Сүрнээгийн УЯНГА

 

Өндөр их алтайчууд Хантайшир уулынхаа хормойд өнгөтэй, өргөн дэлгэр, өнөр олуулаа наадамлаж дараа жилийн наадам болтол яриад ч хуучрахааргүй сонин хачин, бахархал омогшлыг дархлаж үлдээлээ. Монгол эх орны торгон зулайд оршдог алтайчууд дуудуулах нутаг дуурсах алдраа түгээн түүхт зуун жилээ баяр бахархал, омогшил бардамнал дүүрэн угтсан нэгэн шинэ хуудсыг хамтдаа эргүүллээ.  Эх орон төдийгүй дэлхийд тархан суурьсан нүүдэлчин монголчууд өссөн, төрсөн, өлгий нутагтаа нэгэн ам бүл болон цугларч өчигдөр, өнөөдөр, маргааш гурван цагийн хэлхээсийг өртөөлөв.

 

ХААДЫН ХААДТАЙ ХОЛБООТОЙ ТҮҮХ ДОМГИЙН ӨЛГИЙ ХАН ТАЙШИР

Нэгэнтээ оюуны, хүчтэний өлгий нутаг хэмээн алдаршсан их Алтайчууд нэгэн зууныг элээсэн түүхт ойгоороо олон зүйлийг бүрэн бүтэн, утга төгөлдөр болгож чадав. Үүний нэгээхэн хэсэг нь хүн төрөлхтөн, төрт ёсны түүчээ болсон засагт ханыхан ямар бахархам амжилт, бардам үүх түүхтэйг шинжлэх ухаан, эрдэмтэн мэргэдийн судалгаанд тулгуурлан бодитоор тодруулан гаргаж ирлээ. Тэр дунд нутаг сэтгэлтэй оюуны их хүмүүс Хантайширын түүхийг үнэн мөнөөр тод томруун харуулсан хэд хэдэн боть ном бүтээж ойдоо бэлэг барьсан нь тоймлож хэлж барамгүй өндөр ач холбогдол, хэмжээлшгүй үнэ цэнтэй юм.

Хантайшир хайрхан бол хаадын хаадтай холбоотой түүх домгийн өлгий. Олон нийтийн дунд Хантайшир уулын аймгийн тэгш ойтой холбоотой эргэлзээ тээнэгэлзээ байсан нь үнэн. Тиймдээ ч бусад аймгуудтай харьцуулахад богино  бараг сар гаруйн хугацаанд бэлтгэл базаасан ч Говь-Алтайчууд гоё наадаж чадлаа. Хамгийн чухал нь  гээгдсэн түүхээ олон түмэнд тэр тусмаа нутгийн зон олонд углуургаар нь тайлбарлан таниулах эрдэм шинжилгээний хурлыг эрдэмтэн судлаачидтай хамтран хийсэн нь ойн ач холбогдлыг улам гүнзгий, утга төгөлдөр болгож өгөв. Говь-Алтай бол хүн төрөлхтөн төрт ёсны үүсэл хөгжлийн өлгий нутаг үнэхээр л их энергийн төв Шамбалын орон аж. Бурхан уул, хүйсийн говиор гоёсон их алтайтай Их хааны онгон ч холбогдож буйг цөөнгүй судалгаа харуулдаг байна. Мөн гээгдсэн түүхээ ч энэ цаг дор бүрэн бүтэн болгож буйгаа аймгийн удирдлагууд ярилаа. Тиймээс Засагт ханы голомтыг залгамжилж яваа хүн бүхэн түүхээ таньж мэдсэн онцгой өдрүүд тохиосон нь энэхүү тэгш ой юм билээ. Эрдэмтэн судлаачид Их алтайн судлагдахуун талаас олон сонин баримт сэлт гаргаж иржээ. Түүхийн хуудаснаа багахан өнгийвөл, “Монголын нууц товчоо” түүхэн шастирт тэмдэглэгдэн үлдсэнээс эш татвал Их Монгол Улсын баруун гар болж явсан Боорчи ноёны үр хойч гэж үздэг. Тийм ч учраас Шинжлэх ухааны академийн Түүх угсаатны зүйн хүрээлэнгээс “Засагт хан аймгийн гал голомт, үндэс суурь нь яах аргагүй Говь-Алтай аймаг юм, Говь-Алтайчууд цааш нь энэ түүхийг үргэлжлүүлэх ёстой” гэсэн баримтыг хоёр ч удаагийн эрдэм шинжилгээний хурлаар нотолжээ. Эдгээр баримтыг эш татаж Монгол Улсын Засгийн газраас Хантайшир уулын аймгийн 100 жилийн ойг тэмдэглэх тухай шийдвэр гарчээ. Түүхийн эх сурвалжийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Хэмжээт эрхт Богд хаант Монгол Улсын үед буюу 1923 оны аравдугаар сарын 19-ний өдрийн Засгийн газрын тогтоолоор Хантайшир уулын аймаг гэж нэрлэх шийдвэрийг гаргасан.Яагаад ийн нэрлэсэн гэхээр Говь-Алтай аймаг Засагт хан аймгийн хошуу байсан үеэсээ тус аймгийн гол цөм нь болж ирсэн байдаг. Засгийн газраас Засагт хан уулын аймгийн түүхт 100 жилийн ойг тэмдэглэх шийдвэр гаргасан. Энэ бол Говь-Алтайчуудын хувьд ойгоо тэмдэглэх анхны шийдвэр болсон” гэлээ.

