Д.ДАРАМБАЗАР
НЗДТГ, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд хамтран зохион байгуулж буй “Даншиг наадам-Хүрээ цам 2023" наадам энэ амралтын өдрүүдэд Хүй долоон худагт болж өндөрлөлөө. Хүрээ цамын тухайд түүх сийрүүлбэл, эрт үеэс Хүрээнд нийтийг хамарсан Хүрээ цам, Хүрээ даншиг, Хүрээ майдар гэсэн гурван арга хэмжээг зохион байгуулдаг байжээ. Тус арга хэмжээнд хүрээний иргэдээс гадна газар бүрээс сүсэгтэн олон, сонирхогчид ирж оролцдог байв. Ингээд Монголын Хүрээ цам нь 1811 онд дөрөвдүгээр Богдын тааллаар Хүрээнд анх үүссэн түүхтэй. Үүнээс хойш 1937 он хүртэл тасралтгүй болсон ч их хэлмэгдүүлэлтийн үеэр тасарч, 1999 онд Гандантэгчинлэн хийд яг уламжлалынх нь дагуу дахин сэргээсэн хэмээн Гандантэгчинлэн хийдийн тэргүүн да лам Х.Бямбажав ярьж байсан юм. 2000 гаруй хүний суудалтай Хүй долоон худгийн төв цэнгэлдэхэд Үндэсний дээл хувцсаараа гоёсон монгол туургатан, алс холын Энэтхэг улсаас ирсэн лам нар, гадаад, дотоодын жуулчид цам харайх ёслолыг үзэхээр цуглажээ.
Хүрээ цамын ёслолыг 1999 оноос уламжлал дэг ёсны дагуу сэргээсэн
Наадмын нээлт бямба гарагийн 11:00 цагт болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц нар оролцсон юм. “Даншиг наадам, Хүрээ цам-2023” наадмаар нүүдэлчин монгол түмний өв, соёл, шашны биет болон биет бус нандин уламжлалаа дэлхий дахинд таниулж байгааг Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц нээлтийн үеэр онцолсон юм. Цамыг Энэтхэгийн их бүтээлч Ловонбадамжунай бээр хар зүгийн тэнгэр лус, ад зэтгэрийг догшдын багт цамын хүчээр сөнөөн дараад Бурханы шашны анхны хийд болох Самъяа хийдийг VIII зуунд байгуулж байсан үеэс эхлэлтэй хэмээн үздэг байна. Тэр үеэс эхлэн егүзерүүд бээр догшидын баг, барьц хэрэглэлийг барин цамнаж эхэлсэн бөгөөд энэхүү үйлийг дайсан, зэтгэрийг дарах ялгуусан үйл хэмээн үзэх болжээ.
Харин Монгол оронд XVIII зууны эхээр “Цам харайх ёс” дэлгэрсэн аж. Анхны цамыг Дээрхийн гэгээн IV Богд Жэвзүндамба хутагтын болгоолоор Их Хүрээнд 1811 онд дэглэн гаргасан тул түүнээс хойш “Их хүрээний цам” хэмээн алдаршсан гэдэг. Их хүрээний цамд Эрлэг Номун Хаан Дамжан Чойжил голлодог байсан. Энэхүү цамыг коммунист хэлмэгдүүлэлт хүртэл жил бүр гаргахдаа Их хүрээний хамба номун Жидарын аймгийн Агваанлувсанхайдавын зохиосон “Дансран жамцын гарчам” хэмээх ном увидасын дагуу дэглэж байв. Их хүрээ цам нь хутагт, хувилгаад, лам хувраг, ноёд, түшмэд, сүсэгтэн олны хамгийн ихээр зорьж залбирах шашин номын чухал зан үйлийн нэг болж хөгжиж чадсан юм. Их хүрээ цамд Монгол түмнийг даан болгоогч хүч чадлын эзэн Очирваань бурханы дүр болон уран хошин, инээдэмт Цагаан өвгөний дүрээс гадна улаанбаатарчуудын шүтээн болсон дөрвөн дагшин уулын эзэд болох хангарьд, гахай, нохой, хөх өвгөн нарын дүрүүд гардагаараа ихэд онцлогтой. Бурханы шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог юм. Хүрээ цамын ёслолыг Гандантэгчинлэн хийдийн эрдэмт хуваргууд 1999 оноос уламжлал дэг ёсны дагуу сэргээн туурвисан. Цамын үеэр Очирваань бурхан, уран хошин, инээдмийн дүр бүхий цагаан өвгөн мөн нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох Хангарьд, Гахай, Нохой, Хөх өвгөн бүжин наадна. Шашин соёлын баярт 100 гаруй цамчин оролцож байна. Цам нь хортон дайсан, ад зэтгэрийг догшдын хөдөлгөөнөөр даран сөнөөж буй бэлгэдлийг уран яруу хөдөлгөөнөөр үзүүлдэг онцлогтой.
