П.АМГАЛАН

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор энэ сарын 9-14-нд Улаанбаатар хотод  Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурал болно. Хурлын зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, академич С.Чулуун,  Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх, доктор Д.Бум-Очир, БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацын хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, доктор Д.Баттогтох нар мэдээлэл хийлээ. “Монголын энх тайван ба түүхэн туршлага” сэдвийн дор болох уг их хурал нь "Түүхийн өмнөх үе болон түүхэн үеийн Монголчууд", "Монгол хэл, уран зохиолын түүхэн хөгжил, орчин үе", "Монголын нийгэм, эдийн засаг, улс төр, хууль цааз", "Монголын гадаад ертөнц ба харилцаа" зэрэг салбар хуралдаанаас бүрдэх аж. Тодруулбал, нүүдэлчдийн түүх, уламжлал, монгол хэл, утга зохиол, нийгэм-эдийн засаг, улс төр, гадаад, дотоод ертөнц, соёл иргэншлийн өвөрмөц онцлогийг онцлон анхаарсан гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.   Мөн энэ удаагийн их хурлаар монгол судлалын залуу үеийг дэмжихэд чиглэж буй. Энэ хүрээндээ залуу монгол судлаач дэд салбарыг докторын түвшний судлаач нарт бий болгож, нийт 59 залуу монгол судлаач илтгэл тавих юм. 

Хурлын нээлт энэ сарын 10-нд Төрийн ордонд болох бөгөөд доктороос дээш зэрэгтэй монголч эрдэмтдийг оролцуулж буй. Түүнчлэн хурлын үеэр АНУ, Өмнөд Солонгос, Их Британи, Казахстан, Канад, ОХУ, Польш, Турк, Унгар, Герман, Хятад, Япон, Киргизстан, Чех, Австрали, Швейцарь, Тайвань, Норвеги, Итали, Дани зэрэг 20 орны 307 эрдэмтний илтгэлийг хэлэлцэх аж.

Эх сурвалж:www.polit.mn