад тоглодог гэдгээс гадна эмэгтэй хөлбөмбөгийн салбарыг илүү боломжтой болгохын тулд хийж буй зүйл” хэмээн хэллээ.

 

Өсөн нэмэгдэж буй төлөөлөл

 

Спортын сэтгүүл зүйд эмэгтэйчүүд хүчээ авч улмаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эмэгтэй спортын төрлүүдэд мөн анхаарлаа хандуулж байгаа юм. "Энэ зах зээлд үзэгчид байгаа бөгөөд борлуулагчид эцэст нь үүнийг ойлгож байна" гэж Риче хэлэв. “TV Globo” эмэгтэй Үндэсний лигийн болон Либертадоресын цомын финалын тоглолтыг үзүүлснээр хэд хэдэн үзвэрийн дээд амжилтыг эвджээ.

Дээр дурьдсанчлан эмэгтэйчүүдийн хөлбөмбөг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шинэ орон зайг ихээр бий болгож байгаа. Тухайлбал дан ганц телевизийн сувгууд нэвтрүүлэхээс илүү цахим платформ YouTube дэх Бразилын хамгийн их хандалттай суваг болох “Casé TV” энэ удаагийн эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг  сурвалжлан шууд дамжуулалт хийх ажээ. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өөрийн биеэр сурвалжилж буй “UOL”-ийн сэтгүүлч Луиза Са Бразилийн шигшээ багийн Гранжа Комари дахь бэлтгэлийг мөн сурвалжилсан байна. Бразилийн тамирчдын нэрсийн жагсаалтыг зарласан хэвлэлийн бага хурал дээрх эрэгтэй сэтгүүлчдээс эмэгтэй сэтгүүлчдийн тоо харьцангуй их байсныг мөн дурьдлаа. “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл эмэгтэйчүүдийн хөлбөмбөгт эрэгтэйчүүдийн хөлбөмбөгт хандуулдгаас бага анхаарал хандуулсан хэвээр байгаа ч энэ салбарт олон ахиц дэвшил гарч байгаа” хэмээн Луиза Са хэллээ.

 

Буцах зам үгүй

 

Эмэгтэйчүүдийн түүхийг эмэгтэйчүүд хуваалцах нь чухал. Учир нь харах өнцөг, илэрхийлэмж нь салбарын эрчүүдээс ялгаран гарах онцлог болох билээ. Ванесса Ричегийн үзэж буйгаар түүхийн энэ л цаг үед эмэгтэйчүүдэд манлайлах боломж гарсаар байгаа юм. “Буцах зам байхгүй. Бид байр сууриа олж авсан. Хамгаалсаар байна. Мөн бид хэзээ ч ухрахгүй" хэмээн тэрбээр хэлсэн юм. Спортын салбар дахь хөрөнгө оруулагчдын анхаарал эмэгтэйчүүд рүү чиглэж, охидын шигшээ багын ирээдүйд зориулсан хөрөнгө оруулалтууд ихэссэн байна. Эмэгтэйчүүд салбартаа хүндлэгдэж, илүү олон охид бүсгүйчүүдийг эгнээндээ нэгтгэхээр нөлөөллийг эхлүүлж байна. Иймд спортын телевизийн сувгийг эмэгтэй хүн удирдах өдөр ойрхон байна

 

Эх сурвалж: “Зуны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 11. БААСАН ГАРАГ. № 158 (7143)