Харин аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар “Аливаа аймаг, орон нутгийн түүх нь эш үндсээрээ баталгаатай байх ёстой. Бид зүгээр нэг ой тэмдэглэх гээд байгаа юм биш. Хүний хөгжил, аймаг, сум, орон нутгийнхны хөгжил ямар байна вэ гэдгийг шууд үзэж болдгоороо онцлогтой. Хантайшир уулын аймгийн 100 жилийн ойн түүхэн ач холбогдол нь яах аргагүй өнөөгийн Говь-Алтай аймгийн үүх түүхтэй салшгүй холбоотой.Говь-Алтайчууд их түүхээрээ нэгдэж бүрэн бүтэн боллоо. Энэ бол бидний бахархал” гэлээ.

Түүнчлэн  Хантайшир уулын аймгийнхан  Монгол Улсын тусгаар тогтнолд онцгой үүрэг гүйцэтгэсэн гэдгийг судлаачид дурдсан. Монголын түүх, тэр дундаа Ойрад монголчуудын түүхээр мэргэшсэн түүхч На.Сүхбаатар “Халхын дөрвөн аймгийн нэрийг өөрчлөх нэрлэх асуудлыг Засгийн газрын 1923 оны аравдугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн. Засагт хан аймгийг Хантайшир уулын аймаг гэж. Энэ нэр 1911 онд Засагт хан Содномравдан тамгандаа оруулж авсан нэр юм. Ингэхдээ Богд хаанд Хантайшир, Хан буудайгийн аль нэгийг сонгох хоёр санал оруулж байжээ. Харин 1931 онд Хантайширыг задалж олон сум, аймаг байгуулахдаа Алтай дээр тогтсон түүхтэй” гэсэн бол Соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар “Энэ ой бол өмнөх түүхийн гажуудал арилж эх түүх рүүгээ орж байгаа  том алхам юм” гэлээ. Ийн үүх түүхээ судалж тодруулахаас гадна Говь-Алтай аймгийн хөгжлийг зураглаж, бодлогыг тодорхойлох зургаан сэргэлтийг танилцуулсан нь баярлаж цэнгэж баяр наадмаа тэмдэглэхдээ орон нутгийн хөгжлийг орхигдуулаагүй хос “морьтой” наадаж буйг харууллаа.

 

ХУРД, ХҮЧ, ЦЭЦ ТЭГШИРСЭН ХАНТАЙШИР-100

 

Хантайшир уулын аймаг байгуулагдсан тэгш ой ураг удам, ахан дүүс, анд нөхдийн уулзах цэг, баярт мөч болсон нь гарцаагүй. Наадамчин олны мэлмийг баясгаж, сонорыг мялаасан “Хан Тайшир-100” баяр наадмыг УГЗ бүжиг дэглээч Д.Баярбаатар найруулан тавьж, нээлтийн үеэр түүхийн бахархал, уламжлал, шинэчлэлийг харуулсан нь хэн бүхний сэтгэлд нийцэв. Мөн нутгаас төрөн гарсан алдар цуутнууд нутаг орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан бүтээн байгуулалт багагүй хийжээ. Тухайлбал, "Хан тайшир" дэвжээ хүүхдүүдийн бие, бялдрыг хөгжүүлэх өргөөтэй болж, түүхийн музей, оюун хөрөнгө оруулалтуудын булган сүүл энд тэндгүй үргэлжиллээ. 