Д.Сумъяабазар: Монголчууд бид өв соёлоо хадгалж, түгээх нь нэн чухал
Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Өндөр гэгээн Занабазар “Өргөө” нэрээр анх байгуулж байсан Улаанбаатар хот эдүгээ дэлхийн хотуудтай мөр зэрэгцэн өргөжин хөгжиж байна. Бид өв соёлоо хадгалах, түгээн дэлгэрүүлэх нэн тэргүүний үүрэгтэй тул нүүдэлчдийн хот гэдгээ умартах ёсгүй билээ. Тиймээс улсынхаа нийслэлийг олон улсад сурталчлах, өв уламжлал, соёл аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар “Даншиг наадам, Хүрээ цам-2023”-ыг уламжлал болгон зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд БНХАУ-ын ӨМӨЗО, Дээд Монгол, ОХУ-ын Буриад, Тува, Халимагийн эрдэмтэд, хүчтэнүүд, уран бүтээлчид оролцож буйгаараа онцлогтой. Монголчууд бид үүх түүх, өв соёл, үнэт зүйлээ хадгалж, түгээж, өвлөж байх нь нэн чухал. Учир нь дэлхий даяаршиж байгаа энэ цагт монгол хүний онцлог юу вэ, бид юугаараа өөр вэ гэдгийг үүгээр тодорхойлно. Тэр утгаараа монголчуудын эзэн Чингис хааны үед ч, бага хаадын үед ч, өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн Даншиг наадмыг шашин, соёлын том ёслол болох хүрээ цамтай хослуулан өдгөө долоо дахь жилдээ зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл, уламжлал шинэчлэлийг хослуулдаг нь энэ наадмын онцлог юм.
Энэ жилийн хувьд нэлээн өргөн цар хүрээтэй болж байна. “Нүүдэлчдийн нийслэл” уриан дор хилийн чанадаас эрдэмтэд, уран бүтээлч, бөхчүүд, харваачид ирсэн. Мөн Халимагийн нэрт туульч, дуучин О.Цагаанзам тэргүүтэй уран бүтээлчид хүрэлцэн ирлээ. Тэгэхээр өв соёл, уламжлал, түүхийг сурталчлах, түгээх, таниулах чухал арга хэмжээ гэж харж байна. Мөн Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. “Монголчуудын өв соёлын 2023” ч үүнтэй уялдаж байна. Өөрийн гэсэн онцлогтой, үзэх зүйлтэй арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулна гэдэг жуулчдыг татах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжихэд чухал ач холбогдолтой юм. Энэ утгаараа Буриад, Өвөрмонгол, Халимаг, Тува, Дээд Монголоос зочид, төлөөлөгчид, уран бүтээлчид, эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирсэн байна. Бөхийн барилдаан гэхэд л гурван төрлөөр болно. Хөтөлбөрийн хувьд шашин, соёл, уламжлалын өвөрмөц онцлогийг харуулсан тоглолт, уралдаан, гэрэл зургийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал зэрэг олон төрлийн арга хэмжээ болж байгаа” хэмээн ярьсан юм.
“Цам харайх ёслол нь барцад муу зүйлийг дарах тустай”
Цам харайж байгаа нь лам нар эхлээд бурхан, ном, хуварга гуравт аврал олуулж, бясалгал бүтээлийг нь хийдэг зан үйл ажээ. Муу сэтгэлийг засах, барцадыг дарах ч гэдэг юм уу. Гадны саадаас хамгаалах шалтгаан болж байна гэсэн үг. Гэнэтийн барцадгүй, өөрийн зүгээс хорлолгүй, зөв явдал мөрөөр явах тал дээр анхаарах хэрэгтэй гэсэн үг. Жаргал, зовлон гэгч бидний өөрсдийн хийж буй үйлээс хамаарч байгаа болохоор хар буруу сэтгэлийг тэвчих, зөв сэтгэлийг дадуулах тал дээр суралцах зүйл хэмээн шашны зүгээс тайлбарласан байдаг.
