П.АМГАЛАН

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Улаанбаатар хотод зохион байгуулж буй Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурал Төрийн ордонд нээлтээ хийлээ. Тус хурлыг нээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Анх 1959 онд зохион байгуулсан Олон улсын монгол хэл, бичгийн эрдэмтдийн их хурлаас үүдэлтэй энэхүү их хурал нь нэгэн жарны түүхтэй бөгөөд хүйтэн дайн, даяарчлал, нийгмийн шилжилт, цар тахал зэрэг түүх нийгэм, улс төрийн янз бүрийн цаг үеийг туулан амжилттай зохион байгуулагдсаар өнөөдөр XII их хурлаа хийж байна. Энэ удаагийн Монголч эрдэмтний их хуралд дэлхийн 27 орны 500 гаруй эрдэмтэн судлаач оролцож, монголын түүх, антропологи, археологи, хэл бичиг, урлаг, утга зохиол, нийгэм, эдийн засаг, хууль эрх зүй, гадаад харилцаа, соёл уламжлалын чиглэлээр судалгаа шинжилгээнийхээ үр дүнг танилцуулан хэлэлцүүлэхээр хуран чуулж байна. Монгол судлал дэлхий дахинаа эрчимтэй хөгжихийн хэрээр монголчууд бидний үүх түүх, өв соёлын тухай үнэн бодит мэдлэг мэдээлэл хүн төрөлхтний хүртээл болж, Монгол Улсын нэр хүнд, монгол үндэстний нэгдмэл үнэт зүйл улам бүр өсөн бэхжиж байна. Өнгөрсөн жил Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой тохиосон бөгөөд энэ хүрээнд Ерөнхийлөгчийн ивээл дор Чингис хаан судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулж, “Чингис хаан”-ы музей ашиглалтад орсон. Тус хурлын оролцогчид Монгол Улсын төрийн тэргүүний санаачилгыг дэмжин, Чингис хаан судлалын олон улсын холбоог байгуулсан нь монгол судлал, тэр дундаа Чингис хаан судлалд чухал алхам болсон гээд нэгэн цагт Монголын эзэнт гүрний алтан аргамж болсон элч нар хүлэг морины хурдаар дэлхий дахинд Монголын их амар амгаланг зарлан тунхаглаж байсан бол энэ цаг үед эрдэмтэн мэргэд Монгол Улсыг дэлхий дахинд сурталчлан таниулах эрдэм судлалын элч болж байгааг тэмдэглээд энэ удаагийн хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэв. 

Эх сурвалж:www.polit.mn