Түүхт ойн баяраар уулсаа түшсэн их алтайчуудад шагналын хур бууж 11 гавьяат, нэг ардын эмч, нэг Хөдөлмөрийн баатараа угтаж авсан бол Ерөнхийлөгчийн зарлигаар “Бурхан буудай” хайрханыг төрийн тахилгат болгосон сайхан мэдээг энэ үдэш сонсов. Зарлигийг Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх А.Бямбажаргал наадамчин олонд уншиж танилцуулав.

100 жилийн тэгш ойн наадам хуртай, хурдтай, хүчтэй, цэц мэргэн тэгширлээ. Засагт ханы хөх харчууд монгол эрийн гурван наадмаар цэц булаалдаж, Хүүхдийн эрийн гурван наадмыг тусгайлан тэмдэглэж хуран цугласан наадамчдыг цэнгүүлсэн нь үүх түүхээ дээдэлсэн өвөрмөц онцлогийг хол ойрын хүндэт зочдод нээн харуулсан юм. Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг нутаг нутгийн хурдан хүлэг, цэц мэргэн харваачид, улс, аймгийн цолтой хүчит бөхчүүд зорин ирлээ. Хэдийгээр улс бүсийн наадамд цойлсон эрэмгий хурдан хүлгүүд шандас сорьсон ч алтайчууд айраг, түрүүгээ алдсангүй. Нутгийн хүлгүүд, уяач хүүхдүүтэйгээ наадмын асарт цулбуур өргөлөө. Их ойн чансааг харуулсан бас нэг үйл явдал нь дээд гурван насны морьдын уралдаанд эхний 60 морийг цулбуур атгаж байлсан нь нутаг нутгийн уяачдад ойн хишиг хүртээж бай шагналаа арвин тусгажээ. Харин Үндэсний сурын харваанд 380 гаруй харваачид цэц мэргэнээ сорин өрсөлдсөн нь олны анхааралд өнжив.

Хүчит бөхийн барилдаанд улсын цолтой 40 гаруй бөх зодоглосон нь аймаг, сумын ойн ховор тохиол болсныг бөх сонирхогчид өөр зуураа хөөрөлдөж, төв цэнгэлдэхийн торгон ногоон дэвжээ олны хөлд дараатай өнжлөө.Ёстой л Алтай нутгийн наадам газар газрын хүчтэнүүдийн чансааг шалгаж Монгол Улсын аварга О.Хангай, улсын заан Б.Бат-Өлзий, Д.Анар, улсын харцага Б.Цэдэнсодном нар шөвгөрсөн нь улсын наадмаас ч илүү таавар будилуулж, олон хүнийг уулга алдуулж өндөлзүүллээ. Эцэст нь Алтайн нутгийн унаган хүү Монгол Улсын Аварга Оргихын Хангай түрүүлж нутгийн олноо баярлууллаа. 

Дөрвөн өдрийн турш дэлгэр сайхан нутагтаа тухалж дэнж хотойлгосон наадамчин олонд зориулж 400 гаруй монгол гэрийг наадмын талбайд барьж тохижуулсан нь хүн нэг бүрийн тав тухыг хангасан өвөрмөц шийдэл боллоо. Энэ зуур хоёр өдөр зөөлөн бороо шивэрч ган тайлагдсан нь хүн зон наадамчин олны магнайг тэнийлгэсэн юм. Өндөр Их Алтайчууд 100 жилийн ойгоо бүтээн байгуулалт, бүтээл туурвил, хүн зоны хөгжлийн өрнүүн их амжилтаар угтан бахархан нартай хуртай дэнж хотойлгон наадах учрал ерөөлтэй юм.  Ийнхүү их Алтай нутгийнхан ямартай ч бүтэн түүх, бүрэн алдраар нэгдэж дараагийн зуун жилийнхээ шинэ хуудсыг эргүүллээ. Наанаа нэгэн аймгийн зуун жилийн ой гэх боловч агуулга, ач холбогдлыг үнэлж баршгүй нь ирээдүйд улам тодрох биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 8. МЯГМАР ГАРАГ. № 155 (7140)