Энэ тухай Наро Банчэн гэгээнтэн "Даншиг гэдэг нь бат оршил гэсэн утгатай. Богд хаанд болон дээдэст бат оршил өргөж байгаа юм. Бат оршил гэдэг нь зүгээр нэг баясаж, цэнгээд байгаа хэрэг биш. Нийтээрээ эв нэгдэлтэйгээр буян хурааж, хүн бүр сайхан сэтгэл тээх талаар суралцвал энэхүү бат оршилд ирсэн хэрэг гарч байна гэсэн үг. Энэхүү цам харайх ёслол нь гаднын барцад муу зүйлийг дарахад их тустай. Хүн гадна талаас барцадгүй байхаар гаднын нөлөөнд бага автаж, өөрийн зүгээс бусдад хорлолгүй явах болно. Мөн наадам гэхээс илүү буян хураах арга зам юм. Учир нь өндөр гэгээн дээдэс бат оршоод шашин, амьтны тусыг ихээр үйлдээч гэсэн хүсэлт тавьж байгаа агуулга бий.
Яагаад дээдэс болж байгаа юм бэ гэхээр хамаг амьтан жаргалтай байгаасай, бүү зовоосой, хамаг амьтныг зовлонгоос нь салгахын тухайд гэсэн бодь сэтгэлийн үүднээс оюун ухаан, сэтгэл зүйг хөгжүүлээд ганц хүүгээ хайрлаж байгаа эх хүн шиг сэтгэлээр бүгдийг энэрч, нигүүлсэх тийм агуу сэтгэлтэй болохоор тэр бодь галыг эрхэм дээдэс гэж нэрлэж байгаа юм. Энд ирээд муу сэтгэлээ засаж, зөв сайхан сэтгэлтэй болъё гэх бодол төрж л байх юм бол энэ нь Даншиг наадамд ирсний хэрэг бүтлээ гэсэн үг. Буян хураах долоон арга зам байдаг. Буян хураах, нүгэл хилэнцийг арилгах. Тэр дотор “Бат оршил” өргөх нь нэг арга зам юм.
Бурхан багш "Жаргал, зовлон гэдэг хэн нэгэн хүн эсвэл бурхан бүтээж байгаа зүйл биш өөрийн үйлдэж байгаа сайн муу үйлийн үр юм" гэсэн байдаг. Тиймээс нийгэмд тулгамдаад буй асуудлуудыг зохицуулахын тулд энэхүү гүн утгатай нигүүлсэнгүй сэтгэлийн номлолыг түмэн олонд түгээх ёстой. Мөн тухайн соёлоор дамжаад аялал жуулчлал хөгжиж байна. Ялангуяа Монгол туургатан болон гаднын жуулчид их ирсэн байна" хэмээн тайлбарласан билээ.
Цам харайх бүжгийн төгсгөлд сор залав
Цам харайх бүжгийн төгсгөлд сор залах ёслолыг үйлдэв. Сор залах ёслол нь тохиож болох бүх гай барцдыг арилгах бэлгэдэлтэй шашны зан үйл юм. Сүсэгтэн олон өвчин зовлон, барцад гай зэргийг зайлуулахыг хүссэн зүйлээ цаасан дээр бичиж галд шатаах буюу тусгайлан бэлдэж гартаа атгасан балин хэмээх нэгэн зүйл домын хэрэгслийг галд өргөнө. Ингэснээр муу муухай бүхэн ариусдаг хэмээн үздэг юм.
Манай оронд “Цам харайх ёс” XVIII зууны эхээр дэлгэрч, анхны цамыг Дээрхийн гэгээн IV Богд Жавзандамба хутагт Их хүрээнд 1811 онд болгоосноос хойш “Их хүрээний цам” хэмээн алдаршжээ. Цам цамнахдаа гар, хөл, биеийн олон хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэхийн зэрэгцээ хортон дайсан ад зэтгэрийг догшдын хөдөлгөөнөөр даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг үзүүлдэг байна.
