Т.САЙХАН

Энэ сарын 7-ны өдөр БЗД-ийн 25 дугаар хороо Натур орчимд буун дуу гарсан талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.

Цагдаагийн байгууллагад 21:00 цагийн орчимд БЗД-ийн зургадугаар хороонд байрлах цахим тоглоомын газарт хүн бусдад хутгалуулсан гэх дуудлага иржээ.   Дуудлагын дагуу шалгахад 39 настай Б нь 33 настай У-г хутгалж хэргийн газраас зугтсан.  Түүнийг шуурхай эрэн сурвалжилж, 40 минутын дараа 39 настай эрэгтэй Б-г Бөхийн өргөөний хажууд байрлах 22 дугаар байрнаас саатуулан шалгасан байна.  Тухайн мөчид  иргэнийг саатуулан шалгахад иргэн хоёр гартай хутгатай байсан ба гараа хутгатайгаа скочидсон байжээ.  Улмаар өөрийгөө болон бусдын амь насанд аюул учруулах үйлдэл гаргасан. Цагдаагийн албан хаагчид хутгаа тавихыг ярилцаж, шаардсан ч "Би шийдсэн" хэмээн шаардлагыг хүлээн аваагүй  тул цагдаагийн байгууллага  резинэн сумтай буу хэрэглэсэн. Эрүүл мэндийн байгууллагын үзлэгээр тухайн иргэний биеийн байдал хэвийн байсан тул мөрдөн шалгах албан хаагчид хүлээлгэн өгсөн гэсэн мэдээлэл өглөө. 

Эх сурвалж:www.polit.mn