Н.ЖАРГАЛМАА
Манай улсын эртний хот Хархорины туурийг дахин сэргээж түүх, соёлын өвийг хадгалж хотыг шинээр барих үйл ажиллагаа хэдийнэ эхэлж газар төлөвлөлт, зураг төслийг батлах, хөрөнгө оруулалт татах асуудлыг шийдэх ажил явагдаж байгаа. Дэлхийн нийслэл хэмээгдэж байсан энэ хотын бүтээн байгуулалтын талаар иргэн Х.Бээжин өнөөдөр “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Түүний хувьд Арабын Нэгдсэн Эмират улсын газар төлөвлөлт, хот зохион байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Бонд” группын итгэмжлэгдсэн төлөөлөгч юм. Тэрбээр Хархорин хотын дахин босголтод тус компанитай хамтран олон улсын стандартад нийцсэн эртний хэв шинжийг хадгалсан орчин цагийн нэгэн хотыг бүтээн босгох хүсэлтий дагуу Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнгөрсөн тавдугаар сард албан бичиг хүргүүлжээ. Уг албан бичгийн хариу долдугаар сард гарч Барилга, хот зохион байгуулалтын сайд Ц.Даваасүрэнтэй уулзахыг мэдэгджээ.
Харин Ц.Даваасүрэн сайдын зүгээс энэ асуудалд анхаарал хандуулаагүй, доод албан тушаалтнууддаа шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна. Х.Бээжин энэ тухай “Бүхэл бүтэн хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтын асуудалд холбогдох салбарын сайд нь ийм хариуцлагагүй хандсанд бухимдалтай байна. Тус Бонд групп нь олон улсад үйл ажиллагаа явуулдаг. Саяхан Казахстан улсын дагуул хотын төлөвлөлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн тэдний зүгээс манай оронтой хамтран Хархорин хотын бүтээн байгуулалтад оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Гэтэл салбарын сайд энэ асуудлыг үл тоон хойрго хандаж байгаа нь харамсалтай байна” гэлээ.
Эх сурвалж www.zms.mn