“Шашны зан үйлийг хайрлан хамгаалж байгаад баяртай байна”
Даншиг наадмыг үзэж сонирхохоор гурван мянга гаруй зочид иржээ. Тэдгээр хүмүүсийн дотор Энэтхэгээс ирсэн лам нар хүртэл байсан юм. Тэрбээр "Энэтхэгийн шар гандангаас "Монголын Даншиг наадам, Хүрээ цам-2023”-ыг үзэхээр зорьж ирлээ. Монголд ирээд 10 хонож байна. Шашны талаасаа үнэхээр сайхан буйг онцолъё. Монголчууд шашны зан үйлийг ийнхүү хайрлан хамгаалж байгаад би баяртай байна. Энэхүү ариун зан үйлийг сүсэгтэн олон минь заавал үзээрэй" хэмээн ярьсан юм.
“Нүүдэлчдийн нийслэл” эрдэм шинжилгээний хуралд 100 гаруй эрдэмтэн оролцов
Монголчуудын өв соёлын "Даншиг наадам, Хүрээ цам 2023”-ын хүрээнд “Нүүдэлчдийн нийслэл” эрдэм шинжилгээний хурлыг наадмын үеэр зохион байгууллаа. Монгол туургатны эрдэмтэн судлаач, түүхчдийн өргөөнд хоёр өдөр үргэлжлэх энэ хуралд 10 улсын угсаатны зүй, түүх, соёл судлал, шашин судлал, соёлын антропологи, археологийн 100 гаруй эрдэмтэн судлаач оролцож байна.
Энэ жилийн наадмыг “City of Nomads” уриан дор явуулж байгаа. Аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон, жуулчдад шашин соёлыг таниулах, улмаар тусгай сонирхлын аяллын төрлөөр хөгжүүлэх, эрдэмтэн судлаачдыг оролцуулж, хил хязгааргүй оюуны дэд бүтэц үүсгэх, “Нүүдэлчдийн нийслэл” агуулгыг судалгааны үүднээс үнэлэн дүгнэж, цаашдын чиглэлийг тодорхойлох юм.
Тус хуралд ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн доктор О.Батсайхан “Монголын буддын шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтын институци ба Бат оршил өргөх ёслол”, доктор, профессор С.Дулам “Хүрээ дөрвөн уулын тахилга”, МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн багш, доктор Ж.Лхагвадэмчиг “Монгол түмний шашин соёлын бат оршил”, Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, буддын гүн ухааны гэвш Н.Амгалан “Их хүрээ цамын үүсэл гарвалийг нэхэн судлах нь”, Өвөр Монголын Радио Телевизийн Хорооны Олон улсын мэдээлэл харилцааны төвийн сэтгүүлч З.Үсэгбуян “Өвөр Монголын зангиат бөх ба баяр наадам” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Хэлэлцүүлгийн талаар ӨМӨЗО-ы Радио телевизийн хорооны сэтгүүлч З.Үсэгбуян “Хөдөө өссөн хүүхдүүд адуу, малтайгаа ноцолдож өсдөг. Тэр ч утгаараа би Өвөрмонгол бөхийнхөө талаар уншиж судалсан, мэдлэгээ хуваалцахаар ирсэн. Хүмүүс Өвөрмонгол бөхийг зангиа цацагтай барилддаг болохоор зангиат бөх гэж буруу боддог л доо. Зангиа цацагтай бөх ширэн зодогтой байдгаараа онцлог. Мөн зангиа цацаг нь шашны буюу өнгийн болон хүчний бэлгэдлийг агуулдаг. Нөгөөтэйгүүр дээд хэмжээний амжилт үзүүлсэн бөхчүүдэд зангиа олгодог.
Сүүлийн жилүүдэд наадам олон болж, дүрэм өөрчлөгдөн зангиатай бөхчүүд их болжээ. 1990 оны үед 256 бөх барилдлаа гэхэд хоёр нь л зангиатай байх жишээний их ховор байсан. Наадмын талбайд зангиатай бөх унавал хүмүүс ихэд гайхдаг байв” гэлээ. Наадмын хүрээнд шашин, соёл, уламжлалын өвөрмөц онцлогийг харуулсан тоглолт, уралдаан, гэрэл зургийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал зэрэг олон төрлийн арга хэмжээ болсон юм.
