П.АМГАЛАН

Олон улсын монголч эрдэмтний XII Их хурал нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор өнөөдөр нээлтээ хийлээ. Чухал ач холбогдолтой уг хурлыг 1959 оноос эхлэн таван жилд нэг удаа Монгол Улсад тогтмол зохион байгуулдаг уламжлалтай.  Түүнчлэн нэг удаагийн хуралд дунджаар 30-аад орны 400 орчим эрдэмтэд оролцдог байна. Энэ удаагийн хурал “Монголын энх тайван ба түүхэн туршлага” сэдвийн дор таван салбар хуралдаанаас бүрдэж буй. Тодруулбал, “Түүхийн өмнөх үе болон түүхэн үеийн Монголчууд", "Монгол хэл, уран зохиолын түүхэн хөгжил, орчин үе", "Монголын нийгэм, эдийн засаг, улс төр, хууль цааз", "Монголын гадаад ертөнц ба харилцаа", "Монголчуудын соёл: Уламжлал ба шинэчлэл" зэрэг салбар хуралдаанаас бүрдэж байна.  Хурал наймдугаар сарын 10-14-ний өдрүүдэд зохион байгуулагдах юм. Хурлын үеэр АНУ, БНСУ, Их Британи, Казахстан, Канад, ОХУ, Польш, Турк, Унгар, Герман, Хятад, Япон, Киргиз, Чех, Австрали, Швейцарь, Тайвань, Норвеги, Итали, Дани зэрэг 20 гаруй орны эрдэмтдийн илтгэлийг хэлэлцэх юм.  Энэ удаагийн Их Хурлыг БШУЯ, ЕТГ, Олон улсын монгол судлалын холбоо хамтран зохион байгуулж байна.  Олон улсын монголч эрдэмтний XII Их хурлын нээлтийн үеэр  монгол судлалын үндэсний зөвлөлийн дарга УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ “Монгол бол монгол туургатны гал голомтыг сахин суугаа бахархам түүх, баялаг өв соёлтой улс. Тийм ч учраас өнөөгийн даяаршлын эрин үед Монгол Улс нийт монгол туургатан төдийгүй хүн төрөлхтний өмнө өөрийн түүх, хэл, соёлын өвөрмөц өнгө төрх, давтагдашгүй хэв маягаа хадгалан хамгаалах, өвлөн уламжлуулах үүрэг хүлээсэн юм. Таван жил тутам зохион байгуулагддаг Олон улсын монголч эрдэмтний их хурал нь дэлхийн монгол судлаач эрдэмтэд судалгаа шинжилгээнийхээ үр дүнг эрдэмтэн мэргэддээ тайлагнаж, номын садан нөхөдтэйгөө учран золгодог их хуралдай билээ. Монгол Улсыг, монголчуудыг судлагдахуунаа болгосон монгол судлал нь Монгол Улс, монгол үндэстний оршихуйтай шууд холбоотой амин чухал салбар ухаан учраас Монголын төрийн анхаарлын төвд байх учиртай. Тиймээс нэгэнт уламжлал болон тогтсон монголч эрдэмтний их хурлыг амжилттай зохион байгуулахад Монголын төр засаг онцгой анхаарч, хурлыг зохион байгуулахад шаардлагатай санхүүгийн болон бусад дэмжлэгийг үзүүлсээр ирсэн юм.

Зөвхөн их хурал ч бус, Монголын түүх, хэл, соёл, нийгэм, эдийн засаг, улс төр зэрэг бүхий л салбарын судалгааг явуулах, монгол судлалыг дотоод, гадаадад тогтвортой хөгжүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд Монголын төрөөс тодорхой бодлого, шийдвэр гаргаж хэрэгжүүлж ирсэн. Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрүүдийг баталж, Монгол судлалыг дэмжих сан, Монгол судлалын үндэсний зөвлөлийг байгуулж, Монгол судлалыг нэгдсэн бодлоготойгоор хөгжүүлэхээр хичээн ажиллаж байна. Дээрх хүчин чармайлтын үр дүнд Монгол судлалын бодлогын хэрэгжилтийн үйл ажиллагаа нэгдмэл зохион байгуулалттай болж, тус салбар өргөжин хөгжих суурь тавигдсан. Өнөөдрийн байдлаар олон улсын хэмжээнд монгол судлалын чиглэлээр дагнан судалгаа шинжилгээ явуулж буй 23 төв, Төв ази, Евроази, Дотоод ази зэрэг судлагдахууны хүрээнд хавсарга судалгааны эрхэлж буй 20 төв, нийт 43 төв, салбар үйл ажиллагаа эрхэлж байна. Өнгөрсөн долдугаар сард ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулейн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр миний бие “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” олон боть бүтээлийг олон орны эрдэмтэн түүхчид хамтран туурвих талаар санал бодлоо солилцсон бөгөөд энэ талаар мөн Францын Парис хотод зохион байгуулагдсан олон улсын хуралд тус хөтөлбөрийн үзэл баримтлалыг танилцуулсан энэ бүх хүчин чармайлтаар ЮНЕСКО-гоос тус төсөл хөтөлбөрийн талаар нааштай хариу ирүүлснийг та бүхэнд сонордуулахад таатай байна.

Цаашид монголч эрдэмтдийг гадагш алдах урсгал буюу “brain drain”-ыг сааруулж, “brain gain” болгон хувиргах, гадаадад буй эрдэмтэдтэй хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг буй болгох болно. Гадаад улсын түүхийн сурах бичиг дэх Монголын түүх, соёлын талаарх өрөөсгөл үзэл ойлголт, алдаж ташаарсан хэсгийг засаж залруулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж буй агаад энэ үйл хэрэгт идэвх зүтгэл гарган хамтран ажиллахыг гадаадын түүхч эрдэмтэн та бүхэнд хандан уриалж байна. Монголч эрдэмтний их хурал зохион байгуулагдаж буй энэ өдрүүдэд БШУЯ, Монгол судлалын үндэсний зөвлөлөөс олон улсын залуу монгол судлаачдын зуны сургуулийг зохион байгуулж, тус сургуульд гадаадын 30 шахам судлаач оролцож байгаа явдал бол дэлхийн Монгол судлалын ирээдүй гэрэлтэй, залгамж халаа нь бэлтгэгдэж байгааг тод харуулж байгаа хэрэг юм. Цаашид ч Шинжлэх ухаан, технологийн сангаас санхүүждэг залуу монгол судлаачдад зориулсан сургалт, ахисан төвшний сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг буй болгож, олон улс дамнасан залуу судлаачдын сүлжээ, хамтын нийгэмлэгийг бий болгох чиглэлээр идэвхтэй ажиллахаар төлөвлөж байна” гэв.

Эх сурвалж:www.polit.mn