Н.ЖАРГАЛМАА
“Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн онд анхны хувьцаа эзэмшигчдийн нээлттэй хурлаар иргэн бүрийн эзэмшлийн 1072 хувьцааны ноогдол ашгийг шат дараатайгаар хүртээхээр төлөвлөсөн. Гэсэн хэдий ч одоо хүртэл иргэд ноогдол ашгаа авч чадаагүй байгаа юм. Энэ тухай иргэн М.Зундуйдаваа, Г.Хажидмаа, А.Адьяасүрэн нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Г.Хажидмаа “Ерөхийлөгч болон эрх баригч МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан “Баялагтаа эзэн Монгол” өнөөдөр бодитой хэрэгжихгүй байна. Улс төрчид сонгуулийн үеэр мөрийн хөтөлбөртөө олон сайхан зүйлсийг тусгадаг хэдий ч биелүүлдэггүй энэ байдлыг таслан зогсоож, иргэд шаардлага тавих хэрэгтэй” гэв. Харин иргэн М.Зундуйдаваа “Иргэдэд тараах ноогдол ашиг нь нийт хөрөнгийн 1,5 хувь юм. Энэ нь нүүрсний баяжуулах үйлдвэр барих үйл ажиллагааг тасалдуулах хэмжээний их хөрөнгө биш. Ноогдол ашгийг удаа дараа шаардаж байгаа нь хэдхэн хүний эрх ашгийн төлөө биш Монголын ард түмний зүй ёсоор хүртэх ёстой зүйл юм. Тиймээс ноогдол ашгийн зохих ёсоор хүртээхийг эрх баригчдаас шаардаж байна” гэлээ.
Эх сурвалж: www.zms.mn