П.АМГАЛАН
Тухайн улс орны хөгжлийг түүчээлэгч гол цөмийн нэгээхэн хэсэг нь эрдэмтэд билээ. Олон жилийн судалгаа шинжилгээний үндсэн дээр мэдлэгийн ур сангаа баяжуулж байдаг тэдний үгийг сонсох, ажил хэрэг болгох нь чухал юм. Манай улсын хувьд үүн дээр анхаарч томоохон үйл ажиллагаа зохион байгуулж буй тод жишээ бол Олон улсын монголч эрдэмтний их хурал билээ. Томоохон үр дүн, ач холбогдолтой уг хурлыг 1959 онд “Олон улсын монгол хэл, бичгийн эрдэмтдийн анхдугаар их хурал” сэдвийн хүрээнд зохион байгуулсан. Үүнээс хойш таван жилд нэг удаа тогтмол зохион байгуулсаар ирсэн билээ. Хуралд дунджаар 30-аад орны 400 орчим эрдэмтэн оролцож олон сэдвийн хүрээнд хэлэлцэж, цар хүрээгээ тэлсээр буй.
Харин энэ жил олон улсын монголч эрдэмтний XII их хурал “Монголын энх тайван ба түүхэн туршлага” сэдвийн хүрээнд өчигдөр эхэллээ. Хуралд дэлхийн 27 орны 500 гаруй эрдэмтэн судлаач оролцож байна. Энэ удаад түүхийн өмнөх үе болон түүхэн үеийн монголчууд, Монгол хэл, уран зохиолын түүхэн хөгжил, орчин үе, Монголын нийгэм, эдийн засаг, улс төр, хууль цааз, Монголын гадаад ертөнц ба харилцаа, Монголчуудын соёл: уламжлал ба шинэчлэл гэсэн салбар хуралдааныг зохион байгуулах юм. Тус хурлыг ерөнхийлөгчийн ивээл дор БШУЯ, ЕТГ, Олон улсын монгол судлалын холбоо хамтран зохион байгуулж буй. Хурлын нээлтийн үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монголын энх тайван ба түүхэн туршлага” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа нь чухал ач холбогдолтой. Монгол судлал дэлхий дахинаа эрчимтэй хөгжихийн хэрээр монголчууд бидний үүх түүх, өв соёлын тухай үнэн бодит мэдлэг мэдээлэл хүн төрөлхтний хүртээл болж, Монгол Улсын нэр хүнд, монгол үндэстний нэгдмэл, үнэт зүйл улам бүр өсөн бэхжиж буй Өнгөрсөн жил Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой тохиосон бөгөөд энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Чингис хаан судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулж, дэлхийн олон орны эрдэмтэн, судлаачид оролцсон. Тус хурлын оролцогчид Монгол Улсын төрийн тэргүүний санаачилгыг дэмжин Чингис хаан судлалын олон улсын холбоо байгуулсан нь монгол судлал, тэр дундаа Чингис хаан судлалд чухал алхам болсон. Эрдэмтэн мэргэд Монгол Улсыг дэлхий дахинд сурталчлан таниулах эрдэм судлалын элч болж байна” хэмээн онцоллоо.
“Монгол Улсын тусгаар тогтнолын үеийн материал Польшийн архивт хадгалагддаг”
Уг хурлыг таван жил тутамд зохион байгуулж буй нь өндөр ач холбогдолтой гэдгийг БНХАУ-ын монголч эрдэмтэн Боржигидай Мөрөн хэлж байв. Тэрбээр “Олон улсын монголч эрдэмтний хурлыг тогтмол зохион байгуулснаар эрдэмтэд хоорондын харилцаа холбоогоо улам сайжруулах, эрдэм шинжилгээний ажил зохион байгуулах, залуу эрдэмтдээ хэлж сургах боломжийг бүрдүүлнэ” гэдгийг онцолсон юм. Харин Польш улсын монголч эрдэмтэн Барея Стажиныка “Монгол Улс тусгаар тогтнолоо тогтоохын тулд олон зүйлийг хийсэн. Тэр үеийн сонирхолтой материал Польшийн Карков дахь архивт хадгалагдаж байгаа. Тиймээс цаашид Польш дахь монголч эрдэмтдээс гадна дэлхийн бүх монголч эрдэмтдийг уг материалыг судлахыг урьж байна” гэлээ.
Олон улс дамнасан залуу судлаачдын сүлжээ, хамтын нийгэмлэгтэй болно
Олон улсын монголч эрдэмтний XII их хурлын онцлох үйл ажиллагааны нэг бол залуу эрдэмтэд рүү чиглэсэн ажлууд байв. Тодруулбал, БШУЯ, Монгол судлалын үндэсний зөвлөлөөс олон улсын залуу монгол судлаачдын зуны сургуулийг зохион байгуулж байна. Тус сургуульд гадаадын 30 шахам судлаач оролцож байгаа аж. Цаашид Шинжлэх ухаан, технологийн сангаас санхүүждэг залуу монгол судлаачдад зориулсан сургалт, ахисан төвшний сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг буй болгож, олон улс дамнасан залуу судлаачдын сүлжээ, хамтын нийгэмлэгийг бий болгох чиглэлээр идэвхтэй ажиллана гэдгийг БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан хурлын үеэр хэллээ. Түүнчлэн цаашид монголч эрдэмтдийг гадагш алдах урсгал буюу “brain drain”-ыг сааруулж, “brain gain” болгон хувиргах, гадаадад буй эрдэмтэдтэй хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөртэй болно гэв. Мөн гадаад улсын түүхийн сурах бичиг дэх Монголын түүх, соёлын талаарх өрөөсгөл үзэл ойлголт, алдаж ташаарсан хэсгийг засаж залруулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж: “Зуны мэдээ” сонин
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 11. БААСАН ГАРАГ. № 158 (7143)