Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч, дуурийн дуучин Э.Анхбаяр Италийн “Романо” задгай театрт “Кармен” дуурьт дуулжээ. Түүний тухай мэдээллийг хүргэе.

Кармен ба Хозе 

 

Соёлын элч, дуурийн дуучин Э.Анхбаяр анх удаа дуурийн эх орон Итали улсын "Романо" задгай театрын тайзнаа "Кармен" дуурьт дуулсан  тухайгаа мэдэгдлээ. Ж.Бизегийн нэрийн хуудас болсон дөрвөн бүлэг, дөрвөн үзэгдэлт “Кармен” дуурийг Монголын тайзнаа анх 1984 онд тоглосон байдаг. Тухайн үед дуурийн удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх, найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган нар ажиллажээ. Тэр цагаас хойш Монголын үе үеийн дуурийн дуучид гайхамшигт Кармен болон дурлалт залуу Хозег өөрийн авьяас билэг, торгон мэдрэмжээрээ амьдруулсаар өнөөдрийг хүрсэн түүхтэй. Тэгвэл сонгодог урлагийн өлгий болсон Итали хотод ийнхүү монгол хүн “Кармен” дуурьт дуулсан нь бахархууштай юм. Энэхүү дуурьт халуун цуст испани бүсгүй Кармен болон түүний дурлалт залуу Хозе нарын хайр дурлалын ээдрээт түүхийн тухай өгүүлдэг.  Дуучин Э.Анхбаяр 2012 оноос УДБЭТ-ын гоцлол дуучнаар ажиллаж байгаад 2019 онд Улсын Филармонид харъяалагдах болжээ. Тэрбээр 2019 онд “Монгол Улсын соёлын элч” болж байв.

 

“Чингис хаан” дуурийн Боорчи

 

Э.Анхбаяр УДБЭТ-т ажиллаж байх хугацаандаа Ж.Вердийн “Травиата” дуурийн Жермон, Ж.Пуччинийн “Богема”дуурийн Марчелло, П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Онегин, Ж.Бизегийн "Кармен" дуурийн Эскамильо, Данкайро, В.А.Моцартын "Дон Жуан" дуурийн Дон Жуан, П.И.Чайковскийн “Гилбэрийн хатан” дуурийн Елецкий зэрэг дэлхийн сонгодог бүтээлүүдэд дуулж байсан юм. Харин Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, Б.Шаравын “Чингис хаан” дуурийн Боорчи зэрэг Монголын сор болсон бүтээлүүдийн гол болон туслах дүрд ажиллаж байжээ. Үүнээс гадна олон улсын дуучидтай хамтарсан тоглолтод амжилттай оролцож, ОХУ-ын алдартай театруудад бие даасан тоглолтоо толилуулж байсан авьяастай, туршлагатай дуучин билээ.

 

Дэлхийн дуучин

 

Э.Анхбаяр 2018 онд Оросын алдарт хөгжмийн зохиолч Н.А.Римский-Корсаковын нэрэмжит 11 дэх удаагийн олон улсын дуурийн дуулаачдын Б зэрэглэлийн уралдаанд дуурь болон романс гэсэн хоёр төрөлд өрсөлдөж тэргүүн байранд шалгарч байв. Тус тэмцээнд 20 гаруй орны 270 орчим мэргэжлийн дуучин хүч сорьсон байдаг. Харин Э.Анхбаяр хөгжмийн зохиолч Б.Шаравын "Монголын тал нутаг" дуугаар оролцож гранпри шагналыг нь хүртэж байсан юм. Тэрбээр эх орондоо ирээд “Олон улсын Б зэрэглэл буюу дэлхийн аваргын тэмцээнд оролцож хоёр төрөлд алтан медаль хүртсэндээ баяртай байна. Романсын төрөлд дуулсан “Монголын тал нутаг” дууг өмнө нь Г.Ариунбаатар Английн тайзнаа дуулж байсан.Үүнээс харахад дэлхий Монголын сонгодог урлаг, дуучдыг ихээхэн сонирхох болжээ” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 7. ДАВАА ГАРАГ. № 154 (7139)