Хуралдаан мөн хоёр өдөр үргэлжилсэн бөгөөд сүүлийн өдрийн хэлэлцүүлгийг хийсэн ХААИС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Лхагвадорж “Энэ жилийн Даншиг наадам их өвөрмөц болж байна. Учир нь дэлхийн Монголчуудын наадмын онцлогийг харуулах эрдэм шинжилгээний хурал болж байна. Би Хөх нуур мужийн монголчуудын баяр наадмын тухай дөхөм өгүүлэх нь сэдвээр илтгэл тавилаа.
Энэ нь манай монголчуудын мэдэхээр Дээд монголчууд юм. Хятад улсдаа Хөх нуурын монголчууд гэж нэрлэдэг. Дээд монголчууд гэж нэрийддэг учир нь өндөрлөг газарт амьдардаг бөгөөд тэд баруун Монголын үр хойч юм. 1949 онд Хятадын Коммунист нам засгийн эрхэнд гарсан болон, соёлын хувьсгал өнгөрсний дараа анхны наадмыг зохион байгуулжээ. Одоог хүртэл Дээд Монголын нэгдсэн баяр наадам гэж байхгүй.
Гэхдээ уг газарт олон тооны монголчууд тархан суурьшдаг бөгөөд тус тусын бэсрэг наадмыг зохион байгуулдаг. Эдгээр наадмаас Хайши жөүгийн Монголчуудын анхдугаар удаагийн наадам олонд танигджээ. Энэ наадмын хүрээ, зохион байгуулалт, давтамж зэргээс нь харахад Хөх нуур мужийн монголчуудын баяр наадам гэж үзэж болохоор байна. Учир нь 1988 онд Хайши жөүгийн анхдугаар удаагийн наадам гэх боловч Хайби жөү, Нан шиан, Ганьсу мужийн Сүбэй шианаас төлөөлөгчид оролцсон байдаг. Манай Үндэсний их наадамтай харьцуулбал биеийн тамирын тэмцээн их болдог. Мөн бөхчүүдэд цол олгодоггүй. Тус наадамд тогтмол хугацаа байхгүй бөгөөд 1988 оноос хойш найман удаа л зохион байгуулсан” гэлээ.
Нийтийн бие засах газарт дугаарлалт байсангүй
Өнгөрсөн жилүүдийн Хүрээ цамд 1.500-2.500 гаруй жуулчин оролцдог байжээ. Харин энэ жилийн наадамд 3.000 давсан зочид төлөөлөгчид ирснийг Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ. Олон хүн цугларч буй энэ үед нийтийн бие засах газар, хогийн сав хамгийн том асуудал болдог билээ. Тэгвэл энэ жилийн наадамд зочид өргөн оролцоно хэмээн төлөвлөсөн учир монгол наадмын 20, хот тохижилтын газрын эко 30, нийт 50 нийтийн бие засах газрыг байрлуулсан хэмээн зохион байгуулагчдаас мэдээлэв. Тиймээс нийтийн бие засах газарт наадамчин олон урт дугаарлалгүй үйлчлүүлж байлаа. Мөн 50 метр тутамд хогийн сав байршуулжээ. Жил бүрийн баяр наадмын үеэр хог, нийтийн бие засах газрын асуудал яригддаг. Харин энэ жилийн "Даншиг наадам, Хүрээ цам-2023" наадам хоггүй цэвэрхэн болж байгаад наадамчин олон сэтгэл хангалуун байв.
20 гаруй уран бүтээлч оролцов
Наадамд Буриад, ӨМӨЗО, Халимаг, Тува, Дээд Монголын 20 гаруй уран бүтээлч урилгаар оролцож байна. Тухайлбал, бидний сайн мэдэх Халимагийн алдарт туульч, дуучин О.Цагаанзам, Буриадын реппер Сарюна, Alihan DZE, ӨМӨЗО-ы дуучин Танан, Ойрадын Ансамбль Калмыкияу нарын уран бүтээлчид ая дуугаа өргөж байна. Нүүдэлчдийн нийслэл ямар дуу хөгжимтэй, уламжлалт дуу хуураа орчин үеийн хөгжмийн урсгалтай хэрхэн хослуулан хөгжүүлж байгааг илэрхийлэх шоу тоглолт зохион байгуулж байгаа юм. Мөн нийслэлийн есөн дүүрэг тус бүрээс соёлын 30 өвлөн уламжлагч, уран бүтээлч, ардын авьяастан оролцсон баг өөрсдийн гэрт байрлаж, иргэд, жуулчдад үзүүлбэр, тоглолтоо толилуулав.
