Т.БАТСАЙХАН

 

“Чухал ашигт малтмал” буюу газрын ховор элементийн талаар сүүлийн жилүүдэд манай төр засгийн тэргүүнүүдийн гадаад дахь айлчлалаар байнга шахам яригддаг болов.

Монголын хөрсөнд нуугдаж, дэлхийн сонирхлыг татах болсон энэхүү ашигт малтмал нь Менделеевийн үелэх систем дэх 17 элемент газрын ховор элементийг бүрдүүлдэг. Эдгээр элементүүдийн хэрэглээг XVII зууны үед анх тодорхойлсон байдаг. Гэхдээ тухайн үед үүний талаарх мэдээлэл хомс байсантай холбоотой “ховор” гэж нэрлэх болжээ. 

Хамгийн гол нь газрын ховор элемент бол өндөр технологийн гол түүхий эд юм. Үүнийг байгаль орчинд ээлтэй, ногоон эрчим хүчний үйлдвэрлэлд хэрэглэж байна.

Салхин сэнсний хөдөлгүүр, катализатор, цахилгаан машин үйлдвэрлэл, цэнэглэгддэг батарей, нарны хавтан үйлдвэрлэх гол түүхий эд нь болдог. Мөн цөмийн технологи, цэргийн техникийн үйлдвэрлэлд хэрэглэнэ. Ирээдүйд жолоочгүй автомашин ашиглалтад орно. Мөн дэвшилтэт дүрс оношилгоо болон бусад мэс заслын багажийг үйлдвэрлэхэд ашиглагдаж байна. Вирус судлалд өндөр нарийвчлал бүхий багаж, тоног төхөөрөмжүүд, үүний электрон микроскоп гэх мэтэд газрын ховор элементийг ашиглана. Хүнсний үйлдвэрлэлд хөрсөнд биш дулаанаар, гэрлээр хүнсний ногоо үйлдвэрлэгдэж буйд технологид мөн газрын ховор элементийг ашиглаж байгааг онцлох хэрэгтэй.

Газрын ховор элементийн хэрэглээний шинж чанар нь эрэлт өсч байгаа нь  тус элементийн физик, химийн шинж чанартай холбоотой. Гэрэл цацруулах, соронзон, химийн идэвх, цахилгаан-химийн шинжүүдтэй. Энэ шинж чанараар нь өндөр технологийн тоног төхөөрөмж үйлдвэрлэхэд хэрэглэгддэг гэсэн үг. Бас үүгээр бага жинтэй, туяаг сайтар нэвтрүүлэх чадвартай, бага цахилгаан зарцуулалттай төхөөрөмж үйлдвэрлэдэг. Ингэснээр овор хэмжээ бага, бүтээмж өндөр, үр ашигтай, хурдтай, дулаанд тэсвэртэй, бат бэх технологи бидний өдөр тутмын хэрэглээнд нэвтэрч байгаа юм.

Тэр утгаараа дэлхийн том үйлдвэрлэгчид газрын ховор элементийг ашиглан бага овортой, их хүчтэй тогтмол соронз үйлдвэрлэдэг. Тодруулбал, ухаалаг утас, зөөврийн интернэт, чанга яригчид хэрэглэдэг төдийгүй дэлгэц үйлдвэрлэлд газрын ховор элемент болон зэсийг ашиглаж байна. Зөвхөн автомашинд л гэхэд гэрлийн шил, цахилгаан мотор, дэлгэц, шил, тол, катализатор, батарей зэрэгт нь хэрэглэнэ. Мөн байлдааны онгоц, генератор үйлдвэрлэл, салхин сэнс зэрэгт ашиглагддаг. Тэрчлэн бидний өдөр тутмын амьдрал илүү дижиталжлагдаж байгаатай холбоотой байнгын хэрэглээ болсон компьютерийн процессор, сервер, зөөврийн дэлгэц гэх мэтийн үйлдвэрлэлийн чухал түүхий эд юм. Иймээс газрын ховор элементийн эрэлт дэлхий даяар өсөөд байгаа юм. Цаашид ч хэрэглээ нь байнга өсөх хандлагатай байна.

Тэгвэл дэлхийн газрын ховор элементийн үйлдвэрлэл болон нөөцийг “хэн, хэн” хангадаг вэ. Энэ их сонин асуулт болно. Дэлхийд газрын ховор элементийн хамгийн их нөөцтэй орон бол Хятад юм. Энэ улс үйлдвэрлэлээр ч мөн адил дэлхийд тэргүүлдэг. Дэлхийн газрын ховор элемементийн нийт нөөцийн 40 хувийг, нийт нийлүүлэлтийн 70 хувийг энэ улс дангаараа хангаж байна. Нөөцөөрөө дараа нь Вьетнам, Бразил, ОХУ, Энэтхэг, Австрали, АНУ жагсдаг. Харин үйлдвэрлэлийн хувьд Хятадын дараа АНУ, Мьянмар, Австрали, Тайланд, Энэтхэг, Орос, Бразил, Вьетнам жагсаж байна.

Харин Монгол Улсын хувьд 3.0 сая тоннын нөөц одоогоор бүртгэгдээд байгаа юм. Ийм хэмжээний нөөц бүхий зургаан ордтой. Эдгээрийн тав нь үндсэн орд, нэг нь шороон орд юм байна. Гэхдээ эдгээр ордыг олборлож эхлээгүй байгаа юм. Одоогоор  Хотгор, Хазлан бүрэгтэй гэсэн ордуудад хайгуулын ажил хийж байна. Уг нь Монгол Улс одоо байгаа орд газруудыг шуурхай эргэлтэд оруулахад шинэ орд илрүүлэх, ашиглахаас бага хугацаа шаардагдана. Гэтэл дэлхийд ийм эрэлт хэрэгцээ үүсгэсэн газрын ховор элементийн ордыг эргэлтэд оруулах ажил манайд маш удаашралтай байна.

Өөрөөр хэлбэл, бид шуурхай ажиллаж, газрын ховор элементийг цаашид ашиглах, боловсруулах боломжтой эсэхээ нэг мөр тодорхойлохгүй бол хамтран ажиллахаа илэрхийлсэн томоохон гүрнүүд өөр улсаас нийлүүлэлтээ хангах бүрэн боломжтой юм. Товчхондоо, “Монгол Улс боломжоо ашиглаж чадах уу” гэдэг асуулт газрын ховор элементийн олборлолт, нийлүүлэлт дээр зүй ёсоор тавигдаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 10. ПҮРЭВ ГАРАГ. № 157 (7142)