Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Улаанбаатар хотод 1.65 сая хүн амьдардаг. Тэгвэл эдгээр иргэдийн 50 хувь нь буюу 840 орчим мянган өрх гэр хороололд амьдардаг. Жил бүрийн өвөл утааны асуудал үүсдэг. Тэгвэл 2019 оноос сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлж энэ өвөл хүртэл хэрэглэсэн. Энэ хугацаанд утаа 50 хувиар буурсан гэдгийг орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос мэдээллээ. Тэгвэл энэ жилээс сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнээс халж коксжсон нүүрс хэрэглэхээр болжээ. Тодруулбал, нийслэл нийт 500 тэрбум хүртэлх төгрөгийн үнэт цаас гаргаж, үүний 177.5 тэрбум төгрөгөөр нь БНХАУ-аас хагас коксжсон нүүрс асаагуурын хамт худалдаж авах талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар НИТХ-д танилцуулсан. Харин Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн НИТХ-д оролцож энэ талаар дараах байр суурийг илэрхийлжээ. "Утааг бүрэн гүйцэд алга болгоно гэж ярьж чадахгүй. Харин багасгая гэж байгаа юм. Ирэх арванхоёрдугаар сарын 15-наас нэгдүгээр сарын 31-ний хооронд галлагаа хийнэ. 177 тэрбум төгрөгийн 30 орчим тэрбум төгрөг нь асаагчид зарцуулна. Үлдсэн нь хагас коксжсон нүүрс худалдан авахад зарцуулна. Улаанбаатар хот 1.6 сая хүнтэй болсон. Олон хүндрэл, сорилт тулгарч байна. Хамгийн төгс шийдэл гэж хэлэхгүй. Гэхдээ зүгээр байснаас оролдоод үзье гэсэн шийдвэр гарсан. Энэ өвөл Улаанбаатар хотод туршина. Туршилт гэдэг үгнээс айхгүй байна” гэсэн юм.

Тэгвэл өчигдөр “Таван Толгой Түлш” ХХК баруун бүсийн үйлдвэрт коксжуулсан түлшний туршилтыг хийж үзүүллээ. Хагас кокосжсон нүүрс нь сайжруулсан шахмал түлшээс илч ихтэйгээс гадна гарах тортог нь хоёр дахин бага ажээ. Энэ талаар “Таван Толгой Түлш” ХХК IV үйлдвэрийн дарга, Монгол Улсын зөвлөх инженер Ж.Батбилэг “Хагас кокс гэдэг нь ахуйн зориулалттай дурын нүүрсийг боловсруулалтад оруулж утаа багатай түлш гаргаж авахыг хэлнэ. Тиймээс бид дэлхий нийтийн жишгээр хагас коксжуулах нүүрсний үйлдвэр барьж ашиглах гэж байна. Би үйлдвэрийн ажлын ерөнхий инженерээр ажиллаж байна. Багануурын таван кг нүүрсээр галлахад ойролцоогоор таван цаг асна. Мидлинг буюу сайжруулсан түлш нь 7-8 цаг буюу хоёр дахин удаан асдаг. Хагас кокс бол илчлэг өндөртэй. Шатах хугацаа нь мидлингтэй ижил байдаг. Тиймээс үйлдвэр ашиглалтад орсноор бид Багануурын нүүрсийг хагас коксжуулан ашиглах боломжтой болно. Ойрын хоёр жилд урд хөршөөс коксжсон нүүрс импортолж хэрэглэнэ. Хоёр жилийн дараа манай коксжсон нүүрсний үйлдвэр бүрэн ашиглалтад орно. Тодруулбал, коксжсон нүүрсний үйлдвэрийн ТЭЗҮ-г энэ сард батлана. Бүтээн байгуулалтын ажил энэ жил эхэлнэ. Дэлхий нийтээр агаарын бохирдолыг бууруулахад хагас коксжсон нүүрс хэрэглэдэг. Мидлингээр хийсэн түлшнээс коксжсон нүүрс нь хоёр дахин бага тортог гаргана” гэв.

Хагас коксжуулах нүүрсний туршилтын үр дүн сайн байгаа учраас энэ жилээс хэрэглээнд нэвтрүүлэх шаардлагатай гэж үзжээ. Энэ тухай Эрчим хүчний яамны бодлогын хэрэгжилтийн газрын дарга н.Насантогтох “Хагас коксжуулсан нүүрсний туршилтын үр дүн сайн гарсан. Зургаан лаборатариор шинжлүүлсэн. Ингэхэд дэгдэмхий бодис 10.58 буюу сайжруулсан шахмал түлшээс есөн хувиар бага гарсан. Хүхэр 0.41, үнс 12.99, тоосонцор 43 хувь болж буурсан. Мөн туршилтын үзүүлэлтүүд нь БНХАУ, БНСУ, ОХУ,Герман зэрэг улсын стандарттай нийцэж байгаа юм. Тиймээс энэ жилээс хагас коксжсон нүүрсийг хэрэглэхээр болсон” гэв.

Сонирхуулахад Герман улсад 2.4 сая тоннын хүчин чадалтай металлургийн коксын үйлдвэр байдаг аж. Коксжуулах ба хагас коксжуулах аргаар ихэвчлэн сайн чанарын нүүрс, коксждог болон чулуун нүүрсийг өндөр температурт (900-1100oС) боловсруулж,  хар төмөрлөгийн үйлдвэрийн чухал хэрэгцээт түлш ба ангижруулагч кокс, байгаль орчинд хоргүй утаагүй түлш, нүүрсжсэн нүх сүвэрхэг материал зэрэг үндсэн хатуу бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн хэрэглэж иржээ. Эдгээр үндсэн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх явцад бага хэмжээний шингэн бүтээгдэхүүн (давирхай ба задралын ус) ба хий дагалдан үүсдэг. Давирхай нь үмхий үнэртэй, бор өнгийн нунжгай бодис бөгөөд органик химийн үйлдвэрийн гол түүхий эд болдог. Давирхайг боловсруулан шатахуун, эм, бордоо, тэсрэх ба угаалгын бодис, будаг зэрэг 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, фенол, нафталин, антрацен, карбазол, хинолин, аналин,  бензол зэрэг 270 гаруй химийн бодисыг гарган авах боломжтой ажээ.

 

Эх сурвалж: “Зуны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 11. БААСАН ГАРАГ. № 158 (7143)