Даншиг наадмын талбайд түргэн тусламжийн таван баг ажиллав
Наадмын үеэр иргэд, наадамчин олныг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тэдний аюулгүй байдлыг хангах, мөн тохижилт, үйлчилгээний чиглэлд авч буй арга хэмжээний талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.
Түргэн тусламжийн тухай Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дарга С.Ариунболд мэдээлэл авахад “Даншиг наадмын үеэр Нийслэлийн Түргэн тусламжийн төвөөс таван баг буюу 12 хүн хоёр өдрийн турш 24 цагаар байрлан ажиллаж байна. Хурдан морины унаач хүүхдүүд, наадамчид, иргэд, жуулчид, уран бүтээлчдийг болзошгүй эрсдэл, осол аваараас урьдчилан сэргийлж, эм тариа, эмнэлгийн хэрэгсэл, халдвар ариутгалын бодисын нөөцийг бүрдүүлсэн. Хурдан морины уралдаанаар нэг хүүхэд мориноос унасан, азаар ямар нэгэн бэртэл аваагүй.
Мөн иргэд, наадамчдаас 40 орчим дуудлага, мэдээлэл ирсэн. Үүнээс иргэд хувиараа морь унаж байгаад хөлөө гишгүүлэх гэх мэт зөөлөн эдийн гэмтэл авсан тухай гурван дуудлага ирсэн. Бусад нь даралт ихсэх, зүрх судасны өвчлөлийн дуудлага байна. Эдгээрийн дунд онц ноцтой, гэмтэл, хугарлын шинжтэй дуудлагууд байхгүй гэсэн юм. Харин хог хаягдлын талаар УБЗАА-ны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн хяналтын ажилтан В.Мягмардолжин тодруулахад “Сонгинохайрхан дүүрэгтэй гэрээтэй ажилладаг ТЦҮ ОНӨААТҮГ-ын зам, талбайн 20 үйлчлэгч, мөн жолооч, ачигч гээд 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хог тээврийн дөрвөн машинтайгаар ажиллаж байна.
Түүнчлэн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дөрвөн үйлчлэгч, усны хоёр, бохирын нэг машинтайгаар буюу нийт 45 хүн ажиллаж байгаа. Мөн тус байгууллагын 13 био жорлон байгаа. Бид хог хаягдлыг цуглуулах, ачиж тээвэрлэх, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийх, жорлонгийн бохирыг соруулах, зөөх зэрэг ажлыг гүйцэтгэж байна” гэсэн юм.
Замын хөдөлгөөний талаар ТЦА-ны Замын цагдаагийн газрын Замын хөдөлгөөний бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Сүхбат “Монголчуудын өв соёлын Даншиг наадам, Хүрээ цам-2023” болж байгаатай холбоотойгоор Улаанбаатар хотоос Хүй долоо худгийг зорих хөдөлгөөн, мөн тус газар дахь явган зорчигчдын тоо ч нэмэгдсэн. Иймээс замын цагдаагийн алба хаагчид иргэдийн аюулгүй байдал, хөдөлгөөний ачааллыг зохицуулах чиглэлээр ажиллаж байна.
Одоогоор ямар нэгэн ноцтой зөрчил гараагүй. Наадамчид хийгээд сүсэгтэн олонд аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцож, хүүхдүүдийг хараа хяналтгүй орхихгүй, хөдөлгөөнд оролцуулахгүй, заавал харгалзах хүнтэй болон гараас нь хөтөлж замын хөдөлгөөнд оролцуулахыг зөвлөж байна. Хэн хэндээ хүндэтгэлтэй, соёлтой хөдөлгөөнд оролцсоноор зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, цаашлаад иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирохгүй байх боломжтой” гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 8. МЯГМАР ГАРАГ. № 155 (7140)